
Монголчууд бидний дэлхийн улс орноос ондооших, ялгарах гол зүйл нь монгол наадам юм. Энэ ч утгаараа түүх соёлын илэрхийлэл болсон Үндэсний бүхнээрээ онцгойрон, өргөн дэлгэр дэнж хотойтол зун цагт наадацгаадаг билээ.
Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг Монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай хэмээн өгүүлдэг билээ. Түүний нэг нь Есөн хөлт цагаан туг юм.
“Есөн хөлт цагаан туг залах нь монголчуудын омог бахархлыг төрүүлдэг, наадамчин олныг огшоодог сайхан ёслол. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг. Төрийн есөн хөлт цагаан тугийг Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл хэмээдэг.
Түүхийн эх сурвалжид дурдсанаар Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэжээ.
Нэгэн жолоо дор нэгдсэн Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар ирсэн гэдэг аж.

Уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг царнаас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон найман элч туг буюу хөл тугаас бүрддэг байгуулал юм. Үүнийг найман хөлт цагаан туг сүлд гэх бөгөөд нийтдээ 9 туг болох тул бас “есөн хөлт Цагаан туг” гэж утга сэлгэж нэршжээ.
“Монголын Нууц Товчоо” ба хуучин сурвалжуудад “есөн хөлт туг” гэсэн нь угтаа нийт есөн туг байгааг хэлж байгаа юм. Монгол Нууц Товчоонд “есөн хөлт цагаан туг”-ийг анх тахиснаас 20 гаруй жилийн дараа бичигдсэн тул утга сэлгэж “есөн хөлт” хэмээн хэвшсэн тухай судлаачид тэмдэглэсэн байдаг.
Ингээд “Urug.mn” сайтын уншигч та бүхэнд түмний хийморь, төрийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг, есөн шарга морины тухай бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.


Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид болон хугацаат цэргүүд жил бүрийн зургаадугаар сарын 05-ны өдөр Шажин хурахын аманд наадмын бэлтгэлдээ гарч, хээрийн сургуулилтаа базааж эхэлжээ. Торгон цэргүүд өглөө бүр 06 цагт босож, 5 км газар гүйж биеэ халаасны дараа бага үдийн нарнаас урьтаж морьтой бэлтгэл сургуулилтаа хийдэг ажээ. Ингэхдээ тэд 16 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр найрал хөгжимтэй хамт бэлтгэл хийнэ. Хөгжимтэй бэлтгэл хийх нь морьд гэнэтийн дуу чимээнээс үргэхгүй байх, хөгжмийн хэмнэлд тааруулж командаа биелүүлж хэвшдэг давуу талтай гэдгийг тодотголоо.
Өглөө эртлэн бэлтгэлээ базааж эхэлсэн торгон цэргүүд, тасралтгүй бэлтгэгдэх шарга болон бараан зүсмийн морьд. Өглөө үүр хаяарахаас эхлэн тэдний бэлтгэл сургуулилтыг үзэж сонирхон, яриа хөөрөөгөө авсаар орой дуусгаад морьдоо тавих хүртэл бидний ажил үргэлжлэв. Эндээс нэг л зүйл эрхгүй татна. Хүн, адуу хоёрын хоорондын харилцаа, ойлголцол, бие биенээ мэдрэх хийгээд ягштал нэгэн хэвийн мэт боловч ганц хийдэл, гишгэгдэл алдаа гаргахгүй хэмээн уйгагүй, чамбай бэлтгэж буй 032 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүний хичээнгүй чанар…


Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд нийт 32 морь ордог. Үүн дотор Их эзэн Чингис хааны бэлгэдэл болгож хоёр загал, найман шарга морь, торгон цэргүүдийн хөлөглөх 22 бараан морь багтдаг. Морьдын зүсийг Төрийн ёслолын журамд хоёр загал морь, найман шарга морь, хээр болон хүрэн зүсмийн 22 морь гэж заасан байдаг.
Төрийн хүндэтгэлийн ёслолд хамгийн олон жил үүрэг гүйцэтгэж байгаа морьдоос гэвэл хамгийн багадаа 4 жил, дээд тал нь 12 жил оролцчихсон. Бараан морьдууд маань хамгийн багадаа 1-3 жил оролцсон, түүнээс дээш жил төрийн наадамд оролцсон морьдууд ч байгаа. Тэгээд солих шаардлагатай морьдыг солих бодолтой, нөөц морьдуудыг авчирдаг. Тухайлбал, бор морин дээр л гэхэд чинь 2-4 нөөц морь, бараан зүсмийн морин дээр 8-ыг авчирчихсан байх жишээтэй. Ингээд тэд нарыгаа бас хэдийгээр наадамд оролцохгүй ч гэсэн энэ жилдээ ингээд давхар бэлдээд явчихдаг гэв.


Төрийн ёслол хүндэтглийн томоохон арга хэмжээ, гадны дотнын Улс төрийн албан айлчлалын угтах болон үдэх ёслол, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг энэхүү тангараг өргөсөн Торгон цэргүүд, хийморь бадраасан хүлэг морьдгүйгээр төсөөлөхийн аргагүй…
Тэд нийт 40 хоногийн хугацаатай бэлтгэлээ тасралтгүй базаадаг. Нэн тэргүүнд морьдоо бэлтгэхийн өмнө урьтаж хүнээ бэлтгэх шаардлагатай болдог. Морьдтойгоо хэрхэн харьцаж, сургуулилт хийж буйгаас бидний ажлын бүтээмж шалтгаална. Шинэ морьдыг хатуу,ширүүнээр номхруулж болдоггүй. Төрийн их цагаан сүлдийг залах морьд тайван, жигд алхаагаар алхаж явах ёстой. Шогшуулж болдоггүй. Тиймээс торгон цэргүүд маань уйгагүй дасгал, бэлтгэлийн дүнд нэг хүн шиг болчихдог доо гэж бидэнтэй хуучилсан юм.


