
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ.
Ингэснээр Парламентын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй байгуулагдсан УИХ тангарагаа өргөснөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрч, Нэгдүгээр ангиа дүүргэж байна.
ТОО: Тэд бүрэн эрх хэрэгжүүлж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталлаа.
АГУУЛГА: Энэ удаагийн 5 нам, эвслээс бүрдсэн Улсын Их Хурал нь парламентын ардчиллын үндэс суурийг гүнзгийрүүлэн бэхжүүлж, ард түмний төлөөллийн дуу хоолой болсон Улсын Их Хурлын институцын хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог улам төгөлдөржүүлснээр Монгол Улсын парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадаж байна. Энэ бол зөвхөн нэг сонгуулийн мөчлөгийн үр дүн бус, ардчиллын замыг тууштай баримтлагч Монголын төр, нийгмийн олон институцүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн гэж Ангийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ онцолсон.
Д.Амарбаясгалангийн ангийнхан нэг жилийн хугацаанд баталсан хууль, тогтоолуудаас онцлон хүргэе
Ангийн дарга Д.Амарбаясгалангийн “Гурван төгөлдөршил”
Уг бодлогыг хэрэгжүүлэх үндэс суурь болсон төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Журам батлах нэрээр хуулиар тогтоосон иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болно. Журам зөвхөн хуулийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор батлагддаг болно. Мөн өөрийн чиг үүрэгт нь хамааралгүй байхад журам баталдаг явдал үүгээр таслан зогсоогдоно. Түүнчлэн хүний эрхийн ноцтой зөрчил, хүнд суртал, авлига, албан тушаалын хэрэг бий болох боломжийг үгүй хийж, Засгийн газарт чиглэл болгож 350 орчим хууль дагасан журмуудыг цэгцлэх Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
Тодотгол дуусдаггүй “ТӨСӨВ 2025”
Үе үеийн парламентын чансааг шалгадаг хууль бол жил бүрийн Улсын нэгдсэн төсөв. 126 гишүүнтэй парламент 2025 оны төсвийн хуулийг анх батлахдаа парламентын түүхэнд анх удаа алдагдалгүй байх зарчим тавьж баталсан хуулиа хэрэгжихээс нь өмнө ТОДОТГОЛ оруулсан.
2025 оны нийт орлогыг 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогыг 33.9 их наяд төгрөг, зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож баталсан. Гэвч “үрэлгэн төсвөө тана” гэх агуулгаар Ерөнхийлөгч төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан байдаг.
Гэсэн ч 2025 оны хагасаас гадаад, дотоод олон хүчин зүйлсээс үүдэн төсөв тодотгох нөхцөл үүсэж, хаврын чуулганаа хаах босгон дээрээ дахин ТОДОТГОЛ орууллаа.
Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Г.Занданшатарыг томилов
Хүүгийнх нь тансаглал, сүйн бөгж, үнэтэй бэлэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон. Оронд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг МАН-ын Бага хурлаас нэр дэвшүүлж, дараагийн Ерөнхий сайдаар томилон, Шинэ засгийн газрыг батламжилсан билээ. Үүний цаана Гүйцэтгэх засаглал, Парламент, Ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн институц хоорондын эрх мэдлээ булаалдсан улс төрийн толхилцоон байсан нь илт.
Хууль зөрчсөн гэх үндэслэлтэй ч хуулийн гаргалгаагүй тул гишүүний бүрэн эрхээ эдлэгсэд
126 гишүүний дунд хуулийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэртэй 1, хууль зөрсөн байх үндэслэлтэй 1 гишүүн бий.
Тэд бол УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Э.Болормаа нар юм. Өмнөх намрын чуулганаас л Дав.Цогтбаатар гишүүний асуудал яригдсан ч Хаврын чуулган бүхэлдээ шийдвэргүй, гацаанд орж асуудал хуулийн мухардалд орсон юм. Түүнийг эгүүлэн татах үндэслэл бүрдсэн нь Хөгжлийн банканд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж анхан шатны шүүх үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон бий. Анхан шатны шүүхийн шийдвэрийг УДШ-ээс хэлэлцэн хэвээр үлдээсэн. Д.Цогтбаатар нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн аваад байгаа. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх учиртай байсан ч чадсангүй.
харин УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн хандивт гадаад хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан нь аудитын баримтаар тогтоогдож байгаа ч өөрөө мэдээгүй, 2025 онд авсан хандиваа буцааж өгсөн гэх үндэслэлийг ярьж, бас эгүүлэн татаж чадсангүй.
Намрын чуулганаас хүлээх нь …
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган 2025.09.15-д нээлтээ хийнэ.
Намрын чуулганыг хүлээж буй олон хуулийн төслүүд бий. Тэдгээрээс онцолбол,
Иргэд, Аж ахуй нэгжүүдийн хамгийн өндөр хүлээлттэй байсан Нийгмийн даатгал, Татварын багц хууль
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах боломжтой хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нарын 40 гишүүний санаачилсан хуулийн төсөл УИХ-ын босго давсан ч Засгийн газраас Нийгмийн даатгалын тухай хуулийг хамтатган УИХ-аар хэлэлцүүлье гэх “мэх” хэрэглэн хойшлуулсан. Мөн Татварын дарамтыг иргэд, аж ахжй нэгжийн нуруунаас хөнгөлж, НӨАТ-ыг бууруулах хуулийн төслийг ч Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барихна гэж хойшлуулсан.
Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд эдгээр хуулийн төслийг УИХ-ын гишүүд нь байна уу, Засгийн газар нь байна уу аль нэг институц нь парламентад зайлшгүй оруулж ирэх ёстой юм.
Шинэ яриа хэлцэл, Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ
Эхнийх нь ОНТРЭ ХХК-ын асуудал. Онтрэ гоулд ХХК болон “Оюу толгой” ХК хооронд тухайн бүлэн орд дээрх хамгийн их нөөцтэй 2 талбайн лиценз шилжүүлэх процесс гацсан. Далд уурхайн бүтээн байгуулалтад ч энэ асуудал нөлөөлсөн. Онтрэгийн тал Монгол Улстай хэлцэл хийхэд бэлэн гэж байгаа ч Оюу толгой анхнаасаа 2 лицензийг хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсан учраас ашгийн дахин хуваарилалт, шинэ гэрээнийасуудал байхгүй гэж гүрийж байгаа. Одоо Г.Занданшатарын Засгийн газар, хэрхэн талуудтай яриа хэлцэл хийж чадах вэ, түүнийгээ парламентаар батлуулж чадах уу гэдэг л сорилт болж байна.
Ухаа худаг манайх…
Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах Ухаа худагийг 2007 онд “Энержи ресурс” компанид шилжүүлсэн асуудлыг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн, тогтоолын төслийг боловсруулсан. Улмаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Хамтарсан Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Гэтэл энэ асуудлыг Засгийн газар 2007 онд тэмдэглэлээр шийдвэрлэсэн нь хуулийн процедурыг зөрчсөн гэдэг асуудлыг хөндөж байлаа. Иймээс УИХ-аар эл асуудлыг оруулж, хэлэлцүүлэхээр болсон. Гэвч Засгийн газрын энэ шийдвэр нь хувийн хэвшил рүүгээ халдсан үйл ажиллагааг явуулж байна гэдэг шүүмжлэл дагуулсан. Үүнийг шийдэх бүрэн эрх УИХ-д л бий.