
“Рейн Рур-2025” Дэлхийн оюутан тамирчид Герман улсад хуран чуулахад 7-хон хоног үлдээд байна. Монгол Улсаас спортын 8 төрөлд 100 гаруй тамирчин өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих болно.
Монголын баг тамирчдын оролцох спортын төрлүүдийг танилцуулъя
- Волейбол (эмэгтэй шигшээ баг)
- Ширээний теннис
- Жүдо
- Таеквондо
- Усанд сэлэлт
- Байт харваа
- Сагсан бөмбөг 3х3 (эрэгтэй, эмэгтэй шигшээ баг)
- Туялзуур сэлэм
Монгол улсаас Универсиадад хурд хүчээ сорих багийн түрүүч энэ сарын 12-ны өдөр Герман улсыг зорих төлөвлөгөөтэй байна.
Универсиад наадам Герман улсад 36 жилийн дараа
Тус наадам нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хөшгөө нээж, 27-ны өдөр хаалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Түүх сөхөөд үзвэл 1989 онд Герман улсын Дуйсбург хотноо Дэлхийн оюутан тамирчид хуран чуулж байсан. Тэгвэл тус улс нь хоёр дахь удаагаа дэлхийн шилдэг залуу тамирчдын томоохон өрсөлдөөн болох “Бага олимп”-ыг хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэж буй.
“Бага олимп” хэмээн тодотгосон нь Универсиад наадмаас л дараагийн Ази тив, дэлхий, зуны олимпын наадмын шилдэг тамирчид төрөн гардаг.
Спортын 18 төрлөөр зохиогдох “Универсиад XXXIII наадам”-д 150 гаруй орны 8500 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ илгээжээ.
Монгол Улсаас Универсиад наадмыг “Өрөг.mn” томилолтын баг сурвалжлан ажиллана
Хоёр жил тутамд дэлхийн орон орны өнцөг булан бүрээс хуран чуулсан тамирчин залуус эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон спортоор шударга өрсөлддөг. Тухайн улс орны оюутан буюу залуу тамирчдын шигшээ багаас бүрдсэн хүчирхэг бөгөөд өсөх ирээдүйтэй тамирчид бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорьдог билээ. Энэ удаагийн наадмыг Монгол Улсаас Универсиад наадмыг “Өрөг.mn” томилолтын баг буюу Спортын сэтгүүлч А.Алтанчимэг, Зураглаач Ц.Мандуул нар Герман улсыг зорино. Спортын сэтгүүлч А.Алтанчимэгийн хувьд тэрбээр “Гванжу-2015” дэлхийн оюутны спортын их наадмыг БНСУ-аас сурвалжлан ажиллаж байсан туршлагатай нэгэн. Ийн манай сайтын зүгээс Үндэсний их баяр наадмын ар дээр үзэгч, уншигч та бүхнийг уйдаахгүй, сонирхолтой мэдээ мэдээлэл, сурвалжлага, контентоор бэлэг барих болсноо дуулгахад таатай байна.
Сайн дурын ажилтан буюу Волентёр
Аливаа тэмцээн уралдаанд сайн дурын ажилтан буюу волентёрыг сонгон шалгаруулж авдаг.
Тэгвэл “Рейн Рур-2025” Дэлхийн оюутны зуны Универсиад наадамд 12 мянган сайн дурын волентёр ажиллана. Наадмыг зохион байгуулах хорооноос 18 настай, Англи болон Герман хэлээр ярьдаг залуусыг шалгаруулж авчээ.
Наадам болох хотуудыг танилцуулъя
Герман улсын Рейн Рур бүс нутаг буюу нийт зургаан өөр хотуудад Универсиад наадмын шилдгүүд тодрох учиртай. Тухайлбал, Бохум, Дуйсбург, Эссен, Мюлхейм, Хаген, Берлин гэсэн хотуудад тэмцээн уралдааныг зохион байгуулна.
Медалийн эзэд тодрох спортын төрлүүд:
Универсиад XXXIII наадмын спортын 19 төрөлд медалийн эздээ тодруулах юм. Энэ дотроо нэгэн сонирхол татаж буй нь тэргэнцэртэй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнийг зохион байгуулагчид орж ирж буй.
- Сагсан бөмбөг 3х3
- Тэргэнцэртэй сагсан бөмбөг 3х3
- Байт харваа
- Спортын гимнастик
- Хөнгөн атлетик
- Бадминтон
- Сагсан бөмбөг 5х5
- Элсний волейбол
- Шумбалт
- Туялзуур сэлэм
- Жүдо бөх
- Уран сайхны гимнастик
- Сэлүүрт завь
- Усанд сэлэлт
- Ширээний теннис
- Таеквондо
- Талбайн теннис
- Волейбол
- Усан поло

Медалийн тухайд:
Таван өргөгдсөн зураас нь FISU буюу Олон Улсын Оюутны спортын холбооны наадамд эв нэгдэл, ололт амжилт, хамтын хүсэл тэмүүллийн хүчирхэг бэлгэ тэмдэг болох гялалзсан од болон нэгдэж буй тивүүдийг төлөөлөн дүрслэн бүтээжээ. Медалийн динамик хэлбэр нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлж буй залуу үеийнхний хөдөлгөөн, олон талт байдал, хүсэл тэмүүллийг илэрхийлнэ.
“Рейн-Рур 2025” наадамд 234 төрөлд медаль гардуулах бөгөөд нийт 2150 орчим медаль үйлдвэрлэсэн байна. Тэд бүгдээрээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдын шударга тоглолт, сахилга бат, шилдэг амжилтын бэлгэдэл юм.
Медалийн хайрцаг нь мөн гүн гүнзгий бэлгэдлийг агуулснаар үйлдвэрлэжээ. Түүний зоримог, өнцөгт гадна тал нь тухайн бүс нутгийн уул уурхайн өв уламжлалаас сэдэвлэсэн бөгөөд зохион байгуулагч хотуудыг төлөөлсөн зургаан контуртай. Дотор нь дулаахан, зочломтгой байдал буюу яг л Рейн рурын бүс нутаг мэт.
Монголчууд Дэлхийн оюутны зуны универсиад наадамд үзүүлж байсан амжилтууд:
Монгол Улсын оюутан баг тамирчид 1973 оноос эхлэн дэлхийн зуны универсиад наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Монгол Улсын оюутан тамирчид нийт зуны универсиад 13 наадмаас спортын 9 төрөлд 55 медалийг зүүсэн байна.