Богдхан уулын дархан цаазат Шажин хурахын амыг Шарга хүлгийн тоосоор дархалсан торгон цэргийн Захирагч, Төрийн Хонжин, Улаанбаатар цэргийн хүрээний Ерөнхий зохицуулагч, Хурандаа Э.Билэгсайхан анхны жилдээ ажиллаж буй. Түүний хувьд ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар нэр төртэйгээр оролцож, дэлхийн олон улс орноо Монгол цэргийн ид хав, сүр жавхаа, цог золбоо, ур чадварыг таниулаад ирсэн манлайлагч нэгэн.
Төрийн есөн хөлт Цагаан тугийг залан цэнгүүлэх ёслолыг Төрийн Хонжин ахалж, Их тугч удаалж, араас нь 22 торгон цэрэг хүлгийн хамт эгнэдэг. Есөн хөлт цагаан тугийг залахдаа нэгийн болон гурвын цуваагаар алхана. Их л учиртай, дэг журамтай, ёс жудагтай маш чухал хариуцлагатай гүйцэтгэх ажил.


Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын ахлагч, Сургагч ахлагч Н.Энхтайван: Цэргийн алба хэцүү гэхээсээ илүү сайхан ажил. Бид зөв үлгэр дуурайлал үзүүлнэ, тэр хэрээр байлдагч нартаа олон зүйлийг зааж сургахыг хичээж яваа


-Би 2005 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасны дараа ахлагчийн албанд улирч одоо 20 дахь жилдээ ажиллаж байна.
Хамгийн анх 2007 онд 9 хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолд торгон цэргийн салаан даргаар оролцож ажилласан. Түүнээс хойш 10 жил салаанд дарга хийж, сүүлийн 6 дахь жилдээ тугчаар үүрэг гүйцэтгэж байна.
Торгон цэргийн гол үүрэг нь морьдоо сургах явдал. Олон жил үүрэг гүйцэтгэсэн морьд, торгон цэргүүд яг л нэг хүн шиг болчихдог. Морьд нь эгнээ байраа мэддэг болж, дохио өгөхийн завдалгүй хөгжмийн хэмнэлдээ тааруулж эгнээндээ орж байраа эзэлдэг болчихдог. Төв цэнгэлдэх рүү Төрийн есөн хөлт цагаан тугаа өргөсөөр залахад үзэгч түмний уухайнд омогшиж, төр, түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдгийг тэргүүнд зална гэдэг их хувь заяа гэж бахархдаг.
Энэ 20 жилийн хугацаанд ер нь төрийн ёслолыг 1000 гаруй удаа оролцсон байна. Ийм нэр хүндтэй ёслолд оролцохын тулд бид хэд чинь энэ 9 хөлт цагаан тугаа Төрийн ордноос авахын тулд Ерөнхийлөгчийн зарлигаар орж авдаг. Жил болгон энэ үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн зарлигт ордог. Тэрүүгээрээ маш их бахархдаг.
Миний хувьд энэ лагерийг бол ерөнхийдөө хариуцдаг. Тийм болохоороо би өөрөө хариуцлагатай, маш нягт нямбай байх ёстой. Төрийн ёслолын үйл ажиллагааг маш сайн чаддаг, бүх зүйлийг нь мэддэг байж гэмээнэ цэргийн албан хаагч нартаа яг ийм юм хийх ёстой, үүн дээр анхаарах хэрэгтэй гээд л бүгдийг нь нэгд нэгэнгүй зааж өгдөг. Дээрээс нь өөрөө би алхаж гишгэх асуудал дээр хийдэлгүй байх ёстой л доо.
Ингэснээр зааж зааварлаж буй цэргүүддээ өөрөө үлгэрлэж, тэдэнд эерэг үлгэр дуурайлал болж байгаа юм.


032 дугаар ангийн Байлдагч Б.Буяндэлгэр: Хүндэт харуулын улаан хувцсаа өмсөх маш гоё
-Анх цэргийн албанд ирсэн чинь төсөөлснөөс өөр онцгой ертөнц угтаж авсан. Манай ангийн доторх уур амьсгал маш гоё эерэг. Ахлагч, Офицер нараасаа маш их зүйлийг сурч авч байгаадаа баяртай байна. Эхлээд цэргийн албанд ирэхдээ бага зэрэг түгшиж байсан ч удалгүй дасаад олон ч гоё найзуудтай болсон. Анх ирэхэд баахан л халзан нөхдүүд дунд ороод эхэндээ гайхаж, мэгдэж байлаа./инээв/ Цэргийн алба маш сайхаан.
Одоо ингээд онжавуудтайгаа ангиасаа сонгогдоод Төрийн наадмын нээлтийн ёслолд оролцох гэж буй нь нэр төрийн хэрэг. Миний амьдралд маш том, хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээж байна.
Залуучуудыг цэргийн албанд татагдаад, нэр төртэйгээр үүргээ гүйцэтгэхийг уриалж байна. Та бүхэн эндээс маш их зүйл сурч, хөгжиж авна.


Сонирхуулахад, Туг залах торгон цэргүүдийн биеийн жин 75-90 кг ажээ. Мөн дээр нь 15 кг чимэглэлээр морьдоо тоноглодог. Их туг 36 кг жинтэй бөгөөд нэг морь ойролцоогоор 110-130 кг ачааг дүүрч Сүхбаатарын талбайгаас
Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог юм.
“Төрийн торогон цэргүүд ба хийморь бадраасан 8 шарга” нэвтрүүлгийн БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: