
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас хүүхдүүддээ идшийг нь хүргэж ирсэн малчин Ц.Агваанхандтай хуучиллаа. Тэрбээр хүүхдүүдээ санахаараа хот орж ирдэг хэмээн ярив. Эр хүн болохоор санасан сэтгэлээ тэр бүр ил гаргаж чаддаггүй гэж санаа алдсан юм.
Ц.Агваанханд гуай малын буянгаар хэдэн хүүхдээ боловсролтой болгож чаджээ. Харин малын арьс, шир, ноос, ноолуурын үнэ ханш хямд байгаад сэтгэл дундуур явдгаа онцлов. Идэшний үеэр гарсан 10 гаруй ширнээс ердөө хоёрыг нь л сур, хөхүүр хийхээр авч үлдэж, үлдсэнийг нь хол жалганд аваачин хаяхаас өөр аргагүй болсон тухайгаа ярив.
Түүнчлэн малчид эмч, эмнэлгийн тусламжийг тогтмол авч чаддаггүй бөгөөд саяхан мал тооллогын үеэр эмч ирж ганц удаа үзлэг хийсэн тухайгаа дурдлаа.
-Мал бүрэн, сүрэг мэнд сайхан өвөлжиж байна уу? Та ганцаараа хотод ирэв үү?
-Ганцаараа ирээд гурав хонож байна. Эхнэр гэрээ сахиад үлдсэн.
-Хань нь юу захив даа?
-Эхнэр маань шоколаданд л хамгийн дуртай. Тэрийг нь аваачиж өгдөг, тэгээд л боллоо доо. Хүүхдүүддээ мэдээж хэрэгцээтэй, тэднийг баярлуулах зүйлс авна. Энэ удаад яг хүүхдүүдээ баярлуулах зорилгоор ирээд байна. Ёолкны тоглоом, идэш уушийг нь авч өгөх гэж ирлээ.

-Та ер нь хот руу хэр олон ирдэг вэ?
-Ховорхон шүү дээ. Идэш хоолны үеэр л орж ирэх юм. Уг нь би Төв аймгийн Сэргэлэн сумын хүн л дээ. Харин сүүлийн долоон жил Дорнодын Хөлөнбуйрт амьдарч байна.
-Малчин та бүхэнд ямар асуудал нэн тэргүүнд тулгамдаж байна?
-Арьс, нэхий л үнэгүйдэж хог дээр гарч байна даа. Арьс шир гэж хэнд ч хүргэхгүй, үнэд орохгүй тийм балай л боллоо. Даанч үнэд орохгүй тэнгэргүй юм.

-Энэ өвлийн идэшнээс гарсан арьс, ширээ яасан бэ? Худалдаж чадаагүй юу?
-Зөндөө нь хаягдсан шүү дээ. Хаяхаас яах юм. Хонь, үхрийн бүх арьсыг хаясан. Хээр аваачаад л хаяхаас завгүй. Ядаж нэг 300–400 төгрөг ч байхгүй. Байдаг бол цуглуулж байгаад өгөх юмсан. Бид нар нийлээд л 10 гаруй үхрийн, 30 гаруй хонины нэхий жалганд аваачиж хаясан.
Ямааны арьс 50 мянга гэсэн ч зарим газар нь 20–30 мянгаар л авах гээд байна. Үхрийн шир бол энэ жил бараг байхгүй, үнэгүй гэсэн үг.

-Өөрсдөө боловсруулаад сур эдлэл хийх боломжгүй юу?
-Тэрийг чинь авч үлдээд нэг, хоёрыг л хийнэ. Бусдыг яах юм. Тэр чинь хатаад, өмхийрөөд л дуусна шүү дээ. Тэр болгоныг хийж чадахгүй.
-Малчид ер нь эрүүл мэндийн үзлэгт хэр орж байна? Та хамгийн сүүлд хэзээ үзүүлсэн бэ?
-Тэр ч ер нь тааруухан шүү дээ. Тэгээд л бүдүүлгээр явсаар байгаад л дуусах юм чинь. Саяхан мал тооллогын үеэр л нэг эмчид үзүүлэх шив дээ.
– Ярилцсанд баярлалаа.






