
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад энэ сарын 6-13-ны хооронд төрийн айлчлал хийж байгаа билээ.
Эрхэм дээд Хатан Масако гэж хэн болох, түүний амьдралын талаар танилцуулья.
Тэр бол дэлхий дахинд Японы эзэн хааны гэр бүлийн гишүүн, төрийн хүндэт хатан хэмээн танигдсан нэгэн. Харин түүний амьдрал зөвхөн сүр хүч, гоо үзэсгэлэн бус, дотоод тэсвэр тэвчээр, олон жил үргэлжилсэн ганцаардал, өөрийнхөөрөө байхын төлөөх тэмцэл байлаа.
Масако хатан энэ онд 62 нас хүрнэ. Тэрбээр нэр хүндтэй дипломатчийн гэр бүлд төрж өссөн бөгөөд аавынхаа ажлын шалтгаанаар Москва, Нью-Йорк зэрэг томоохон хотуудад бага насаа өнгөрүүлсэн. Залуу насандаа Харвардын их сургуулийг “онц дүнтэй” дүүргэж, 1987 онд Японы Гадаад хэргийн яаманд ажилд орсноор бие даасан дипломат карьераа эхлүүлж байв.
Түүнийг Японы өнөөгийн Эзэн Хаан Нарүхито анх 1986 онд нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд харсан гэдэг. Тэр үед 23 настай Масако ухаалаг харц, өөртөө итгэлтэй яриагаараа олны анхаарлыг татсан гэлцдэг аж. Хожим нь Нарүхито ханхүү тэр үеийн тухай дурсахдаа:
“Даруухан атлаа бодлоо тодорхой илэрхийлдэг, гүн ухаантай хүн гэж мэдэрсэн. Бидний яриа яг л сэтгэл зүрхээрээ ойлголцож байгаа мэт байлаа” хэмээжээ.
Гэрлэх хүртэл тэдний харилцаа долоон жилийн турш үргэлжилсэн. Энэ хугацаанд хатуу дэг журам бүхий эзэн хааны гэр бүлийн шалгуур, нөгөө талаас Масакогийн дипломат ажилдаа хандах хүндэтгэл, тууштай байдал хуримыг хойшлуулсаар байв.
Ханхүү энэ бүхний дундуур нэг ч удаа бууж өгөлгүй, Масаког гэр бүлдээ татан оруулж чадсан. Тэрбээр “Хатан хаан байх ч, дипломат ажилтан байх ч, аль аль нь эх орныхоо төлөө үйлчилж байгаа хэрэг” хэмээн хэлж, хайртай эмэгтэйнхээ ирээдүйг ойлгуулж чадсан юм.
1993 онд тэд хуримаа хийсэн ч хосуудын амьдрал төсөөлснөөс тэс өөр байв. Нийгмийн зүгээс ханхүү төрүүлэхийг шаардах шахалт нэмэгдэж, 2001 онд тэд охин Айко гүнжийг өлгийдөн авсан.
Гэвч эзэн хааны гэр бүлийн уламжлал ёсоор охин хүүхэд хаан ширээ залгамжлах боломжгүй тул нийгмийн хүлээлт үргэлжилсээр байв.
Энэ бүхэн Масако хатны сэтгэлзүйн эрүүл мэндэд хүчтэй нөлөөлсөн.
2003 оноос эхлэн тэр “дасан зохицох эмгэг” гэх оноштойгоор олон жилийн турш албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоо больсон.
Сэтгэлзүйчдийн тайлбараар бол, энэ эмгэг нь дотоод үнэ цэн, хүсэл тэмүүлэл, гаднын хүлээлтийн зөрчлөөс үүдэлтэй сэтгэлзүйн гүн дарамтаас үүдэлтэй байв.
Харин түүний хажууд Нарүхито ханхүү, өдгөөгийн Эзэн Хаан үргэлж байсаар ирсэн. Хуримын санал тавихдаа хэлсэн “Насан туршид чинь хамгаална” гэх амлалтаа тэр хэзээ ч умартаагүй.
Японы хааны гэр бүлийн түүхэнд анх удаа Эзэн Хаан олон нийтэд хандан “Миний гэргий миний хамгийн чухал хүн” хэмээн ил тод мэдэгдэж, хайр халамжаараа эхнэрээ тэтгэж, дэмжсэн юм.
Японы нийгмийн онцлогийг бодолцвол энэ бол том алхам.
Масако хатан өнөөдөр эрүүл саруул, хатны хувиар үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Олон жилийн дараах анхны гадаад айлчлалуудынхаа нэгээр тэр Японы Эзэн Хааны хамт Монгол Улсад хүрэлцэн ирж байна.
Энэ нь Нарүхито хаан сэнтийд заларснаас хойш хийж буй гурав дахь төрийн айлчлал бөгөөд өмнө нь Англи, Индонез улсад айлчилж байв.
Түүнчлэн Масако хатны эмэгтэй дүү 1990-ээд оны үед UNICEF-ийн Бээжин дэх салбарт ажиллаж байхдаа Монголд хэд хэдэн удаа айлчилж байжээ.
Энэ үеэрээ ардчиллын шилжилтийн хүнд нөхцөлтэй танилцаж, буцаж очоод дүүтэйгээ ирээдүйн Хатан хаантай Монгол орны тухай дэлгэрэнгүй ярилцсан гэдэг. Үүнийг Японы хэвлэл ч онцлон тэмдэглэсэн байдаг.
Японы хааныг “Нарны бурхны үр” хэмээн нэрийддэг. Харин энэ удаад Хөх Тэнгэрийн орон руу нарны гэрэл, намуухан инээмсэглэл тээж айлчилж байна.