
Их говийн нар баруун хойд уулын цаагуур ташуурч, улбар шар өнгө тэнгэрт сэмрэхтэй зэрэгцэн уяаны шон дээр хүүхдүүдийн гийнгоон дуу цангинана.
Сэргэлэн жаалууд “Ум хэрэ, Бадан дади, Базар горьда, Хаян хярваа, Хүлү хүлү, Хум пад, Гийнгоо өө…” хэмээн сэнгэнэтэл уянгалуулах.
Уяаныхаа эхэнд хийморийн дарцаг хийсгэж, зургаан ац модыг дөрвөлжлөн татсан энэ уяа бол Дундговь аймгийн Луус сумын малчин, Монгол Улсын Манлай уяач Ч.Эрдэнэчулууных.
Өдгөө дал хэдийнэ гарсан өвгөн уяач энэ жил нас, насны хорь гаруй морь живхийтэл сойжээ. Ярьсан нь алт, хэлсэн нь эрдэм болдог өвгөн уяачийн уяанаас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
ВИДЕО ЯРИЛЦЛАГА: Монгол Улсын Манлай уяач Д.Эрдэнэчулуун: Э.Улаанхүү бид хоёрыг дурантай уяач гэлцэх юм. Ингэж хэлүүлэхэд их л хөдөлмөр орно доо…
ДУНДГОВИЙН ДУРАНТАЙ УЯАЧДЫН ДУУН ЦАДИГ ИЙН ЭХЭЛВЭЙ…
2008 оны Үндэсний их баяр наадмын Их насны морьдын цувааг Дундговийн Луусын Ч.Эрдэнэчулууны уясан Л.Бямбаноровын Хар морь өнгөлөн ирж байлаа. Их наадмын айргийн цэнхэр хашаанд орсон даруйд нь Үндэсний телевизийн сэтгүүлч Л.Цагаандалай “Үстийн Банзрагчийн гал удам төрийн наадамд их морь түрүүлгэлээ, сэтгэгдлээ хуваалцаач” гэхэд их уяач хоолой зангируулан байж “Би ч сайн мордуулж, Хар морь ч сайн байлаа” гэж хэлээд гарсан гэдэг. Тэр үеийн ганган шаавай уяачдын дундуур хөдөөгийн хөх уяач, элэгдсэн эр хар суран бүслүүртэй, шаралтсан ширэн савтай хоёр нүдний дурангаа зүүж явсан нь ийнхүү олны хараанд өртөж л дээ.
Түүнээс даруй 15 жилийн дараа Дундговь аймгийн Луус сумын уяач Эрдэнээгийн Улаанхүү гэх уруул дээрээ Ч.Эрдэнэчулуун Манлай шигээ чимх сахалтай эр, төрийн наадамд хар шүдлэн үрээ түрүүлгэж айргийн морины хашаанд орохдоо хоёр нүдний улаан боодолтой дурангаа намируулан орж “Дундговийн дурантай уяач” гэх нэрийг хоёронтоо дархалсан нь энэ.
Ч.ЭРДЭНЭЧУЛУУНЫГ МОНГОЛЫН ИХ УЯАЧ БОЛОХЫГ ГОВИЙН ХУТАГТ О.ТАГАРВАА ЛАМ, Ж.СОДНОМПИЛ МАНЛАЙ НАР ЗӨГНӨН ХЭЛЖЭЭ
Аймгийн төвийн хүүхэд хөдөө өвөө эмээ дээрээ ирж гуравдугаар ангиасаа эхлэн хурдан морины сүүл шууж, хусуур сойж бүсэндээ хавчуулжээ. Хожим цэрэгт байхдаа Төв Цэнгэлдэх хүрээлэнд орж үзсэн байна. Олон цэргийн марафонд гүйж хоёрдугаар байранд орохдоо энэ том цэнгэлдэхэд би морь түрүүлгээд ахин орж үзэх юм сан гэж мөрөөдөж байсан удаатай гэнэ. Түүнийг ийнхүү их уяач болохыг хоёр хүн зөгнөж байсан тухай ийн ярьж байна.
Тэрбээр “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул говийн хутагт О.Тагарваа лам намайг их том уяач болно гээд нэг эсгий нэмнээ, гурван хазаар бэлэглэж байлаа. Удаах нь Монгол Улсын Манлай уяач Ж.Содномпил зөгнөсөн юм. Намайг Ж.Содномпил гуай “Чи манлай болж миний цолонд хүрчихээд надтай архи уугаарай. Тэрнээс наана ууж болохгүй гээд халгаадаггүй байлаа. Би түүний цолонд хүрсэн. Хуучны хүмүүс мөн айхтар мэдэж байгаа биз” гэв.
