
2025 оны төсөвт хоёрдахь удаагаа тодотгол оруулах гэж байна. Эхнийх нь өнгөрсөн оны 11 сард энэ төсөв батлагдсан даруйдаа алдагдалгүй байха шалгуурын өмнө бүдэрч нэг тодотгосон бол энэ удаад эдийн засгийн олон талд хүндрэлээс үүдэн орлого тасалдаж буй тул хэмнэлтийн тодотгол хийх гэж байна.
Сангийн сайдын зүгээс 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн.
Угтаа төсвийн тухай хуулийг 5 удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж байж баталдаг хуультай ч энэ удаад яаралтай батлуулан хэрэгжүүлэх нөхцөл үүссэн юм.
ХЭМНЭЛТИЙГ ТОДОТГОЛООР ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого батлагдсан дүнгээс 3,895.4 тэрбум төгрөгөөр буурч, 32,540.2 тэрбум төгрөгт, тэнцвэржүүлсэн орлого батлагдсан дүнгээс 3,260.0 тэрбум төгрөгөөр буурч, 30,209.9 тэрбум төгрөгт тус тус хүрэхээр байна. Төсвийн орлогын төсөөллийг ийнхүү шинэчлэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын бууралт голлон нөлөө үзүүлэхээр байна.
Төсвийн тодотголоор урсгал зардлаас хэмнэлт хийнэ
Төсвийн тодотголд урсгал зарлагыг дараах зарчмын дагуу буурууллаа.
1. Төрийн албаны бүтцийг цомхон, чадварлаг байлгах, төрийн албаны удирдах, гүйцэтгэх орон тооны бүтцийн зөв харьцааг тогтоох, чиг үүргийн давхардлыг арилгах, тэвчиж болох зардлыг хэмнэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар төрийн албаны орон тоог бууруулах боломжтой гэж үзсэн тул багш, эмчээс бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулахад 261.0 тэрбум төгрөг;
2. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд чиг үүрэг, бүтэц шилжүүлэх 8.4 тэрбум төгрөг;
3. Төрийн албаны үйл ажиллагааг цахимжуулах, бичиг хэргийг цахимаар хөтлөн явуулах, тавилга, багаж хэрэгсэл худалдан авалгүй тэвчих зэргээр төсвийн байгууллагуудад үйл ажиллагааны зардлын хэмнэлт бий болгох 104.4 тэрбум төгрөг;
4. Салбаруудад хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний 7 дугаар сараас эхлэн он дуусталх зардлыг хэмнэх, харин 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж холбогдох төсвийг тусгасан боловч хэрэгжиж эхлээгүй байгаа хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн байдлаар хэмнэх 617.3 тэрбум төгрөг;
Дээрх зарчмыг баримтлан төсвийн тодотголд урсгал зарлагын холбогдох өөрчлөлтүүдийг тусгаснаар төрийн чиг үүргийг оновчтой зохион байгуулж, цомхон, чадварлаг бүтцээр төрийн үйлчилгээг үр ашигтай хүргэх, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг тогтоох, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зэрэг бодитой өөрчлөлтүүд гарна гэж тооцжээ.
Хэмнэлт хэмнэлт бас дахин хэмнэлт…
- Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцаас 57.7 тэрбум төгрөг,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг,
- Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг,
- Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг,
- Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг,
- Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцаас 17.4 тэрбум төгрөг,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцаас 12.4 тэрбум төгрөг,
- бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас 255.4 тэрбум төгрөг,
- нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцжээ.
Хэмнэлээ хэмнэлээ гээд хөлдөж үхэлтэй биш…
Хэмнэлтийн тодотгол дотор хэмнэхгүй байх салбар, арга эхмжээнүүд бий.
- НҮБ-ын конвенцын Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар хооронд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд COP-17 дугаар Бага хурлыг 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан хурлын бэлтгэл ажилд шаардагдах хөрөнгө оруулалтад 41.8 тэрбум төгрөг,
- Эрчим хүчний сайдын багцад “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехийн барилга байгууламжид 2025 оны 06 сарын дугаар сарын 03-нд шилжих шөнө гэнэтийн аваар осол, гал гарч томоохон эрсдэл үүссэнтэй холбогдуулан ослын хохирол, хор уршгийг бууруулах, өвлийн их ачаалалд дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд 35.5 тэрбум төгрөг, нийт 77.3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд нэмж тусгалаа.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8,994.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 612 төсөл, арга хэмжээнд 2,982.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр байна.
Төсөвт нөлөөтэй зарим тоог харая:
Дотоодын нийт бүтээгдэхүүн: Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2025 оны эхний улирлын байдлаар 19.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар тус тус өслөө. Үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа бол уул уурхайн салбарын өсөлт удааширч, тээвэр, худалдаа, барилга, цэвэр татвар зэрэг салбарууд агшиж, өсөлтийг сааруулав.
Инфляц: Инфляц 2025 оны 5 дугаар сард 8.3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.2 нэгж хувиар өсөж, өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурлаа. Инфляц өмнөх оны мөн үеэс өсөхөд цахилгааны төлбөр, орон сууцны түрээс, машин болон нийтийн тээврийн үйлчилгээ, хувцасны бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн байна. Харин өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурахад хүнсний барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ.
