
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2025.10.07/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Харин тус хуралдаанд сайд нар ирээгүйд гишүүд, бусад сайд бухимдаж, шүүмжилсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Очирбат “Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороогоор эдийн засгийн асуудал ярьж байхад бүх сайд нар нь гараад хэвлэлийн хурал ээлж дараагаараа хийж байдаг ийм түүхэн цаг хугацааг энд сууж байгаа төрийн албан хаагч нартайгаа нүдээрээ үзлээ, харлаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нар энд суучихсан, бид ажлаа эрэмбэлээд, үүнийг хийвэл үр дүнд хүрнэ гэдгээ танилцуулаад, иргэдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдэд ойлгуулаад явж байх ёстой. Гэтэл ямар ч бодлого байхгүй. Улс орноо урагшлуулъя гэсэн сэтгэл байхгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.