“СУЛ БИЕТЭЙ СУРЛАГА МУУТАЙ ХҮҮҮХДИЙГ ХӨДӨЛМӨР ХҮН БОЛГОСОН ЮМ АА”
Их нүүдлийн хөлд ядарсан уу, манай сурвалжлах багийг очиход “Өвгөн болсон, алцан майга, надаас яриа аваад юу гэх вэ. Сайхан залуу хүмүүсээс ав” хэмээн ая муутайхан байсан ч урт холын зам туулж ирснийг бодоод зөвшөөрсөн юм.
Багаасаа хөдөлмөрлөхийг шашин мэт шүтэж ирсэн тэрбээр “Чи ч гэсэн хөдөлмөрлөж яваа л хүү бололтой. Илүү их хичээгээрэй” гэж хэлээд дараах түүхийг ярьж өгсөн юм.
“Би амаараа ч, амьдралаараа ч үлгэрлэх гэж их хичээсэн хүн. Сул биетэй, сурлага муутай хүүхдийг хөдөлмөр л хүн болгосон юм. Зүгээр сууна гэдэг тэнэгрэл. Мал, маллах хажуугаар нь морь уях гэдэг нөр хөдөлмөр ордог.
Нэг хэсэг нүүгээд огт тогтдоггүй байлаа. Нэг газар буугаад маргааш нь гэрээ ачааллаад хөдөлж байсан үе бий. Тэр их ажлын хажуугаар хөдөөгийн уяач, улсын наадам зорьж очиж айраг түрүү хүртэнэ гэдэг том аз өм болж таардаг. Манлай уяач Г.Батчулуун найз маань “чи улсын наадамд ирээд л бай, ирээд л бай. Нэг л өдөр юм дуулна шүү” гэж хэлж байсан удаатай. Тэр үг намайг их хурцалсан даа. Тэгэхээр уйгагүй хөдөлмөр, шантралгүй зүтгэл л намайг өдий зэрэгтэй болгосон байгаа биз” гэлээ.
– Хөдөлгөөн хүнийг эрүүлжүүлдэг
Хөдөлмөр хүнийг сайхан амьдруулдаг.
– Орлогогүй бол тамхи битгий тат
Овилгогүй бол архи битгий уу
Цаашлаад тэр “Чи миний өмнөх ярилцлагуудыг үзэж байсан бол би
–Хөдөлгөөн хүнийг эрүүлжүүлдэг
Хөдөлмөр хүнийг сайхан амьдруулдаг.
-Орлогогүй бол тамхи битгий тат
Овилгогүй бол архи битгий уу” гэж лоозогнож явсан хүн. Хөдөлмөрийн тухай гэвэл би хангалттай харуулсан, ярьсан. Харин тэр архи, тамхи гээчийн тухай ярих юм их бий. Юу юуны духанд хүрэлгүй залуучууд бор дарс хүртээд байх болж. Морь уядаг залуучуудад дэмий юм.
Даруухан, их хөдөлмөр ч хүн л их юм дуулна даа. Морь уяж байхад архи уухаар байр нь ухраад байх шиг санагддаг.
Архины алдаа л байхгүй юу даа.
Харин юманд хэмжээ хязгаар гэж зүйл байдаг юм билээ. Нас 60 гараад ирэхээр аз өм гэдэг зүйл нэг их гавихааргүй болчихдог. Залуу сайхан цагт нэг аймгийн зургаан насны түрүүг авч байлаа. Одоо бол болсон шиг байгаа юм.
Саяхан даа би Бор үрээгээ нэг айрагдууллаа. Тэрнээс гавьсангүй. Гэхдээ яах вэ эр хүний дотор эмээлтэй хазаартай морь бий гэлцдэг. Дал гаруй насандаа төрийн наадамд морь айрагдуулсан хүн их цөөхөн юм билээ гээд л дотроо бодож сууна”
“ИХ АЛДАР НЭР ХҮНИЙГ ЭВДЭХ ГЭЭД БАЙДАГ ТАЛТАЙ”
Та түрүүн хэллээ, залуучууд юу юуны духанд хүрэлгүй архи ууж байна гэж. Зарим залуучуудыг харахаар нэг хоёр наадамд морь айрагдуулчихаад л ууж онгироод байх шиг анзаарагддаг?
-Их алдар нэр хүнийг эвдэх гээд байдаг талтай. Би, би гэж онгирхоосоо түрүүлээд тархи, бодлоороо амьдрах гээд үз. Юу юуны духанд хүрэлгүй овоо товгийн наадамд морь айрагдуулчихаад агсам тавилаа л гэж сонсогдох. Жалганаасаа гарч үзээгүй хүн л тийм юм хийнэ дээ. Тийм болохоор л овилгогүй бол архи битгий уу гэж лоозогнож байхгүй юу.