Импорт: 2025 оны эхний 5 сард 4.5 тэрбум ам.долларт хүрч, жилийн өсөлтийн хурд 3 хувьд хүрч саарлаа. Хэрэглээний бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн бол аж үйлдвэрийн орцын импорт 10 хувиар, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 2 хувиар тус тус буурсан байна.
Зэс: Лондоны металлын бирж дээрх цэвэр зэсийн дундаж үнэ 2025 оны эхний 5 сарын байдлаар 9,340 ам.доллар болж, өмнөх оноос 2.1 хувиар өссөн байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар зэсийн дундаж үнэ 2025 онд 9,200 ам.доллар байхаар байна. Оюу толгойн гүний уурхайн нөлөөгөөр зэсийн баяжмал дахь цэвэр зэс, алтны агуулга нэмэгдэж зэсийн баяжмалын экспорт энэ онд 2,030 мянган тоннд хүрэхээр байна.
Алт: Лондоны металлын бирж дээрх алтны дундаж үнэ 2025 оны эхний 5 сарын байдлаар 3,021 ам.доллар болж, өмнөх оноос 26.5 хувиар өссөн байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар алтны дундаж үнэ 2025 онд 2,900 ам.долларт хүрэхээр байна. Монгол улсын Засгийн газраас алтны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Алт-3” аяныг хэрэгжүүлж, 2025 онд нийт 16.5 тонн алт экспортлохоор төлөвлөж байна.
Төмрийн хүдэр: Төмрийн хүдрийн (62 хувийн агууламжтай) үнэ 2025 оны эхний 5 сарын байдлаар 101 ам.доллар болж, өмнөх оноос 7.9 хувиар буурлаа. Олон улсын шинжээчдийн таамаглалаар төмрийн хүдрийн дундаж үнэ 2025 онд 95 ам.долларт хүрэхээр байна. Монгол Улсын төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 2025 онд 72 ам.доллар байхаар тооцоолж байгаа бол экспортын биет хэмжээ 2025 оны эцэст 8,110 мянган тоннд хүрэхээр байна.
Газрын тос: Брент төрлийн газрын тосны дундаж үнэ 2025 оны эхний 5 сарын байдлаар 69 ам.доллар болж, өмнөх оны эцсээс 7.9 хувиар буурлаа. Олон улсын шинжээчдийн таамаглалаар Брент төрлийн газрын тосны дундаж үнэ 2025 онд 75 ам.долларт хүрэхээр байна. Монгол Улсын газрын тосны экспортын дундаж үнэ 2025 онд 75 ам.доллар байхаар тооцоолж байгаа бол газрын тосны экспортын биет хэмжээ 3,875 мянган баррельд хүрэхээр байна.
ТӨСВИЙН ОРЛОГОО ХАРВАЛ: Олон улсын геополитикийн нөхцөл байдал, худалдаа, эдийн засагт тулгарч буй тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалж, дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт энэ 2025 онд буурах хандлагатай байна. Түүхий эдийн хэрэглээгээр тэргүүлэгч, урд хөрш БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн эдийн засгийн өсөлт, гангийн хэрэглээ буурах эрсдэлтэй байгаа болно. Улмаар, манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ буурч, төсвийн орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна.
Экспортод гарч буй нүүрсний дундаж үнэ 2025 оны эхний 5 сарын байдлаар тонн тутамд 71.9 ам.долларт хэлбэлзсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар буюу 46.6 ам.доллароор буурсан. Нүүрсний үнэ буурснаас шалтгаалж манай улсын экспорт 2025 оны эхний 5 сарын байдлаар 5,424.6 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 15 хувиар буюу 932.9 сая ам.доллароор буураад байгаа болно.
Ийнхүү экспорт буурч байгаатай зэрэгцэн, манай улсын эдийн засгийн идэвхжил удааширч байна. Тодруулбал, энэ 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.5 нэгж хувиар буурчээ.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний 5 сарын байдлаар 11,381.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар буюу 1,348.1 тэрбум төгрөгөөр буурч, төлөвлөгөөний биелэлт 89.9 хувь буюу 1,283.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна.
ТӨСВИЙН ЗАРЛАГАА ХАРВАЛ: Нэгдсэн төсвийн урсгал зардал 2025 оны 05 дугаар сарын байдлаар 9,877.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан нь өмнөх оны мөн үеэс 1,509.6 тэрбум төгрөгөөр буюу 18 хувиар өссөн байна. Үүнд 2024 оны 2 дугаар улирлаас төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар, нийгмийн даатгалын тэтгэвэр авагчдын тэтгэврийг 100.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсний 2025 оны эхний улирлын нөлөөлөл, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчийн цалин, нийгмийн даатгал, халамжийн тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлсэн зэрэг нь голлон нөлөөлжээ.
Нэгдсэн төсвийн цалин хөлсний зардал өнгөрсөн оны мөн үеэс 607.2 тэрбум төгрөг буюу 30.0 хувь, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн зардал 496.0 тэрбум төгрөг буюу 16.8 хувиар, засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал 242.0 тэрбум төгрөгөөр буюу 24.3 хувиар, татаасын зардал 109.8 тэрбум төгрөг буюу 41.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.