
Стандарт, хэмжил зүйн газар, Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх (ITDM) төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран “Стандарт бизнес орчинд” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 26-ны өдөр боллоо.
Уг арга хэмжээгээр стандартчилал, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх илтгэл мэдээлэл танилцуулж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлох зорилготой. Мөн Олон Улсын сайн туршлагыг хуваалцаж, Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьжээ. Энэ нь бодит хэрэгцээ, шийдлүүдийг хамтдаа хэлэлцэх чухал боломж бүрдэж байгаа юм.
Олон улсад бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангагдсан эсэхийг тухайн бүтээгдэхүүнд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлага, тохирлын үнэлгээ, хяналтын механизмын тогтолцоо буюу чанарын дэд бүтэц болох стандартчилал, хэмжил зүй, хяналт, сорилт, баталгаажуулалт, итгэмжлэлийн байгууллагуудын нэгдмэл үйл ажиллагаа, зохион байгуулалтын тогтолцооны хөгжлөөр тодорхойлдог.
“Монгол Улсад гадаад худалдааг дэмжих төсөл” нь худалдааг хөнгөвчлөх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг европын зах зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, тулгарч буй тарифын бус саад тотгорыг тодорхойлон шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм. Цаашид стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн үйл ажиллагаагаар дамжуулан салбар, салбарын шилдэг технологи, инновацын шинэчлэлтийг нэвтрүүлж, хяналт зохицуулалтын тогтолцоог сайжруулж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд голлох хувь нэмэр оруулна.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар хэлэхдээ:
“Стандарт техник, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль УИХ-д өргөн барьсантай холбогдуулаад бизнес эрхлэгчтэйгээ дахиад уулзаж байна. Энэ хуулийн төслийг өргөн барихаасаа өмнө 21 аймаг, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн байгууллага, бүх оролцогч, сонирхогч талуудтай бүгдтэй нь уулзалт хийсэн. Өнөөдрийн уулзалт дээр УИХ-ын төлөөлөл, ЗГ-ын төлөөлөл, Стандарт хэмжил зүйн салбарын бодлого тодорхойлогч, мэргэжлийн холбоод гэх мэтчилэн байгууллагууд хамтран оролцож байна. Мөн манай хуралд ОУБ-ынхан оролцож байгаа маань маш онцлогтой”
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван:
“СХЗГ-аас зохион байгуулж байгаа стандарт бизнесийн орчинд гэдэг бас хэлэлцүүлэг өрнөж байна. Уг хуралд гаалийн байгууллага мөн оролцож байна. Гаалийн байгууллага яагаад оролцож байна гэхээр улсын хилээр нэвтэрч байгаа бараа тээврийн хэрэгсэлд гаалийн татвар хураамжийг ногдуулахаас гадна чанар стандартын асуудлыг хариуцдаг болсон. Чиг үүргийнхээ хүрээнд гадаад худалдаа гаалийн харилцаанд оролцогчид маань стандартыг мөрдсөний хүрээнд Монгол Улсын хилээр бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх шаардлагыг тавьж байгаа. Энэ стандартыг мөрдүүлэхийн тулд маш олон зөвлөгөө зөвлөмжийг өгдөг. Гэвч гаалийн байгууллагын бараа тээврийн хэрэгсэлд дагалдаж байгаа бичиг баримтын зөрүү гэх мэт асуудлууд гарсаар байна. Зөвхөн гаалийн байгууллага дангаараа биш зуучлагч байгууллагууд, гаалийн харилцаанд оролцож бусад төрийн байгууллагуудаас хамтран ажиллаж энэ стандартыг мөрдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Уг хуралд оролцсоныхоо хүрээнд хэрхэн олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг ашиглаж хэвших вэ гэх асуудал бизнес эрхлэгчид болон гаалийн харилцаанд оролцогчдоос их шаардлагууд бий болно. Тэгэхээрээ аль аль талаасаа бид нар энэ стандартыг бүрдүүлснээрээ гол зорилго биелэгдэнэ гэж харж байна. Гаалийн байгууллагаас хууль эрх зүйн орчинд алдаа дутагдалтай асуудал байгаа эсэх талаар СХЗГ хууль тогтоомжийг шинээр өргөн барих гэж буй цаг үед бид бүхэн энэхүү хууль тогтоомжийн хүрээнд ямар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй вэ гэдэг зүйл дээр саналаа өглөө. Ингэснээр өргөн барьсан хууль хүчин төгөлдөр болж бид бүхэн гол зүйл болгож байгаа хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Монголын экспортын кластерын сүлжээний гүйцэтгэх захирал Ж.Энхжин:
“Өнөөдрийн “Стандарт бизнес орчинд” арга хэмжээнд Монголын экспортын кластерын сүлжээ байгууллага маань үйлдвэрлэгч нараа төлөөлөн илтгэл тавилаа. Энэхүү илтгэлээрээ юуг танилцуулсан бэ гэхээр кластер гэж юу вэ кластерын байгууллага яг ямар чиг үүрэгтэй экспорт болон гадаад худалдааг өргөжүүлэхэд оролцож байгаа талаар илтгэл танилцууллаа. Олон улсын бизнес эрхлэхэд стандарт шаардлагууд олон байдаг. Тэгэхээр дотоодын стандартууд болон олон улсын стандартууд маань хоорондоо нийцдэгээс гадна дотоодод нэгэнт стандартаа хангачихсан болбол гаднын зах зээл рүү хялбар гаргах боломжийг нь бүрдүүлж ажиллахад оролцогч талууд маань хамтран ажиллаасай гэж уриалж байна” хэмээлээ.
Б.Хүслэн