
Өрөг ярилцлагын энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Э.Болормаа оролцлоо.
Э.Болормаа гишүүн нь 2024 оны сонгуулийн зардалдаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан. Үүнийг иргэд олон нийтийн зүгээс гишүүний суудлаас эргүүлэн татах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Эцсийн шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хороо болон Аудитын байгууллагын дүгнэлтэнд үндэслэн гаргах учиртай. Иймээс эргүүлэн татагдах асуудал яригдаж байгаа үед нь улс төр, нутгийн удирдлага, хувь улс төрчийнх нь талаар нээлттэй ярилцлаа.
Таныг сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай Ханбогд Эксплорайшн компаниас 30 сая төгрөгийн хандив авсан. Энэ нь сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн учир эргүүлэн татах ёстой гэж үздэг. Яагаад хандиваа буцаагаагүй юм бэ?
- Сонгуулийн үеэр надад иргэд, ААН нийлээд 100 гаруй иргэн хандив өгсөн. 2024 оны 6 зургаадугаар сарын 6-нд энэ компаниас над руу 30 сая төгрөгийн хандив шилжүүлсэн болж таарсан. Гэтэл зургаадугаар сарын 7-нд опен дата дээр өөрсдийнхөө мэдээллийг өөрчилсөн байсан. Тухайн үед би бүх тайлан мэдээллээ ил тодоор холбогдох байгууллагуудад өгсөн. Хуулиар бол хандивлагч өөрөө хууль ёсны хандивлагч байх гэдгээ баталгаажуулах ёстой тийм үүрэгтэй. Тэгэхээр би хариуцлагатайгаар хууль зөрчөөгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Би өөрөө хууль тогтоогч байгууллагад байгаа хүн энэ зарчмаараа байх ёстой. 12 сараас хойших бараг хагас жилийн хугацаа өнгөрч байна шүү дээ. Би тус компанийг зохион байгуулалттайгаар хийсэн юм уу гээд цагдаад гомдол гаргасан.
Таны сонгуулийг аудит хийсэн Нийслэл аудитын буруу болоод өнгөрөх үү?
- 2024 оны сонгууль бүсчилсэн тойргоор явсан. Миний сонгогдсон 2 дугаар тойрог хамгийн их сонгогчтой тойргуудын нэгд багтдаг. Ингээд 4 аймгийн нийт одоо 78 сум, 2 тосгон, нийтдээ 80 нэгж дээр 14 хоногийн хугацаанд 40 гаруй уулзалт хийгээд явж байгаа шүү дээ. Би тийм туршлагатай улс төрч биш. Анх удаагаа сонгуульд нэр дэвшиж байгаа. Таны хэлдэг нэг бодлын зөв. Тухайн үед шалгаад зөрчил 151 сая төгрөгийг алдаатай гээд буцаасан. Энэ дээр яагаад тэр зөрчил илрээгүй юм бэ гэдэг энэ компани бүртгэлээ сольсон юм уу, нэр усаа солиод энэ асуудал үүссэн. Би энийг нь сайн мэдэхгүй байна. Би опен дата дээр ил байгаа мэдээллээс нь үндэслэж үүнийг хэлж байгаа шүү. Гэхдээ хуулиараа хандивлагч өөрөө энийгээ баталгаажуулах үүрэгтэй.
Энэ асуудалд зөрчлийн хуулиар 10 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрөх хуулийн цоорхойг нь мэдэж байсан уу?
- Энэ хандивыг буцааж байгаа нь миний ёс зүйн хувьд гаргаж байгаа шийдвэр. Би бол хууль зөрчөөгүй. Ёс зүйн хувьд гаргаж байгаа шийдвэр гэдэг нь ер нь нөгөө худал үгийг давтвал мянга давтвал үнэн болно гэдэг шиг нөхцөл байдал байна. Би энэ ЦЕГ-т гарсан гомдолдоо миний бие тус компаниас хандив хүсээгүй бөгөөд тус компанийн эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигчтэй уулзаж байгаагүй, ямар ч холбоогүй үүнийг шалгаад өгөөч ээ. Яагаад энэ компани надад хандив өгчхөөд маргааш нь бүртгэлээ өөрчилсөн юм. Үүнийг Улсын бүртгэлийн газар нь мэдэх үүрэгтэй. Опен дата руу орохоор шинэчлэгдсэн огноо гэж байдаг юм. Өөрчлөлт оруулсан огноо нь яг маргааш нь байгаад байгаа. Тухайн үед би бүх материалыг өгөх ёстой газар нь өгсөн. Энэ зөрчлийг надад хэлсэн бол арилгах л байсан. Эцэст нь дахин хэлэхэд 30 сая төгрөгөөр хүн гишүүн болдоггүй юм.
MCS-ийн хамаарал бүхий Энержи ресурс зэрэг компаниудаас 100 гаруй сая төгрөгийн хандив авсан байсан. Энэ хандивтаа юу хийж өгөх вэ?
