
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа бид бахархан омогшдог. Жил бүрийн 7 дугаар сар үнэхээр гайхалтай сар. Учир нь Дэлхийд ганцхан Монгол наадам тохиож, орон орны өнцөг булан бүрт суугаа монголчууд баярлан бахаддаг өдрүүд айсуй…
Монгол наадмын нээлтийн үйл ажиллагаа бахдам басхүү гайхам, сэтгэл догдлуулсан мөчүүд, харин хаалтын үйл ажиллагаа бага зэрэг сэтгэлд гуниг төрүүлэм. Гэсэн хэдий ч нэг л мэдэхэд монгол наадам хаяанд хэдийнээ ирчихсэн байдаг билээ.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа тэр дотроо Төрийн ёслол хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугийг Монгол Улсын Зэвсэгт Хүчний 032-р ангийн Захирагч тэргүүтэй, цэргүүд төрийн ордноос хүндэтгэлтэй залан, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэх нь наадамчин олноо баясгасан гайхалтай мөч.
Бид баяр наадмаар есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх торгон цэргүүдийн бэлтгэлийг зорин Шажин хурахын ам руу хүлгийн жолоо заллаа.

Ажил мэргэжил бүхэн сайхаан. Гагцхүү эзэмшсэн мэргэжил, албандаа тууштай зүтгэхийн зэрэгцээ хариуцлагатай, нягт нямбай гүйцэтгэж буй хүний ажил үйлс цаанаасаа л хүндэлмээр байдаг.
Энэ удаад бид наадмын “Хөрөг” нэвтрүүлгийнхээ хойморт 032 дугаар ангийн Захирагч, Улаанбаатар цэргийн хүрээний ерөнхий зохицуулагч, Төрийн Хонжин, Хурандаа Э.Билэгсайханыг хүндэтгэн урилаа. Түүний хувьд Монгол Улсын Төрийн Хонжин албанд өнгөрсөн 2024 оны наймдугаар сард томилогджээ.
Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагаа уншигч, үзэгч авхай та бүхэнд толилуулъя.


-Сайн байна уу? Төрийн Хонжин гэж ямар албан тушаалтай, үүрэг чиглэл нь хэрхэн тодорхойлогддог вэ?
-Төрийн хонжин гэдгийг энгийнээр тайлбарлавал Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, Тулгар төр байгуулагдсаны ойн баяр наадмын нээлт болон хаалтын ажиллагаанд Төрийн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх үйл ажиллагааг удирдан,зохион байгуулдаг хүнийг хэлнэ гэж ойлгож болно. Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална. Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн хонжин энэ ажиллагаанд оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирна. Бүгд 32 морьтон оролцдог юм.
-Таны хувьд Төрийн хэд дэх Хонжин бэ?
-Миний хувьд Төрийн 8 дахь Хонжин. Одоо 032 дугаар ангийн Захирагч, Улаанбаатар цэргийн хүрээний ерөнхий зохицуулагч, Төрийн Хонжин албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Энэ албан тушаалыг тодорхойлоод хэлбэл, Төрийн хонжин гэдэг нь түүх яривал 1206 онд Тэмүжин, Их их эзэн Чингис хаанд өргөмжлөөд 9 хөлт цагаан тугийг анх бий болгосон байгаа юм. За тэгээд 9 хөлт цагаан тугийг бий болгоод Монгол түмний оройн дээд шүтээн болгож эв найрамдал энэ бүгдийг бэлгэдэж хийгээд Чингис хаан олноо өргөгдөөд Их цагаан туг дагавар 8 тугийг бүтээгээд бүгд анх одоо шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Тэр 9 хөлт цагаан тугийг цэнгүүлэх, залах тэр хүнийг болохоор энэ 9 хөлт Цагаан тугийн сахиус буюу тухайн үед нэг түшмэл томилсон байгаа юм. Тэр хүнийг л Төрийн Хонжин гээд байгаа юм. Тэгэхээр 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 9 хөлт цагаан туг маань дээрээс нь Бүх цэргийн Их хар сүлд мөн манай Зэвсэгт хүчний 032 дугаар ангид төрийн ёслолд ашигладаг төрийн ёслолын цэргийн цагаан туг энэ үндсэн 3 агуулгатай туг маань 1992 онд бүтээгдсэн.


-Баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаа, цаашлаад төрийн албан ёсны айлчлал зэрэг томоохон хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаанд 032-р ангийнхан албан ёсоор оролцдог. Хараад байхнээ хүн, адуу хоёрын хоорондын хэлхээ, холбоо бас хүндэтгэл төрмөөр. Энэ талаар та хэрхэн тодорхойлох бол?
-8 шарга болон бараан зүсмийн 22 морьдоо толгойлж буй бор морь маань энэ жил төрийн наадамд 16 дахь жилдээ оролцож байгаа. Төрийн Хонжингийн морь болж үүрэг гүйцэтгэж байна.
2009 оноос хойш хүн, мал хоёр нэгнийгээ мэдэрч, хамтран ажилладаг болсон. Адуу гэдэг амьтан өөрөө Монгол түмний дээдлэн шүтдэг ийм сайхан амьтан тэгээд хүн болгон одоо морийг шүтэж дээдэлж ингэж явдаг. Тэр утгаараа энэхүү морь маань тасралтгүй 16 дахь жилдээ ингээд явж байна. Миний хувьд энэ жил төрийн есөн хөлт цагаан тугийг бас анх удаа залах гээд бэлтгэж байна. Бэлтгэлийн хугацаанд энэ морьтойгоо бараг жилийн хугацаанд харьцаад унаад уналга хийгээд явж байна. Энэ хугацаанд яг одоо бол эзнээ таньдаг болчихсон, намайг моринд ойртоход ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй, таньж байх жишээтэй. Өөр хүн одоо ингээд л мордох ч юм уу дөхөөд очихоор жоохон дэрвэх ч юм уу тэгдэг.


Би явж байгаад л жоохон нэмэх гээд л алхааг нь нэмье. Нэг чүү гэхэд л ерөнхийдөө миний дууг шууд мэдрээд л ингээд л хурдаа нэмээд явчихдаг. Мөн дээрээс нь яг очоод байрлалаа эзлээд зогсох газар тэрийг нь нэг удаа үзүүлчихсэн байхад шууд очоод л өөрийн эрхгүй ингээд залах шаардлагагүйгээр ч юм уу мэдрээд явчихдаг ийм сайхан хүлэг. Ер адуу гэдэг амьтан маш ухаантай. Миний хувьд төрийн наадмын нээлтэд 16 дахь жилдээ оролцож буй энэ сайхан хүлгийг унаад Төрийн Хонжингийн үүрэг гүйцэтгээд хамтдаа орно гэдэг бол нэр төрийн хэрэг, бахархал байна.
-Морьдын хувьд төрийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд хэдэн жил оролцсон бэ?
-8 шарга морь маань хамгийн багадаа 4 жил, дээд тал нь 12 жил оролцчихсон. Бараан морьдууд маань хамгийн багадаа 1-3 жил оролцсон, түүнээс дээш жил төрийн наадамд оролцсон морьдууд ч байгаа. Тэгээд солих шаардлагатай морьдыг солих бодолтой, нөөц морьдуудыг авчирдаг. Тухайлбал, бор морин дээр л гэхэд чинь 2-4 нөөц морь, бараан зүсмийн морин дээр 8-ыг авчирчихсан байх жишээтэй. Ингээд тэд нарыгаа бас хэдийгээр наадамд оролцохгүй ч гэсэн энэ жилдээ ингээд давхар бэлдээд явчихна.


-Анх Төрийн Хонжин хэдэн онд томилогдож байсан бэ?
-1994 онд хамгийн анхны Төрийн Хонжин ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдож эхэлсэн.
Бүх цэргийн хар сүлд, төрийн ёслолын, цэргийн цагаан туг, дээрээс нь энэ 9 хөлт цагаан тугийг сахидаг сахиул, энэ залж цэнгүүлдэг хүнийг л Төрийн Хонжин гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр маш том хариуцлагатай, үүрэгтэй ийм албан тушаал дээр ажиллаж байна аа.


-Таны хувьд энэ оны хавар болсон Ялалтын баярын параданд Монгол цэргүүдээ командлан улаан талбайд жагсаалд оролцсон. Энэ тухайгаа сонирхуулна уу?
-ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар нэр төртэйгээр оролцоод ирсэн. Тус параданд мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл уригдсан.
Тэгээд албаны хүмүүс урилгаар очсон дээрээс нь Монгол Улсын Зэвсэгт Хүчнийг алхуулаач ээ гээд урилга ирсэн. Үүн дээр БХЯ-ны ЗХЖШ-аас томилогдсон бүрэлдэхүүн тус цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу аваад нэг метр 80-аас дээш өндөртэй, зөв төрхтэй цэргүүдийг авсан.
Нийт 75 цэргийн албан хаагч сонгогдоод, бэлтгэл сургалтыг Монгол Улсдаа 2 сар орчим хугацаанд хийгээд, ОХУ-д 14 хоногийн хугацаанд бэлтгээд ингээд оролцсон. Бид бүгд Улаан талбайд Ялалтын баярын параданд алхана гэдэг нь үнэхээр нэр төрийн хэрэг.
Монгол Улсын Зэвсэгт хүчин дээрээс нь төрийн цэргийн байгууллагуудын олон залуучуудын хүсэл мөрөөдөл нь Улаан талбайд хөл тавиад үзчих юмсан. Дээрээс нь одоо энд монгол цэргийн сүр, хүч жавхааг харуулаад алхчих юмсан гэсэн олон мянган залуучууд, олон мянган цэрэг эрс байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Тэгээд энэ дундаас сонгогдоод бид бүгд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөөд төр засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу энэ сайхан параданд алхаад Монгол цэргийнхээ сүр хүч, жавхааг мандуулаад сайхан алхаад ирлээ гэж дотроо дүгнэж байгаа.
Ямар ч байсан дэлхийн тавцанд монгол цэрэг ямар түвшинд байгаа юм бэ, ямар цог золбоотой байгаа юм бэ гэдгийг харуулаад ирсэн гэж ойлгож байгаа.


