
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах үндэслэлээ тайлбарлалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан ард түмний элч, дээрээс нь иргэн, улсын ашиг сонирхлыг баримтална гэж УИХ-ын гишүүд бид тангараг өргөж, үүрэг хүлээсэн.
Энэхүү өргөсөн тангаргийн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, ард иргэдийг төөрөгдүүлэн, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа ноён Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах асуудлыг хөндөж тавих гэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газар 100 хоногт юу амжуулсан бэ гэдэг талаар мэдээллийг өгсөн. Энэ мэдээлэл дээрээс эхлээд л ер нь олон нийт мөн анхаарал хандуулж эхэлсэн байх.
Энэхүү тайлан дунд “Эмэгтэй 3×3 сагсан бөмбөгийн баг маань АНУ болон маш олон хүчирхэг орнуудын багийг хожиж дэлхийн аварга болсон. Шатар, бокс, математик, MongolZ дэлхийн аварга боллоо. Энэ бол Засгийн газрын хийсэн агуу ажлын нэг байлаа” гэсэн мэдэгдэл хийж олон нийтийг бухимдуулахаас өөр зүйл болсонгүй гэдгийг хэвлэл мэдээллээр ч гэсэн олон нийтийн сүлжээгээр ч гэсэн шүүмжлээд байгаа юм.
Нөхцөл байдлыг бид дүгнэж үзсэн. Ялангуяа улс орны эдийн засгийн талаар өгч байгаа макро түвшний тоонууд нь бүгд худал. Би үүнийг баримттайгаар та бүгдэд хэлье.
Хүн албан тушаал эрх мэдэлтэйгээ үлдэх сонирхолтой ч байдаг юм уу. Үүндээ улайрч болно. Гэхдээ олон нийтийг төөрөгдүүлж, худал мэдээллээр хангаж болохгүй гэдэг зүйлийг би зарчмын хувьд ярих гэж байна.
2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд Аудитын ерөнхий газраас өгсөн дүгнэлт байгаа. Та хэд parliament.mn сайтаар ороод харж болно. Энэ дүгнэлт дээр төлбөрийн тэнцэл 462,4 сая ам.доллар, урсгал данс 1 тэрбум 662,1 сая ам.доллароор алдагдалтай. Шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж 40,6%-аар буурсан үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэл үүсэхээр байна гэж Аудитын ерөнхий газрын дүгнэлтэд бий.
Ерөнхий сайд “Валютын нөөц Монгол банкнаас өгч байгаа мэдээллээр 5,7 тэрбум долларт хүрлээ, бараг 6 тэрбум долларт хүрэх гэж байна” гэж мэдэгдээд байгаа юм. Үнэндээ энэ тоонуудыг яаж эвлүүлж ингэж олон нийтэд хандаж цацаад байна гэхээр гадаадаас босгож ирсэн төлөгдөх ёстой бондууд болон арилжааны банкнууд дахь валютын нөөцийн нийлбэрүүдийг нийлүүлээд энэ дүнг хэлж байгаа юм.
Экспортын гол орлого огцом унаж, валютын цэвэр нөөц хэдийнээ хасах дүн рүүгээ орсон. Тийм ч учраас “Нэг тэрбум долларын оффтейк гэрээг Эрдэнэс Таван Толгойг түшиглэж дахин байгуулна. Ингэж байж гадаад өр болон ханшийн эрсдэлээ алдахгүй байдалд хүргэнэ” гэдэг зүйлийг ярьж байгаа юм.
Нэг тэрбум долларын оффтейк гэрээний асуудлыг улсын төсөв дагуулаад ороод ирчихсэн. Үндсэндээ өмнөх нууцалсан оптек гэрээнүүдийн асуудлаа шийдэж чадаагүй, балаг нь арилаагүй байхад дахиад оптек гэрээ зурна гээд орж ирж байгаа юм.
Хоёрдугаарт: Эрдэнэс Таван Толгой компанийн худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт орсон. Үүнийг Чалкогоос зээл авахаар сэдэж байна.
Өмнөх оптек гэрээнүүдийг би түрүүн дурдлаа. Хэд, хэдэн нууцад байгаа энэ бүгдийг ил гаргаж ярих цаг нь болсон.
Эдийн засгийн өсөлт 5,6%-тай, үүнээс 3,6% нь Хөдөө Аж Ахуйн салбарт бүрдүүлсэн. Үүнийг Үндэсний статистикийн газраас мэдээлж байгаа, аудитын байгууллагаас ч дүгнэж байгаа юм. Гэхдээ өсөлт нь ерөөсөө өмнөх жилүүдэд болсон зудад алдсан малуудыг эдийн засгийн алдагдалд тооцохгүй байж, жилд шинээр төл авч байгаа зүйлүүдийг ХАА-н салбар дахь баялаг юм гэж бүртгэж байгаад ийм зохиомол тоог гаргаж ирээд байгаа юм
Эдийн засгийн өсөлтийг 2%-аар тэлсэн гэж мэдэгдээд байгаа. Үүнд уул уурхайн салбар ерөөсөө нэгхэн хувь өссөн. Өнөөдөр уул уурхайн эдийн засагтай орны хувьд салбар дээрх эрсдэл гэдэг Монгол Улсын цаашдаа дампуурлын ирмэгт хүрэх хүртэл эрсдэлийг дуудаж болох ноцтой нөхцөл байдал үүсчхээд байгааг худал мэдээллээр төөрөгдүүлээд байгаа юм.
Өнөөдөр эдийн засаг ийм байсаар байхад яг төсвийн хуулийг өргөн барьж байгаатай зэрэгцүүлж олон нийтэд дандаа худал мэдээлэл өгч байгаа нь цаашдаа бид нар яг бодит шийдвэрийг гаргах ямар ч боломжгүй болж хувиргаж байгаа асуудал байна
Г.Занданшатар өмнөх Засгийн газрын хийсэн зүйлийг өөр дээрээ наагаад явж байгаа
Төсвийн хөрөнгө оруулах санхүүжилт, тендерүүд бүгд зогссон.
Миний тандаж авсан мэдээллээр төрийн сангийн данс улайчихсан байгаа юм байна лээ.
Цалин тэтгэврээ тавьж чадах эсэх дээр ер нь жоохон эргэлзээтэй байдал руу орж байгаа. Тэгээд энийг аргалж л оптек гээд мөнгө босгож ирнэ гэдэг зүйлийг л сэдэж байна.
Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлээд “үндсэндээ дефолт зарлах буюу дампуурлын ирмэгт орсон ОУВС-ийн хөтөлбөрт хамаарах эсэхээ шийд” гэдэг зүйлийг ярьж байгаа юм.
Ерөнхий сайд “данхар төрийг цомхотгох ажлыг нийт төрийн байгууллага дээр хэрэгжүүлж байгаа” гэж хэлсэн. Гэтэл дарга нарыг буюу чиг үүрэг давхацсан институтүүдийн дээр байгаа албан тушаалтнуудыг халахаасаа илүүтэйгээр жирийн төрийн албан хаагчдыг маш их хэмжээгээр халж байна.
Эсрэгээр нь өөрсдийнхөө ах дүү, туслах, жолооч нь байсан хүмүүсийг Элчин сайд, консулын хариуцлагатай албан тушаалууд томилж байгаа юм. Ингэж болж байгаа юм уу?
Эрэл хайгуул нь хийгдээд эдийн засаг эргэлтэд оруулахад бэлэн болоод байсан Эрдэнэтийн уурхайгаас холгүй орших Оюутын ордыг би нээлээ, манай Засгийн газар нээлээ л гэж авч байна лээ. Уг ордын асуудлыг 1986-1990 онд Зөвлөлт Монголын геологичдын хамтарсан баг нээгээд 41,8 сая тонны нөөцтэй бөгөөд захын агуулах нь 0,25%-ийн агуулахтай ийм орд байна аа гэдэг зүйлийг аль хэдийн тогтоочихсон.
Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал ерөнхийдөө зэрэглээ болж байгаа. Баялгийн санг амилуулах яриа хэлэлцээрүүд бүгд зогссон
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулах ажлыг Монгол Улсын ерөнхий сайд өөрөө хийсэн. Гэсэн ч үндсэн хуулийн заалтыг амилуулах Үндэсний баялгийн сангийн хуулийн яриа хэлэлцээрүүд үндсэндээ Ухаа худаг стратегийн зарим ордуудыг тулж очоод ямар нэгэн шалтгаан байдаг юм бүү мэд зогсож байна.
