
Таны ойр дотнын хэн нэгэн найз чинь аймшгийн яриа, аллагын хэрэг сонсдог бол анхаарлаа нааш хандуулаарай. Бид энэ төрлийн контентууд нь хүнд хэрхэн нөлөөлдөг талаар сэтгэлзүйч, Р.Гэрэлчимэгтэй ярилцсан юм.
КЕЙС: Иргэн Х.С одоо 27 настай. Орой унтах, өглөө шүдээ угаахдаа үргэлж аймшгийн яриа, аллага сонсдог аж. Тэрбээр гурван жил гаруй хугацаанд ийм төрлийн контент үзсэнээр одоо сэтгэл гутралтай, цочимтгой, хий юм хардаг болсон талаараа бидэнд ярьсан билээ.
-Аймшгийн болон аллагын тухай подкаст, кино үргэлж үзэж, сонсох нь хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Аймшгийн кинонууд нь уран зөгнөл, өрнөл, аудио техникээр дамжуулан түгшүүр, аюулын хуурмаг байдлыг бий болгох замаар сэтгэл зүйн заль мэхийг агуулдаг. Хэдийгээр тархи аюул заналхийлэл бодитой биш гэдгийг мэдэрдэг ч таны бие үүнийг бодит мэт бүртгэдэг. Аймшгийн кино үзэх үед гэртээ юм уу театрт байгаа гэдгээ мэдсэн ч бодит аюул учраагүй байхад зүрх хурдан цохилж, адреналин ялгарч байдаг гэж сэтгэл судлаачид тайлбарласан байдаг.
-Ийм төрлийн контент руу татагдаж, дахин дахин сонсоно гэдэг нь тухайн хүнд ямар нэгэн сэтгэл зүйн хэрэгцээ байж таараа. Тэр нь яг ямар төрлийн сэтгэлзүйн хэрэгцээ байдаг вэ?
-Дээр дурдсанчлан зарим хүмүүс adrenaline-rush мэдрэмжид дуртай ба адреналин ялгаруулдаг үйлдэл, хөдөлгөөнийг хийдэг. Жишээ нь экстрим спорт, аймшгийн кино түүх гэх мэт. Миний бодлоор, миний таамаглаж ажиглаж байгаагаар ямар нэгэн дутуугийн мэдрэмжтэй хүмүүст энэ төрлийн контентод донтох эрсдэл өндөр байгаад байх шиг анзаарагдсан. Учир нь аль нэг дутуу мэдрэмж, даавраа нөхөхийн тулд энэ төрлийн контент үзэж, хүчээр адреналиныг ялгаруулж байна гэсэн үг.
-Эмэгтэйчүүд ийм төрлийн подкастуудыг илүү их сонсдог гэдэг. Яагаад эмэгтэйчүүд илүү сонсдог вэ. Миний уншсанаар эмэгтэйчүүд байгалиасаа хүч бяр дутуу учраас тийм байдлаар сэтгэл зүйн хэрэгцээгээ хангадаг гэсэн байсан?
-Дээрх асуултын тайлбартай тун ойролцоо байх. Учир нь аль нэг дутуу мэдрэмж, даавраа нөхөхийн тулд энэ төрлийн контент үзэж, хүчээр адреналиныг ялгаруулж байна гэсэн үг.
“СЭТГЭЛ ТҮГШҮҮР ӨНДӨРТЭЙ ХҮМҮҮСТ АЙМШГИЙН КИНО НЬ СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР”
-Ийм контентуудыг байнга сонсох нь айдас, түгшүүрийг нэмэгдүүлэх магадлалтай юу, эсвэл эсрэгээрээ тайвшруулдаг уу?
-Сэтгэл түгшүүр өндөртэй хүмүүст аймшгийн кино нь сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг. Архаг түгшүүр нь цочроох өдөөлтөд мэдрэмтгий байдаг. Гэхдээ хүн хүний аливааг хүлээж авах байдлаас шалтгаалан өөр өөр байдаг. Аймшгийн киног тааламжтай гэж үздэг хүмүүс уг киног галзуу хулганатай зүйрлэж зүгээр л адреналинтай гэж үздэг. Хэт мэдрэг хүмүүс бол нойргүйдэж, шинэ айдас төсөөлөл бий болж, түгшүүр нэмэгддэг.
-Хэт мэдрэг хүмүүс эсвэл сэтгэлзүйн эмзэг байдалтай хүмүүс ийм подкастуудыг сонсох нь эрсдэлтэй юу?
-Висконсины Их Сургуульд хийсэн судалгаагаар аймшгийн кино үзсэн 14-өөс доош насны хүүхдүүд насанд хүрсэн хойноо сэтгэлийн түгшүүртэй болох магадлал нэмэгддэг. Учир нь сэтгэлийн хөдөлгөөн үүсгэх үүрэгтэй тархины хэсэг болох амигдаланд аймшгийн киноноос мэдрэх айдас нь хадгалагдан үлддэг байна. Харин хэт мэдрэг хүмүүст “паранойа буюу үндэслэлгүй айдас бий болдог. Гэсэн хэдий ч эдгээр нөлөөллийн илрэл, хүч нь бүгд тухайн хүнээс хамаарна.
