
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 мега төслийн эхэнд “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболтыг үе шаттай барихаар төлөвлөсөн.Энэ ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025.02.14-нд Харбин хотноо байгуулж, 3 сарын дараа буюу 2025 оны 05 сарын 14-нд төслийн нээлтийг хамтран хийж, бүтээн байгуулалтын ажлыг хоёр талаас албан ёсоор эхлүүлсэн билээ.
Монгол Улсад 70 жилийн дараа биелэлээ олж буй энэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Энэхүү “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г “Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэгч байгууллага болох “Монголын төмөр зам” ТӨХК, БНХАУ-ын “”Чайна Энержи Коксжих нүүрс /Тяньжин/” ХХК компанитай байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Чайна энержи цахим худалдаа ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хооронд байгуулсан “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”-ний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК ачаа тээврийн гэрээ байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г хэрэгжүүлэх хүрээнд ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галт тэрэг хөдөлж байна.
Ийнхүү Монгол Улсад зам тээврийн салбарт тэр дундаа төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай, амжилттай урагшилж байна.
Манай улс “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын том ажлыг бодитоор хэрэгжүүлэх юм. Тиймээс энэхүү үйл явдал нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Хятад хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой, түүхэн чухал үйл явдал юм.