Өнөөдөр АМНАТ-ийг намайг шүгэл үлээсэнтэй холбоотойгоор маш олон зүйлүүд гүтгэж байна.
Миний бие сая гараа угаасан гар цэвэр, сэтгэл цэвэр, зарчим тунгалаг байгаа шүү
Би төрд шаардлага тавих гэж төрийн албан хаагчдын төлөөлөл болж зарчимтай ажиллах гэж энд орж ирсэн болохоос биш аль нэг юу гэдэг юм буруу зүйлийг нүд аньж өнгөрөөхийн тухай би ерөөсөө яриагүй. АМНАТ-ийн асуудлыг ярьж эхлэхэд чи больчихооч ээ гээд салбарын сайд нь гуйж байсан.
Би Сангийн яамны мэдэгдлийг та нарт аль болохоор харуулъя. Тэгээд Сангийн яам энийг албан ёсоор байр сууриа хэлэх нь зөв байх.
Уул уурхайн биржээр борлуулаагүй экспортын ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ тооцох үнэлгээг биржийн арилжааны үнээр тооцох нь хувийн ААН-дэдуул уурхайн бүтээгдэхүүн биржээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах сонирхлыг бууруулах, биржийн үйл ажиллагааг удаашруулах зэрэг нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Гуравны нэгтэй тэнцэх, түүнээс дээш хувийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд экспортод гарсан тухайн төрлийн бүтээгдэхүүн ашигт малтмалын нөөц ашигласны ноогдуулахдаа Засгийн газрын 2019 оны 465-ыг баримталч байж шийдвэрлэх гэдэг саналтай байна гэдэг зүйл байгаа юм.
Татварын асуудал мэддэг Сангийн яам нь уул уурхайгаас ухарч байна, ил тод байдал буюу нүүрсний хулгай явах гээд байна гэдэг зүйлийг хэлж байгаа юм.
Монгол Улсын ард түмэнд ноогдох татвараараа дөнгөж уул уурхайн баялгаас хүртэх гэж байгаа зүйл дээр нь татварын аргачлалыг нь өөрчлөх замаар ингэж хулгай хийж болохгүй. 8 сарын 20-ны өдөр АМНАТ-тай холбоотой Засгийн газрын шийдвэрийг гаргаж байхад 55 сая тонн нүүрс улсын хилээр экспортод гарсан байна лээ. Цаана нь жилийн 30 сая тонн нүүрсийг илүү зарах буюу нийт 85 сая тонн нүүрсийг зарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Би уг нь хувийн хэвшлийг дандаа хамгаалж, хувийн хэвшлээ битгий нүдээч ээ гэж хэлдэг. Гэхдээ би MCS шиг 5 ,10,20 компанитай болохыг болохыг хүсдэг улс төрч хүн. Гэтэл бизнесийн байгууллага бизнесээ хийж чадахгүй Ардчилсан нам, Ардын намын бүх нөлөө бүхий гишүүдийг ард талд нь удирдаж, төрийг өөрийнхөө төлөө ашигтай шийдвэр гаргуулдаг ийм компани байж болохгүй юм байна. Тийм учраас өнөөдөр бизнесийн компанийн нэр зүүж хохирогчийн дүрд орж буй MCS-ийн захирал Г.Батцэнгэлд тоглохоо боль гэж хэлмээр байна.
Нүүрс тойрсон буюу яг үнэхээр хулгай нуугдчихаад байгаа оптек гэрээнүүдийг гаргамаар байна. Оффтейк гэрээнүүдийг зурж байхад харин Ерөнхий сайд Г.Занданшатар “нууцад авъя аа” гээд сууж байсан хүн.
Маргааш би эцсийн байдлаар УИХ-д өргөн барина УИХ-д өргөн бариад ийм өргөн барьсан шийдвэрийг өргөн бичиг ирснээс хойш 3 хоногийн дотор хэлэлцэж эхлэх хуультай.
Ингэж улс орон эзэнгүй, төргүй юм шиг төсөв хэлэлцэж байхад өнөөдөр парламентын их танхим хаалттайгаар хэд хоног байлгах гээд байгаа юм бэ. Тийм учраас Засгийн газар парламент руу, Үндсэн хууль руу халдаж байгаа Засгийн газрыг огцруулна гэдэг зүйлийг хэлж байна.