Их сайхан тааруулаад хүртчихдэг, уураасаа түрүүлээд ухаанаа зардаг хүн бол тэгэхгүй дээ.
“ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС ИХ УХААНТАЙ БОЛСОН. ИХ УХААНЫГ ЗАЛХУУРАХАД Л АШИГЛАЖ БОЛОХГҮЙ”
Одоогийн залуучууд, хүүхдүүд их ухаантай болж. Мань мэт хүлээн зөвшөөрөлгүй яах вэ. Залуу хойч үедээ ч итгэдэг. Гэхдээ тэр их саруул сайхан ухааныг залхуурахад ашиглаж болохгүй.
Мань мэт чинь хоёр сугаа цэврүү үсэртэл ховоо татдаг, малаа усалдаг байлаа. Одоогийн залуучууд чинь яав унаж, мотор асаачихаад л давхилдаад байх нь тэр. Гэтэл тэр нь өөрийнх нь эрүүл мэндэд ямар олигтой байх вэ дээ.
Та нар ч гэсэн суухдаа аль болох завилж сууж бай. Энэ л эрүүл мэндийг чинь аварна шүү. Яагаа ч үгүй сандал барьж гүйгээд байвал над шиг эрт хөлгүй хазгар өвгөн л болох вий.
Хүний залуу нас, аз өм гэдэг зүйл богинохон байдаг юм билээ. Хайрлаж явах хэрэгтэй. Би Э.Улаанхүүгээ одоо өөрийнхөө морийг уяад олигтойхон давхиул гэж хэлсэн. Залуу нас гэдэг нэг мэдэхэд л сүнгэнээд өнгөрнө.
“ЗАЛУУЧУУД ХҮНИЙ ҮГ СОНСДОГ, НЭГЭНДЭЭ ТУС ДЭМ БОЛДОГ ӨВ СОЁЛОО ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ”
Д.Эрдэнэчулуун гуай тэртээ нэгэн хавар Тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайн 500 гаруй адуу шуурганд уруудахад 260 гаруйг нь цуглуулж өгч байжээ. Энэ тухай…
– Бид нэгнээ таньдаг улс байлаа. Шуурганд уруудсан 500 гаруй адууных нь талыг цуглуулж өгөөд буцаахад “Юманд хэмжээ хязгаар байдаг бололтой. Бүрэн цуглаагүй ч ийм л хэмжээг надад болно гэж бурхан үлдээсэн бололтой. Би төрийн наадамд морь түрүүлгэж үзээгүй хүн. Харин чи чадсан. Түүнийхээ хажуугаар ийм нинжин сэтгэлтэй байна гэдэг сайн хэрэг шүү” гэж хэлж байлаа.
Одоо эргээд бодох нь ээ залуу насандаа олон ч хүний сайн үгийг сэтгэлдээ шингээж явж ээ л гэж боддог.
Орчин үеийн залуучууд ч гэсэн хүнд тустай явахыг эрхэм дээд гэж бодож явах хэрэгтэй” хэмээв.
“МОРЬ, ХҮН ХОЁР УДМАА Л ДАГАДАГ ЮМ. САЙН ХҮНИЙ УДАМ САЙН Л ХҮН БАЙНА, САЙН УДАМТАЙ АДУУ ХУРДАН Л БАЙНА”
Бидний ярилцлага дуусахад тэрбээр манай уншигчдад хандаж,
“Морь хүн хоёр удмаа л дагадаг юм шүү. Сайн хүнтэй л ханилаарай. Сайн хүний үр сайн л хань болно. Сайн удамтай адуунаас хурд төрдөг юм шүү” гэдгийг онцолж хэлсэн юм.
Хүрэн улаан дээлийг
Зэгэл болтол
Зандан хүрэн морийг
Гуулин хүрэн болгосон нь
Сонирхуулахад Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор Айргийн дөрөвт хурдалсан Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбатын хүрэн морийг Д.Эрдэнэчулуун гуай уяж байхдаа,
“Хүрэн улаан дээлийг
Зэгэл болтол
Зандан хүрэн морийг
Гуулин хүрэн болголоо” хэмээн ам бардам хэлж айрагдуулж явсан гэх үлгэр домог мэт яриа одоо ч хурдан морь сонирхогчдын дунд яригдсаар байдаг билээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Дундговь аймгийн Луус сумын малчин, Монгол Улсын Манлай уяач Ч.Эрдэнэчулуун эрхэм хүмүүнийд зорин очиж, бэлтгэсэн ярилцлагаа уншигч танд хүргэлээ.
Сэтгүүлч Х.Умаахан
Зураглаач Ц.Мандуул