- Юу ч хийж өгөхгүй. Би Эм Си Эс компаниас хандив асуугаагүй, уулзаагүй, мэдэхгүй, холбогдоогүй. Би тэр чигээрээ баруун бүсэд тойрогтоо ажиллаж байгаад л ил тод дансаа бүх нэр дэвшигчтэй адилхан ингээд л тавьсан. Ямар компани нь Эм Си Эс-тэй холбоотой гэдгийг би ямар улсын бүртгэл биш, яаж тэрийг нь мэдэх вэ дээ. Надад сонгуулийн зардал дээр хүн хандив болоод, хуулийн дагуу өгч байвал сайн л биз дээ. Бензин, тосноосоо авхуулаад л ашиглах хэрэгцээтэй зөндөө л зүйл байгаа шүү дээ. Манай 2 дугаар тойрогт нэр дэвшигчид нэлээн хүчтэй өрсөлдөгчид байсан. Их хүчин чармайлт гаргасан сонгууль байсан. Тэгэхээр би бүх хандив өгсөн хүмүүстээ яг адилхан баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.
Таныг аав тань улс төрд оруулсан уу, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ оруулсан уу?
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ надад Ерөнхий сайдын Ажлын албаны дарга болох санал тавьсан нь намайг улс төр лүү оруулсан.
Ховд аймгийн иргэдээс оноо авах гэж Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцээд байдаг юм уу?
- Байгалийн баялгийг бид хэрхэн ашиглах вэ гэдэг нь Монгол Улсын хөгжлийн суурь асуудал. Халзан бүрэгтэй бол Монгол Улсад хамгийн урагштай яваа газрын ховор элементийн төсөл. Газрын ховор гэдэг зүйл нь байгальд ховоор гэхээсээ илүү нэр нь өөрөө ховор. Элементийн агууламжийн хувьд боловсруулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Үүнтэй холбоотой олон улсын судалгаанууд их бий. Дэлхийн хэмжээнд хамгийн их газрын ховор элементийг боловсруулаад зардаг улс бол манай урд хөрш БНХАУ-ын Өвөрмонголд байдаг Баян-Овоо. Энэ газрын ойр орчмын байгаль орчин яаж сүйдсэн талаар олон улсын байгууллагуудын судалгаанууд бий. Тэгэхээр бид юмыг зөвхөн нэг талаас нь биш олон талаас нь хармаар байна. Байгалийн баялгаас гарах өгөөж их бий ч хүмүүсийн эсэргүүцээд байгаа шалтгааныг сонсох хэрэгтэй.
2024 онд 300 орчим хүнийг шагнахын тулд 2,4 тэрбум төгрөгийг зарцуулсан. Аварга малчин, аварга саальчин гэх мэт. Үүнийг олон нийт эсэргүүцдэг. Таны байр суурь…?
- Орон нутагт ажиллаж амьдарсан хүний хувьд улсын аварга малчин гэдэг шагнал заавал байх ёстой гэж боддог. Ямар ч улсын аваргын гэрт ороход тэр айл хамгийн хөдөлмөрч, нутаг усныхаа хамгийн нэр хүндтэй, манлайлагчид байдаг. Тэр айлаас үлгэр жишээ авч олон залуу малчид туслах малчдаас авхуулаад ажлын байраар хангаж байгаа. Эдийн засгийн хувьд тухайн орон нутгийнхаа эдийн засагт ч хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс. Эдийн засаг талаас нь ярихаасаа илүүтэйгээр үнэлж баршгүй өв соёлыг тээж явж байгаа хүмүүс гэж бодох нь зөв.
Жилдээ 2,4 тэрбум гаргаад шагнах нь зөв үү?
- Би мөнгөн дүн дээр их зүйл яримааргүй байна. Бид үнэ цэнээ зөвхөн мөнгөөр үнэлээд хармааргүй байна. Монгол малчин соёл үгүй бол монгол соёл үгүй. Энэ зүйлээ хадгалж, авч үлдэхийн төлөө бүх зүйлээ зарцуулах ёстой гэж би чин сэтгэлээсээ боддог.
Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүн томилогдох үеэр 30 гишүүд нийлээд гарын үсэг цуглуулж байсан. Үүн дээр өөрсдөө сайд болох гээд байна, шантаажлаад байна уу гэсэн хардлага явагдсан. Ер нь яагаад тийм гарын үсэг цуглуулсан юм бэ?
- Миний бие 29 гишүүнтэй хамтдаа 30 гишүүн нийлээд гарын үсэг зурж, эв нэгдэл тэгш оролцооны зарчмыг хангах шаардлагыг намынхаа Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Тухайн үед шантааж гэж хардана гэж бодоод энэ бичгийг боловсруулж байхдаа ч хүргэж өгч байхдаа ч хэлж байсан. Хэрэв сайдын албан тушаал санал болговол “би сайд болохгүй ээ” гэдгээ албан ёсоор нийтэд зарласан. Манай парламентын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл гуай энэ дунд байна. 3 удаа сонгогдсон гишүүдийн 2 удаа сонгогдсон гишүүд ч бий, анх удаа сонгогдсон гишүүд ч бий. Энэ бол зүгээр зарчмын шаардлага дээр эв санааны нэгдэл гаргасан 30 гишүүн.
Ярилцлагыг бүтэн үзэх: