
…Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө
Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи
Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо
Шаналан туучин ирдэг жаргал болсон чи
Дэндүү ариун хайрыг минь чи
Дэлхийгээр нэг цацаагүй сэн бол
Эвийлэх ганцхан ижийгээ мартан чамайг хайрлаж
Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ
Чамд би гомдох эрхгүй…
Яруу найрагч Л.Ганзулын “Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ…” хэмээн эхлэх нэгэн шүлэг санаанд орсноор нийтлэлийн эхэнд орууллаа.
Номуудаа санал болгохоос өмнө уншигч танаас асуух нэгэн асуулт байна. “Хайр гэж юу вэ?” “Хайрыг та юу гэж ойлгодог вэ?” гэх асуултад та хариулахыг оролдоод үзээрэй. Тэгээд хайрын тухай өөр өөрийн гэсэн бодлуудаа хуваалцаж бичсэн ч болно шүү. Энэ бол таны санал бодлоо чөлөөтэй хуваалцах талбар гэж ойлгоорой.
Ричард Давид Прехтийн ХАЙР: Цэгцрээгүй сэтгэл


Энэхүү номыг хамгийн эхэнд санал болгож буй нь учиртай. Бидний хайр гэж бодож явдаг хийсвэр ойлголтуудыг зарим талаараа үгүй хийж ч мэднэ. Прехт Хайр номдоо сэтгэл судлал, философи, антропологи, биохими, тархи судлал гээд асар олон салбараас дэвшүүлсэн голлох онол, номын тухай авч үзэж, үүндээ шинжлэх ухааны болоод нийгмийн ухааны зүгээс бодит баримт фактаар няцаалт өгч чадсан юм.
Жишээ нь, хайр яг хэзээ үүссэн байж болох талаар бичихдээ хүн сармагчин төрлөөсөө салж нүд нүдээ харж хурьцал үйлддэг болсноос эхэлсэн байх магадлалтайг тодорхойлсон. Цаашлаад эрчүүд яагаад хөх, өгзөг хардаг болсон талаар мөн л сармагчин байхдаа цуварч явдаг байснаас үүдэлтэй гэх. Харин хөхний тухайтад үр хүүхдээ хоол тэжээлээр хангах гол хэрэглэгдэхүүн нь учраас эрчүүдэд тэр нь гоо сайханлаг харагддаг. Харин эмэгтэйчүүд эрчүүдийн том мөр, өргөн цээж, булчин шөрмөслөг байдлыг хардаг болсон нь овог аймаглан амьдардаг байхад хамгийн хүчтэй нь удирддаг байсан учраас одоог хүртэл бидний оюун санаанд тийм зүй тогтол бий болсон гэх мэтчилэн маш нарийн тодорхойлон бичсэн байдаг. Ямартай ч эл номыг уншвал бид хайр гэх үүсмэл зүйлд хэрхэн болгоомжтой хандах, зөв зүйтэй үр ашигтай болгох талаар ожйлгож авах болов уу.
Нөгөөтээгүүр үргэлж “хайртай, хайртай” гэж хэлэх нь яг хайр мөн үү, биш үү гэх мэтчилэн олон асуултад тань хариулт өгнө. Энэ нь таныг ирээдүйд үүсэх эрсдэлээс ч сэргийлж юуны магад. Жишээ нь, гэр бүл салалт, хүмүүсийн хуурамч төрхөөс авран хамгаалах ч юм бил үү.
“Арьсан хүрэмтэй Мадонна”
Сабахаттин Алигийн Арьсан хүрэмтэй Мадонна романы талаар элдэв төрлийн юм нурших нь илүүц хэрэг биз ээ. Харин шууд анх Монголд хэвлэгдсэн даруйд нь уншчихаад төрсөн “Сэтгэцийн өвчтэйгөө мэдэх…” хэмээн номын тэмдэглэлийг орууллаа.
“Хүний сэтгэл гэгч тайгын модод шиг бөглүү хэр нь хөнгөн хийсвэр нь дэндэхээрээ тогоотой сүү дэврэх шиг барьж тогтоож боломгүй тийм агшинг хэлэх мэт. Өөрийгөө галзуу сэтгэцийн өвчтэй гэдгээ мэдэх аймшигтай. Мэдэж буйгаа мэдрэх бол бүүр ч аюултай. Хүмүүс намайг гаднаас минь хараад галзуу солиотой хүн гэж хэзээ ч харахгүй. Тэгж харагдахыг ч би хүсэхгүй. Эгэл даруу, чив чимээгүй, нийтэч байдлыг тэргүүн зэрэгт тавин жүжиглэдэг юм чинь. Энэ өдрөөс хойш Райф энэ зургийн өмнө өдөр болгон ирж олон цагаар харж суух болов.
Гэвч олон янзын солиорол, дэмийрэл элдэв гаж хүслүүдийн нийлэмж тархи толгой, ой ухааныг минь дүүргэнэ. Адын бодлууддаа эзэмдүүлэн зовж шаналж суухаасаа таашаал авах нь ч бий. Үхэл гэж нэрийддэг хүн бүрийг айдаст автуулдаг тэр зүйлтэй учирмаар санагдах. Эл байдал минь бүр даамжирч гаднаа илэрдэг болов. Пиво уунгаа ганцаараа чанга чанга орилох шахам ярьж суухад хэн нэгэн намайг “Өнөөх галзуу чинь сууж байна гарцгаая” гэхэд миний бах тав ханан, чангаас чанга хөхрөн баясна. Бүх цаг мөчид л үхлийн хөндийд чулуу дэрлэх тэр өдрөө хүлээж суугаа нь тэр. Чи юу ч хийхгүй байсан ч хамаагүй цаг хугацаа урссаар л байна. Амьдралын яг юунаас таашаал авч цаг хугацааг өнгөрүүлэхээс шалтгаалж оршихуйн үнэ цэн тодорно. Миний хувьд энэ бүгд ямар ч утга учиргүй болж.
Шөнийн гурван цагт нойр хулжин тэнүүчилж явсан бодолд минь гэнэт л Мадонна, Мадонна, Мадонна гэсэн нэр зурсхийн орж ирлээ. Зохиолын хэсэгт дүрслэгдэх Мадоннагийн хөрөг нүдний минь цөцгийд хадгалагдан үлджээ. Би хөргийнх нь өмнө зогсоно. Энэ надад үнэхээр таалагдлаа. Би зурагт дүрслэгдэх төдий өгүүлэгдэх эмэгтэйд үнэн сэтгэлээсээ дурлачхаж. Томасыг ер нь хэнийг ч үзэн ядалгүйгээр ганцхан Мадонна л нүдэнд үзэгдэнэ. Ийм хоосон зүйл гэж бас байдаг аа. Хаанаас ч юм хэн нэгэн эмэгтэй “Чамд энэ зураг их таалагдаа юу” гэж асуух шиг болоход бие зарс хийж нуруугаар хүйт даана. Магадгүй түүний нүцгэн цээж, богино банзлын цаанаас цухуйх цэгц шулуун хөлийг төсөөлөхөөс илүүтэй нүдийг нь бас уруулын хөдөлгөөнийг нь ширтэж сууна. Ахин хоёр пиво захив. Нэгийг нь Мадоннад нөгөөг нь өөртөө. Тиймээ би хэн нэгэнтэй ярилцахыг л хүссэн. Мадонна Мадонна, хайрт Мадонна минь!
Үүрийн дөрвөн цаг.
Эхнэр минь хажууд намуухан амьсгалж, урт холын зүүдэндээ умбан унтаж байлаа”
Сонирхуулахад, энэхүү нийтлэлийг бичиж суухдаа нээрээ манай улсад Валентин нэртэй хэдэн хүн байдаг юм бол гэсэн этгээд бодол төрөөд, Статистикийн Үндэсний Хорооны сайтаас хайж үзэв. Ингэхэд “Валентин” нэртэй ГУРВАН хүн бүртгэлтэй байна. Харин ХАЙР гэдэг нэртэй 16 хүн байх аж.
Сонин бодол, Хайр хэмээх нэртэй иргэнийг ажлын хамт олон болон бусад хүмүүс мэдээж товчилж дуудахгүй байж таараа. Түүнтэй гэр бүл болох хүмүүст жаахан хэцүү ч юм шиг. Хардах сэтгэл төрмөөр ч юм шиг. Жишээ нь, ажлынх нь газрын дарга нь Хайр аа гэж дуудахаар яах бол доо?
“Жамиль”
Чингиз Айтмотовын дипломын ажилдаа зориулж бичсэн эл туужийг өдгөө “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн тодотгох болжээ. Зарим үед зүгээр л хайртай хүнээ дагаад хаашаа ч хамаагүй явчихмаар санагдсан үед энэхүү номыг уншвал тун зүгээр санагдсан.
