
“АРД ТҮМЭНДЭЭ” ХАЯГЛАСАН ЕРӨНХИЙ САЙДЫН БАЙНДАА ТУСААГҮЙ МЭДЭГДЭЛ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Ард түмэндээ хандсан” мэдэгдэл нь нүүрсний хулгай, түүнтэй хамтран тэмцээгүй УИХ-ын дарга руу чиглэж, эцэстээ ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилно гэсэн мэдээлэл байлаа.
“Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо” гэж тайлбарласан.
Ерөнхий сайд энэ мэдэгдлээ Төрийн ордонд албан өрөөндөө “ард түмэндээ” гэж хаяглоан олон хэвлэлийн сэтгүүлч, зураглаач нарыг цуглуулсан хэрнээ өөрийн хэлэх зүйлээ дуусуут миний мэдэгдэл дууслаа гээд босч одсон бөгөөд нэг ч хэвлэлд асуулт асуух боломж олгосонгүй. Түүний мэдэгдэлд хэд хэдэн асуултын тэмдэг байна.
- Хуулийн дагуу шүүхээр хэн нэгнийг буруутайн тогтоогдоогүй бол гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Тэр бүү хэл “Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан” гээд өөрөө хэлчихлээ.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг “томиллоо” гэснийг Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасныг үндэс болгон тайылбарлаж болох ч одоогийн ХЗДХ-ийн сайд Л. Мөнхбаатар чөлөөлөгдөх ямар үндэслэл байгаа вэ? Түүнийг чөлөөлсөн талаарх мэдээлэл, баримт бичиг ч алга.
ГАЛЫГ ӨРДСӨН Б.ЭНХБАЯРЫГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД БОЛГОХ ХУУЛИЙН ГАРГАЛГАА
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд танхимын сайдаа өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй. Ингэхдээ зөвхөн УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах ёстой.
Эхний ээлжинд 15:00 цагт ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилсон тухайгаа олон нийтэд мэдээлсэн Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан юм.
Мөн Засгийн газрын тухай хуулийн 23.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана” гэж заажээ.
Ерөнхий сайдын гэнэтийн томилгоо Үндсэн хуулийн зөрчил биш ч Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны дараа захирамж гаргахаас өмнө томиллоо хэмээн мэдэгдсэн нь алдаа байлаа.
Энэ бүх үйл явдлаас харахад Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг бушуу түргэн томилохоор шулуудсан нь тодорхой.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрөгч лхагва гарагт NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцон гүүрсний хулгай хийгээд түүнд оролцогчдоос онцгойлон одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбон ноцтой мэдээллийг хийсэн нь МАН-ын даргын төлөөх буюу ТОМ эрх мэдлийн тулаанд тос асгачихсан гэж хэлж болно. Одоо цаашид улс төр улам халж, талууд бие бие рүүгээ ноцож эхэллээ.






