
МУИС-ийн хоёрдугаар байрны дөрвөн давхар руу охиноо өргөж гарган, боловсролтой хүн болгохдоо л болгоно хэмээсэн Ч.Батсайхан гуайтай бид есдүгээр сарын 1-нд бид ярилцсан юм. Тэрбээр “Эрдэм сурахад МУИС 4 давхар байна уу, 40 давхар байна уу хамаагүй. Би охиноо хэдэн давхарт байсан ч өргөж гаргаад боловсролтой хүн болгохдоо л болгоно” хэмээн ярьж байлаа. Харин түүний охин Б.Маралмаа “МУИС налуу шаттай болоосой” ярьсан юм. Б.Маралмаатай адил хөгжлийн бэрхшээлтэй, гэхдээ боловсролын тэгш бус байдлаас болоод сургуульд явж чадахгүй, цоожтой хаалганы цаана өчнөөн хүн бий. Бид дээрх асуудлын хүрээнд О.Саранчулуун гишүүнээс цөөн асуултад хариулт авав. Тэр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөн парламентад хууль батлалцаж буй хүн юм.
Хичээлийн шинэ жилийн босгон дээр тэрбээр Боловсролын салбарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангаж сурч боловсрох орчин нөхцөлөөр хангах, хүртээмжийг хэмжиж ажиллах тухай албан бичгийг Боловсролын сайдад хүргүүлээд амжсан юм.

-Боловсролын сайдад хүргүүлсэн бичгийнхээ хариуг авсан уу?
-Аваагүй байгаа. Хариуг нь хүлээж л байна.
-Манайх есдүгээр сарын 1-нд МУИС-ийн оюутан Б.Маралмаагийн хичээлийн нэг өдөртэй танилцсан. Аав нь охиноо боловсролтой хүн болгохын тулд дөрвөн давхар руу өргөж гаргадаг юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд айл өрхөөс нэг нь ажил хийхгүй эсвэл нэг ажлаасаа чөлөө авч байж л хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авч байна. Ядаж улсын тодотголтой хэдэн сургуулиа лифттэй болгох адаглаад налуу шаттай болгох боломж ер нь байдаг юм болов уу?
–Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг бид зөрчиж байна. Нөгөө талд сургуулиудын хүртээмжийн асуудал хоёр талтай юм байна лээ. Сургуулиудын өөрсдийн менежментийн асуудлууд байгаа. Манайд одоо 1960, 1970, 1980 оны барилгууд дээр шинээр налуу шат хийх нь үнэхээр асуудалтай. Энэ тохиолдолд хуучин барилга дээр суурилуулдаг урсдаг шатыг авах нь өөрөө төсөв дээр том ачаалал. Нэлээн өндөр үнэтэй юм байна лээ тэр нь. Тэгэхээр энэ нь тухайн сургуулиудын төсөвт том асуудал байдаг болов уу.
Гэхдээ бид чинь хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролыг улсаас бүрэн даана гэдэг хуулийн заалттай. Энэ хуулийг баталж байхдаа ямар алдаа гаргасан бэ гэхээр хэдэн хүн сургуульд сурах бололцоотой вэ гэдэг тоогоо ер хараагүй.


-Налуу шат, лифт байхгүй сургуулийн энэ мэт хүртээмжгүй байдлаас болоод бага, дунд, их боловсрол эзэмшиж чадахгүй хэчнээн хүүхэд гэртээ байдаг бол. Танд энэ талаарх нэгдсэн тоон мэдээлэл байдаг уу?
-Яг тийм нарийн тоо надад байхгүй. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн маань 20-30% нь сургуульд сурч байгаа.
-Ямар бодлого барьж гэмээнэ ядаж 80% нь, бүр байг гэх нь 50% нь боловсрол эзэмших боломжтой болох бол?
-Би саяхан БНХАУ-д хөгжлийн бэрхшээлийн асуудлаар айлчлаад ирсэн. БНХАУ өнөөдөр 8.5 сая хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй байна. Тэд нар хүүхдүүдээ зургаан наснаас өмнө бүгдийг нь тоолоод бүртгүүлсэн байна. Зургаан нас хүрээгүй байхад нь ямар бэрхшээлтэй вэ, ямар мэргэжлээр сурах боломжтой вэ, энэ хүүхдэд ямар тохируулга хэрэгсэл хэрэгтэй вэ гэдгийг нь тоолоод гаргачхаж. Тэр тооцооллоороо БНХАУ тав, таван жилээр төлөвлөгөө гаргаад явдаг юм байна. Манайд ийм зүйл хэрэгтэй. Бид хамгийн эхэнд юу хийх хэрэгтэй гэхээр бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ тоолох хэрэгтэй. Тоолохдоо юу чаддаг, чаддаггүй, ямар давуу талтай, сул талтайг нь судлах хэрэгтэй.
Би өнгөрсөн наймдугаар сард төсвийн хэлэлцүүлэг хийж байх үеэр Үндэсний статистикийн хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүний тооллого судалгаа хийе гэдэг саналаа хэлсэн. Тэгэхэд 600 сая төгрөг шаардлагатай гэсэн.
-Тоолоход л 600 сая юм уу?
-Тоолж, дэлгэрэнгүй судалгаа хийж, бэрхшээлд нь тохирсон асуумж авахад 600 сая орчим төгрөг шаардлагатай гэсэн. Би үүнийг улсын төсөвт тусгах талаар ярина. Уг нь бол хуулиа биелүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ бүгдийг нь сургуульд хамрагдуулъя гэвэл эхлээд тоолмоор байгаа юм. Тоогоо гаргаж чадахгүй бол тооцоолол гаргаж чадахгүй. Хамгийн эхний алхам бол энэ.






