
“Оркууд” гэж цоллуулж, чичлүүлдэг ч хотынхныг идэх мах, цаг идээ, өмсөх хувцсаар “хангаж”, хөдөө хөхөрч гадаа гандсан хөдөөгийн хэдэн малчид. Бид иргэдийн ярих эрхийн индэр болох Баавгайтай чихэр нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Дундговь, Төв аймгаас бэлтгэлээ.
-Хөдөөгийнхнийг хүмүүс оркууд гэж маш их ярьдаг. Энэ үг эмзэг тусдаг уу?
-Малчин Л.Мөнхцэцэг: Хөдөөгийнхөн гэж юу ч мэдэхгүй, чадахгүй, малаасаа илүү гарахгүй гэж төв газрынхан ойлгодог. Би тэрэнд их эмзэглэдэг. Хөдөөгийнхөн гэхээрээ юу ч мэдэхгүй, харанхуй улс байдаггүй шүү дээ. Мал малладаг тэнэг хүн байдаггүй. Харин ч юмсыг ойлгож, буруу, зөвийг ялгадаг гэж боддог. Төв газраас нэг хүн ирээд ямаа саалаа гэж бодъё. Малын цаагуур ороод, эргүүл гэхэд чадах ч хүн бий, чадахгүй ч хүн бий. Харин биднийг төв газар очоод ажил хий гэвэл чадна. Сошиалаас хол хөндий, хоцрогдсон гэдэг. Гэхдээ бид төвийнхний юу хэрэглэдэг, юу идэж уудаг бүгдийг мэднэ.
-Болзоонд явж байна уу?
-Малчин П.Дамдин: Болзоонд явж байгаагүй ээ. Охид хот хүрээ, төв газар бараадчихдаг. Манай энэ хавиар хөвгүүн их бий. Алсдаа эхнэртэй болох байх. Би өнөө жил 18-тай. Есдүгээр ангиа төгсөөд сургуулиас гарчихсан юм. Мал маллана, морь уяна гээд л сургуулиасаа гарсан. Ер нь багаасаа л тийм мөрөөдөлтэй байсан юм дөө, би. Сайхан байна. Мал дээр гарснаас хойш л аавыгаа дагаад морь уяж байна.Улсын алдарт уяач болох мөрөөдөлтэй.
-Хамгийн сүүлд хэзээ өөртөө шинэ хувцас авав?
-Малчин Э.Гантулга: Эхнэр л авч өгдөг шүү дээ. Ойрмогхон авч өгөөд байсан.
-Энэ жил ноолуураа хэдэд өгөв. Арьс, шир, нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна. Салбар яамнаас ямар бодлого барих шаардлагатай байна вэ?
-С.Баярсайхан: Малын зарим түүхий эд үнэгүй, хог дээр хаягддаг нь үнэн, үнэн. Махыг нь хямдхан авна. Цаг муудахаар өвс, тэжээлийн үнэ тэнгэрт хадчихна. Өнгөрсөн жил цаг их муу байсан. Хэдэн малтай үлдэх гэж сандарсан шүү дээ. Хавар нь ямаагаа самнаад ноолуураа өгөх гэхээр үнэ нь уначихна. Хөдөөгийн бид чинь ченж нарын тоглоом шиг л хэлсэн үнээр нь л өгнө. Үнэхээр л чанартай түүхий эд юм бол ноолуурын үнийг төр барьчихдаг бол…
-Ноолуурынхаа мөнгөнөөс хадгаламж руу хийж чадаж байна уу?
-Юу байх вэ дээ, юу ч байхгүй шүү дээ. Өглөө босоод мотоциклоор малдаа явна. Мотор асааж малаа усална гээд ноолуурынхаа мөнгөөр шатахуун аваад л таардаг даа.
-Ноолууран цамц, малгай, ороолт ч юм уу авч өмсөж байв уу?
-Үзээгүй шүү. Тэрний дулаан байдгийг, чанарыг нь ч мэдэхгүй. Хот ороод дэлгүүр орохоор ноолууран цамц, малгай харагдаж л байдаг юм. Их л үнэтэй юм шиг санагдсан. Би чинь жилдээ л нэг хот ордог хүн шүү дээ.
-Ноолуурынхаа мөнгийг шатахуунд зарцуулаад дуусдаг гэлээ. Малынхаа өвс, тэжээлийг яаж болгож байна. Зээл үү?
-Зээл ч авна. Бас хэдэн мал зарна л даа. Тэгээд өвс, тэжээл, шатахуун гээд яг өөрт наалдаж байгаа юм байдаггүй шүү дээ.
-Танай аймгийн дэлгүүрүүд цайны цагаар хаачихдаг, амралтын өдрүүдэд “амарчихдаг” юм байна. Ийм байхад хэзээ хөгжил ирэх вэ?
-Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун: Манай аймагт үйлчилгээний газрууд их цөөхөн байна. Би байхгүй бол өөр газар байхгүй гээд монополдох маягтай. Иймд бид ААН-үүдийн тоог нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаа. Ажиллах хүчний дутагдалтай байдлаас үүдээд ийм нөхцөлүүд гардаг юм шиг байна лээ. Бидний зүгээс дэлгүүр, жуулчны баазуудад ганц л шаардлага тавина. Аль болох л нээлттэй бай, ажил гэдэг шаардлагыг тавина. Хэрэв 07.00-23.00 цагийн хооронд ажиллана гэсэн шийдвэр гаргах юм бол тэр хугацаанд заавал ажиллана шүү гэнэ. Ажиллахгүй бол дараагийн хүмүүст нь тусгай зөвшөөрлийг нь олгоно.
-Замаа засчихсан байгаа нь энэ үү. Улаанбаатар Дундговь чиглэлийн зам дээр хэчнээн хүн нас барсан бэ. Та мэдэх үү?
-Энэ зам бол ашиглалтад ороод 10 гаруй жил болж байгаа. Өвөл хүлээж авсан учраас шаардлага хангахгүй зам баригдсан гэх. Түүнээс хойш жижиг, сажгаар нөхөөд яваад байдаг. Улаанбаатараас нааш 170 дахь километрээс манай аймгийн зам эхэлж байгаа. Тэрнээс наашаа бол нөхчихсөн байгаа. Тэрнээс цааш Төв аймгийн зам маш их эвдрэл гэмтэлтэй байгаа. Тэрийг хүмүүс Дундговийн зам гэж андуураад байдаг. Дэлгэрцогт сумын цаана 8 километрийг огт нөхөөгүй үлдсэн байгаа. Энэ жил бид улсын төсвөөс мөнгө тавиулсан. Ямартай ч Улсын төсвийн 39 тэрбум төгрөгөөр 38 километр замыг бүрэн засахаар тавиулсан.
-Малын хулгай хэр их байна?
-Малчин Г.Төмөрхүрээ: Манай энэ хавь гайгүй шүү.
-Мал хулгайлсан хүнд ямар хариуцлага хүлээлгэдэг бол та мэдэх үү?
-Ишиг хулгайлсан ч ялтай болсон юм гэсэн шүү. Яг ямар ял гэдгийг нь мэдэхгүй.
-“Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт Эрүүгийн хуульд бий.