
Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн “Үндэсний их баяр наадам–2025”-ыг угтан зохион байгуулагдах соёл, урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан соёл, урлагийн арга хэмжээ, нээлт хаалтын тоглолтын бэлтгэлийн явцтай газар дээр нь танилцав.
Энэ жил нийт 14 төрлийн соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд 2500 гаруй уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, 100 гаруй хувийн хэвшлийн төлөөлөл хамтран ажиллаж байна.
Нээлт, хаалтын тоглолтын уран сайхны найруулга, дэглэлт өндөр түвшинд хийгдэж байгаа бөгөөд найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар нар ажиллаж байна. “Мөнхөд гэрэлтэх Монгол” уриан дор зохион байгуулагдах нээлтийн тоглолт нь монгол хүний үнэт зүйлс, ёс заншил, түүх соёлыг илэрхийлэх 7 хэсэг бүхий уран бүтээлийн найруулгатайгаар тайзнаа амилна.
Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг болон Монгол туургатны төлөөллүүд оролцохоор бэлтгэлээ бүрэн хангасан. Ардын авьяастан, оюутан залуус, цэргийн алба хаагчдыг нэгтгэсэн 3000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн тоглолтын баг бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Чингис хаан Үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын уран зургийн галерей зэрэг байгууллагууд үзэсгэлэн, танилцуулгын бэлтгэлээ хангаж, үзмэрүүдийг байршуулж эхэлжээ. Мөн гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын отог, гэрэл зургийн хэсэг, үндэсний урлагийн үзүүлбэрүүд, тайлбартай тоглолтууд ч тусгай хөтөлбөрийн дагуу явагдана.
Соёл, урлагийн арга хэмжээ нь монголчуудын нүүдэлчин оюун ухаан, өв соёл, үндэсний үнэт зүйлсийн илэрхийлэл бөгөөд үзэгч олонд бахархал, урам зориг, урлагийн гүн мэдрэмжийг төрүүлэхүйц өндөр түвшний уран бүтээлүүдээр өрнөх юм.