
Дэлхийн аварга Ц.Ананд: Сахилгагүй хүүхдээ суулгаж сургая гэвэл шатартай нөхөрлүүлээрэй
Хүн төрөлхтний түүхэнд шатрыг сонирхон тоглож хүмүүжил төлөвшлийн сайхныг мэдэрсэн хүмүүсийн жишээ олон байдаг байна.
Агуу тоглогч, жинхэнэ шатарчин хүний шинж төрх нь:
- Яруу тод авьяас
- Даруу зан төрх
- Хурц мэргэн авхаалж
- Уян зөөлөн ааш зэрэг төлөвшлийг агуулсан байдаг хэмээн эртний нэрт шатарчид үздэг байжээ. Ийм учраас хүүхдийг багаас нь шатарт сургах нь хүмүүжил, төлөвшлийн нэн их ач холбогдолтой юм.
Тэгвэл “Өрөг.mn” сайтын зүгээс шатрын Ази болон Дэлхийн аварга, 2025 оны насанд хүрэгчдийн ангилалд рапид, блицийн аварга Ц.Анандтай уулзаж дараах зөвлөгөө мэдээллийг эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт зориулан бэлтгэлээ.

-Сайн байна уу? Шатрын спортоор хүүхдээ хичээллүүлэх ямар ашиг тустай вэ?
-Сайн байна уу. Нэг газраа удаан тогтвортой суудаггүй, сахилгагүй хүүхэд байвал шатрын спортоор хичээллүүлэхийг зөвлөж байна. Шатар тоглосноор хүүхдийн анхаарал төвлөрөл нь сайжраад, аливаа зүйлийн гаргалгааг олоод бас сууж сурдаг.
-Тэгэхээр шатар нь аливаа зүйлийг олон талаас нь харж чаддаг, мөн шийдвэрээ удаан бодсоны эцэст оновчтой гаргадаг байхнээ?
-Шатар бол спорт, шинжлэх ухаан, урлаг гурвын зохицол гэж багш маань ярьдаг. Иймээс шатар тоглож сурснаар аливаа зүйлийг олон талаас нь харах чадвар, төсөөлөн бодох чадвар маш сайн хөгждөг. Бас яг эцсийн шийдвэрээ маш оновчтой гаргахад тусалдаг юм.
-Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхэд багачуудаа яг өөрийнх нь сонирхсон спортын төрлөөр хичээллүүлэх, хамгийн гол нь тусалж, дэмжихэд хэрхэн анхаарлаа хандуулах ёстой вэ?
-Хүүхэд бүр спортын ямар нэгэн төрлөөр хичээллэх, дугуйланд явах сонирхолтой байдаг байх. Иймээс эцэг, эхчүүд та бүхэн сонирхолтой байгаа төрлөөр нь хүүхдүүдээ дэмжиж, хичээллүүлэхийг зөвлөж байна. Тэгэхдээ шатрын дугуйланд явуулаарай.


-Хүүхэд бүр тамирчин болох албагүй. Харин спортоор дамжуулан хүмүүжил төлөвшлөө олж авдаг хэмээн мэргэжлийн багш, дасгалжуулагч нар ярилцдаг. Тэгэхээр Ц.Анандын хувьд энэ тал дээр хэрхэн зөвлөх вэ?
-Хамгийн гол нь тууштай байх нь маш чухал. Спортын давуу тал нь гэвэл байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээлбэл 7 хоног яваад л, 7 хоног бэлтгэлдээ ирэхгүй байвал өмнөх үзсэн хичээлээ мартчихдаг. Бэлтгэл дээрээ үзэж, багшаар заалгаснаа байнгын тууштай баталгаажуулаад явах шаардлагатай.
Та бүхэн сонирхолтой байвал шатар тоглож болно шүү. Шатар тоглосноор сууж сурна, юмны гаргалгааг олж сурна. Тэгэхдээ анхнаасаа л зөв сурах л хэрэгтэй. Анхнаасаа зөв сурахгүй бол дараа нь буруу сураад, өөрт нь дасчихсан болохоор нэмээд сурахад их хэцүү.


-Сүүлийн үед хүүхдүүд гэртээ цахим хэрэглээ нь маш их өссөн. Тиймээс ямар нэгэн спортоор сонирхон хичээллэвэл үр дүнгээ эерэгээр өгөхнээ?
-Гэртээ утсаар тоглож, цахим хэрэглээгээ нэмэгдүүлэхийн оронд өөрийнх нь дуртай спортоор хичээллүүлж, тэднийг дэмжээрэй эцэг, эхчүүд ээ. Та бүхэн хүүхэд багачуудаа дэмжиж, байнга тусалж бэлтгэлдээ явахад нь зааж чиглүүлж өгч байгаарай.
Та нар өөрсдөө хичээвэл үр дүнд хүрч чадна. Та бүхэн тууштай байгаарай.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