Дэлхийн II дайны гурав дахь жилд (1943 он) Киргизстаны тал нутгийн нэгэн тосгонд үйл явдал өрнөж, шударга, хөдөлмөрч, үзэсгэлэнт залуу бүсгүй Жамильд төвлөрнө. Түүний нөхөр Садык нацист Германы эсрэг дайнд явсан бөгөөд тэр цагт киргиз эрчүүдийн ихэнх нь фронтод тулалдаж байсан учир хүүхдүүд, хүүхнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тосгоны тариан талбайд ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг байлаа. Нэг өдөр суга таягаа эмээлийнхээ бүүрэгт бэхэлчихсэн, бригадын дарга Орозмат хэмээх эр Жамилийн хадам эх дээр ирж, Жамилийг ойрх тариан талбайгаас галт тэрэгний буудал руу буудай зөөхөд туслуулахыг хүснэ. Хар багаас өнчин өрөөсөн, орон гэргүй байхын зовлонг туулсан Данияр дайнд шархадсан учир төрөлх нутагтаа эргэн ирснээр гоо бүсгүй Жамильтай нүүр учрах хувь тавилантай байжээ. Эр нөхрөө хүлээн залуу насны гоо үзэсгэлэнгээ бүдгэрүүлж яваа Жамиль бүсгүйд гэр сахин нэргүй ажилд дарагдаж сууснаас олны дунд үймж бужигнан сэтгэлээ сэргээж явах нь сайхан л гэж бодсоноос орох орон оочих аягагүй, төрөл садангүй тэнэмэл хазгар залууд гэнэт сэтгэл алдарна гэж хэн хүний зүүдэнд орох билээ. Данияр анхны харцаар л Жамильд дурласан байж болох ч тэр зохиолч ам нээсэнгүй.
Харин түүний зовлон үзсэн дотогшоо зан авирт нуугдсан хайрын цучилыг харц хөдөлгөөнөөр дүрслэн үзүүлж цаашид энэ хоёрын хооронд бий болох аюултай харилцааг зугуухан уншигчийн сэтгэлд шургуулна. Нүүдэлчин овог аймгийн эртний ёс заншил, шашин шүтлэгээс улбаатай эмэгтэй хүнийг эд хөрөнгө адил өмчлөх сэтгэхүй салаагүй тийм үед албан ёсны эр нөхрөө хуурсан бүсгүй хүн хамгийн шившигтэй гутамшигт амьтанд тооцогддог байсныг бодохоор Жамиль бүсгүй тэнэмэл Данияртай холбоо тогтоох нь эрсдэлтэй байлаа.
Анхандаа дээрэнгүй шооч нүдээр харж байсан Жамиль яваандаа түүнд татагдах болсон нь дотоод сэтгэлд асан дүрэлзэх жинхэнэ гоо сайхныг мэдэрч, эх нутгаа хайрлан дуулах дуунаас нь хоёргүй үнэн сэтгэлийг нь танин мэдсэнийх байлаа. Энэ хоёрын нуугдмал хайрын түүхийг хүүрнэж байгаа өсвөр насны Саиет хүү бол бэр эгч Жамильдаа нууцхан дурласан ч гэлээ жинхэнэ хайртайгаа учирч байгаа үзэсгэлэнт эгчийнхээ талд байж, түүнийг өмгөөлөн хамгаалдаг нь хүүхэд насны цайлган зан, хайрын хүчийг мэдэрч буй залуу хүний цагаахан сэтгэл юм.
Сайх хоёр хос хайр сэтгэлийнхээ төлөө морин тэргэн дээрээ суугаад зүгээр л яваад өгөх хүртэл үргэлжилнэ. Уншиж дууссан дараа хөнгөн гунигийн салхи таныг бүчиж авах вий.
“Гунигт янхнуудаа дурсахуй”
“Зуун жилийн ганцаардал”, “Тахлын үеийн дурлал”, “Зарлагдсан үхлийн товчоон” зэрэг романуудын зохиолч Г.Г.Маркесын “Гунигт янхнуудаа дурсахуй” хэмээх энэ номыг яагаад ч юм санал болгомоор санагдлаа. Эл номын талаар олон зүйл яримааргүй байгаа хэдий ч дэлгүүрийн танилцуулга дээрээ “Ерэн насныхаа ойгоор би онгон охинтой галзуу шөнийг өнгөрөөж, өөртөө бэлэг барихаар шийдлээ” хэмээн эхэлдэг эл зохиолд насан туршдаа эмэгтэйчүүдэд мөнгө төлж, шөнийг өнгөрөхөөс өөрөөр хайр дурлалыг огт мэдэхгүй амьдарсан сэтгүүлч өвгөний түүхийг хүүрнэх аж” хэмээн бичсэн байна.
Уншигч миний хувьд хайр сэтгэлийн маш нарийн сэжмүүдийг эл ном тодорхойлсон шиг санагддаг. Яг үнэндээ хүн амьдралдаа нэг удаа хүрэхэд бүү хэл хайрлахад ч хайран санагддаг хайртай учирдаг шиг санагдаг билээ.