“МОНГОЛ УЛСАА НЭГ ХАРВАЛ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЭНЭ ТӨРЛИЙН КОНТЕНТ НЬ КИНОНООС ИХ БОЛСОН БӨГӨӨД ҮЗЭГЧ, СОНСОГЧИД Ч ОЛОН БОЛСОН. ГЭТЭЛ БИДНИЙ ЧИХЭНД СОНСОГДОЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГҮҮД Ч БАС ЗЭРЛЭГ БАЛМАД ҮЙЛДЭЛТЭЙ БОЛСООР БАЙНА”
-Гэмт хэргийн тухай түүхүүдийг “зугаа” мэтээр хүлээж авах нь ёс суртахууны хувьд ямар асуудал үүсгэж болох вэ?
-Энэ нь хамгийн сөрөг нөлөө юм. Зарим зүйлс аймшигтай, айдастай хэвээрээ үлдсэн нь зөв байдаг. Хүн айдаг зүйлээ хийхийг хүсдэггүй. Ямар зүйлс аймшигтай байдаг вэ? Гэвэл харанхуй бүрхэг мэдэгдэхгүй зүйлс л хамгийн аймар байдаг. Тэгвэл аллага, цус, үхэл зэргийг хүн байнга сонсож үзэх тусмаа эдгээр орилоон, чарлаан, цус нөж гэх мэт зэрлэг балмад зүйлсээс айхаа больж дасаж эхэлдэг.
Хүн өөрийнхөө тэжээдэг нохойноос айдаггүй хэр нь айлын хашааны уяатай нохойноос айдаг шиг л аймшигт үйл явдлаас айхаа больж дасаж эхэлнэ. АНУ энэ төрлийн контент үзэлтээрээ дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг. Тэгвэл АНУ-д хүнд ноцтой гэмт хэргүүд мөн адил их гардаг. Тэгвэл монгол улсаа нэг харвал сүүлийн жилүүдэд энэ төрлийн контент нь киноноос их болсон бөгөөд үзэгч, сонсогчид ч олон болсон. Гэтэл бидний чихэнд сонсогдож байгаа гэмт хэргүүд ч бас зэрлэг балмад үйлдэлтэй болсоор байна. Энэ жилийн “ЗУНЫ ЗУГАА” шоу дээр болсон олон хүн хутгалсан хэргүүд, 17 настай хүү аавыгаа заазуурдсан хэрэг, өчигдрийн GEM MALL-д болсон хэрэг… гэх мэт маш их хэрэг гарсаар байна. Энэ бол үнэхээр сөрөг үр нөлөө. Тиймээс энэ төрлийн контент нь зугаа биш, сэтгэлгээний дайсан юм. Хүн араатан болгож байна шүү дээ.
-Өдөр тутмын амьдралд ийм төрлийн контентуудын нөлөөлөл (жишээ нь: хий юм харах, хардаж сэрдэх, аймхай болох гэх мэт) хэр хэмжээгээр илэрдэг вэ?
-Бас л хоёр талтай. Хэт аймхай эсвэл хэт зэрлэг
“НОЙР ХҮРЭХГҮЙ БОЛ ҮЗЭЖ УНТДАГ, ХИЙХ ЮМ БАЙХГҮЙ БОЛ ҮЗДЭГ, УУР ХҮРЭХЭЭРЭЭ ҮЗДЭГ ГЭХ МЭТ ХООСОН ОРОН ЗАЙ ЦАГ ХУГАЦАА ГАРВАЛ ИЙМ КОНТЕНТ ҮЗЭЖ БАЙВАЛ ДОНТСОН ХЭЛБЭР”
-Хэрвээ хэн нэгэн ийм төрлийн контентод “донтож” эхэлсэн бол үүнийг яаж таньж, хэрхэн зохицуулах вэ?
-Нойр хүрэхгүй бол үзэж унтдаг, хийх юм байхгүй бол үздэг, уур хүрэхээрээ үздэг гэх мэт хоосон орон зай цаг хугацаа гарвал ийм контент үзэж байвал донтсон хэлбэр. Шууд үзэхээ зогсоох, энэ төрлийн хаягийг дагахаа болих, өөр адал явдалтай action төрлийн кино үзэж эхлүүлэх, экстрем спортоор хичээллэх гэх мэт…. магадгүй галзуу хулганад суусан ч яах вэ дээ
-Гэмт хэрэгт өртсөн хүмүүс эсвэл ойр дотнын хэн нэгнээ алдсан хүмүүст ийм подкастууд хэрхэн нөлөөлж болох вэ?
-Одоогоор сайн мэдэхгүй байна.
-Эерэг талаас нь харвал, ийм подкастууд бидэнд юуг ойлгуулж, ямар мэдлэг, анхаарал төрүүлж чаддаг вэ?
-Мэдээж анхаарал болгоомж, сэрэмжтэй байдлыг ойлгуулдаг байх. Гэхдээ би бол энэ төрлийн контент бичлэгийг үздэггүй, анхаарал болгоомжтой байхыг заавал ийм контентоос мэдэж авах шаардлага байхгүй.
-Хамгийн сүүлд ийм төрлийн контент үзэгч, сонсогч залуучуудад хандаж хэлэхэд?
Уучлаарай би шүүмжлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ оюун санаа, сэтгэлгээг тань эрүүл, тайван байж, ертөнцийн бүх үйл явдалд ухамсартай, ухаалгаар ханддаг хүн хэвээрээ байгаасай гэж хүсэж байгаа учраас энэ төрлийн контент битгий үзээсэй гэж уриалмаар байна. Хүн донтож байгаагаа мэддэггүй учраас донтчихдог аюултай. Ялангуяа насанд хүрээгүй, өсвөр насныхан бүр битгий үзээсэй.
-Ярилцсанд баярлалаа.