-Таны хувьд Зэвсэгт хүчний салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Миний хувьд Зэвсэгт хүчний салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Батлан хамгаалах сургуульд суралцснаас хойш хүүхэд байхаасаа авхуулаад л цэргийн хүн болно гэж их боддог байсан. Одоо миний гэр бүл манай удамд бол цэргийн хүн байдаггүй. Тэгээд өөрийнхөө нэг хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээр сонирхсон ажлаа хийнэ гэдэг чинь нэгэн бодлын үнэхээр сайхан кайф авдаг. Энэ сайхан зэвсэгт хүчиндээ ажиллаад өөрийнхөө мэддэг чаддаг юу байна, бүгдийг нь харуулах, мэдүүлэхийн төлөө хичээн ажиллаж явдаг.


-Зэвсэгт хүчний салбарт маш олон спортын уралдаан тэмцээн зохиогддог. Таны хувьд мөн энэ талаараа ч манлайлагч гэж сонссон?
-Монгол Улсын зэвсэгт хүчинд маш олон уралдаан тэмцээнүүд явагддаг. Дотоодын УАШТ хүртэл энэ тэмцээн уралдаануудад өөрийгөө дайчлаад, оролцоод цэрэгжилтийн спортоос маш олон уралдаанд нь аваргалж байсан, 300 гаруй медальтай. Иймээс 2014 онд Цэрэгжилтийн Спортын мастер хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан.
Анх Батлан хамгаалах сургуулиа төгсөөд 2007 онд яг энэ ангидаа Монгол Улсын төрийн хүндэт харуулд салааны захирагчаар томилогдоод 2015 он хүртэл үндсэндээ 9 жил орчим хүндэт харуулын ротод салаа, ротын Захирагч, хүндэт харуулын дарга хийж байсан. Улмаар ОХУ-д Москва хот дахь Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцаад онц дүнтэй төгсөж ирээд Зэвсэгт хүчний анги салбаруудаар ажиллаад буцаад 9 жилийн дараа энэ сайхан анги дээрээ ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан. Одоо энэ саыхан анги дээрээ Ангийн захирагч, Улаанбаатар цэргийн хүрээний ерөнхий зохицуулагч, дээрээс нь Төрийн Хонжин гээд энэ 3 албан тушаалыг нэгэн зэрэг хашаад ажиллаж яваадаа маш их баяртай байгаа.


-Цэрэг хүний амьдрал, бие биенээ олйгон хүндлэх гэдэг маш том суурь хандлага болов уу?
-Монгол Улс маань хөгжиж байна, цэцэглэж байна, илүү сайхан болж байна. Хүн болгоны харилцаа, хандлага, сурсан мэдсэн боловсрол маш өндөр болж байна. Дээрээс нь сүүлийн үед цэргийн албанд ирж байгаа залуучуудын мэдлэг, боловсрол аливаа зүйлд хандаж буй хандлага, зааж буй зүйлийг маш хурдан сурдаг, ийм маш сайхан залуучууд ирж байна л даа. Үүнээс улбаалаад өмнөх, одоо дарга нар ч гэсэн харьцаа хандлагаас эхлээд өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлээд нэг түвшинд очих байх гэж боддог.
Нэгийгээ ойлгох, мэдрэх дөнгөж цэргийн албанд ирж байгаа залуучуудад бүгдийг нь эхнээс нь зөв онол, дадлага, бүх байдлаар нь зөв зааж өгөх. Хүнийг тархиар нь гэдэг шиг зөв ойлгуулах, энийг чи буруу хийчихлээ гээд өөрийн биеэр үзүүлэх, дээрээс нь оюун ухаанд нь ойлгохоор хэлж өгөх хэрэгтэй гэж бодож явдаг.
Цэргийн эрдэм мэдлэгийг сурна гэдэг бас хэцүү л дээ. Жагсаал ихэнх зүйл нь одоо биеэр хийж гүйцэтгэдэг. Алхаж гишгэнэ, нэгэн зэрэг хийнэ, хараа гаргана, тэгээд л гарыг тогтооно, барина, хөл нэг түвшинд өргөнө гээд л. Одоо маш их олон дадахыг ингэж хийдэг. Тэр болгон дээр бас зарим залуучууд шантрах, олон давтамжтай нэг юмыг хийгээд байхаар бэрх санагддаг. Хамгийн гол нь тэр болгон дээр нь зөв ухамсарлуулах, зөв дадлыг сургах нь чухал.


-Монголчуудын ярьж хэлж заншсанаар Хүндэт харуулан 032 дугаар анги. Олон олон залуус энэ л ангид цэргийн албаа хаахыг хүсэж мөрөөддөг байх?
-Монгол Улсын өнцөг булан бүрээс 21 аймаг, 9 дүүргээс шилэгдэж ирсэн залуучууд манай 32-т ирдэг ээ. Тэгээд энэ залуучуудаараа ч гэсэн ангийн захирагчийн хувьд бахархдаг, бас хайрладаг, хүндэлдэг. Тэгээд би залуучууддаа нэг л үг хэлдэг юм. Үүрэг ав. Авсан үүргээ биелүүл.
Харин дээрээс нь үүрэг өг, өгсөн үүргээ шалгачих, тэгээд л болоо. Тэгэх юм бол таны ажил маш сайн явагдана. Цэргийн хүмүүс гэж миний үзэл бодол яг өөрөө дотроо энийг баримталж явдаг үг байхгүй юу.


-Энэ жил Хүндэт харуулын ангийн үүсгэн байгуулагдсан 70 жилийн түүхт ой тохиож байгаа. Олон албан ёсны төрт айлчлал, төрийн ёслолын арга хэмжээний өмнө та бүхний нүүр царай Монгол Улсын нэрийн хуудас болж өгдөг. Түүхт ойн баярын мэндийг Та бүхэнд дэвшүүлье?
-Монгол Улсын төрийн хүндэт харуул 1955 оны 8 сарын 16-нд анх үүсгэн байгуулагдсан. Анхны захирагчаар нь манай ангийн нэрэмжит Хурандаа, Генерал Жамсрангийн Ёндон дарга маань хүндэт харуулын эхний даргаар томилогдож байсан.
Яг үүх түүхээрээ явж байгаад Хүндэт харуул түүхэндээ 3 дахь байлдааны тугтай болсон. Анхных нь 1956 онд хүндэт харуулын тусгай рот анх үүсгэгдээд Ж.Ёндон Генерал хошууч цолтой, ротын захирагч байхдаа хүлээж авч байсан. Дараа нь 1989 онд батальон болж өргөжөөд тухайн үед батальон Зоригоо буюу Зоригт гээд Хурандаа тухайн үед ахмад тэгээд батальоны байлдааны тугаа хүлээж авч байсан. Энэ жил 70 жилийн ойгоороо бид бүгд цэргийн ёслолд ашигладаг хүндэт харуулын тусгай хороодын байлдааны тугтай болчихсон цэргийн ёслолдоо тэр тугаа залж авч явдаг.
Мөн дээр нь төрийн ёслол болохоор төрийн ёслолын цэргийн цагаан тугаа авч явдаг мөн манай ангийн оройн дээд шүтээн болсон байлдааны тугтай. Ингээд 2019 онд байлдааны тугаа хүлээж авсан. Ингээд үндсэндээ манай анги чинь ийм олон тугтай.


Миний хувьд одоо 33 дахь даргын албанд ингээд үүрэг гүйцэтгэж байгаа.
Сая хүндэт харуулын түүхэн 70 жилийн ойгоо угтаад 6 мянга дахь төрийн болон цэргийн ёслолынхоо үйл ажиллагааг хүлээж авлаа.
6 мянга дахь үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэлээ. Ийм сайхан түүхтэй, Рот маань 70 жилтэйгээ золгож байна.
Монгол Улсын зэвсэгт хүчин тэр дундаа Монгол Улсын төрийн хүндэт харуулын тусгай ротод алба хааж байсан үе үеийн одоо байлдагч нар, үе үеийн офицер, ахлагч нар, хүндэт харуулын дарга нар та бүхэндээ Хүндэт харуулын тусгай хороод үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг Ангийн захирагч миний бие хувиасаа болоод ангийнхаа нийт удирдлага, хамт олон нийт, хүндэт харуулчдынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье ээ.
Ярилцсанд баярлалаа.


“Хөрөг” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: