
Олон нийтийн газар, авто зам, орон сууцын орчны газар гудамж талбайд бие зассан, эсвэл нус, цэр, тамхины иш, хог хаясан тохиолдолд тухайн иргэнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн Зөрчлийн хуульд заасан байдаг. Тодруулбал, ийм үйлдэл гаргасан тухайн иргэнийг 10 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг юм.
Бид энэ талаар иргэдийн сэтгэгдлийг сонсож, үзэл бодлыг нь хүргэхээр зорилоо. Одоо үеийн залуус харин ч хотын соёлд маш сайн суралцсан, олон нийтийн газар биеэ авч явахдаа ч нүдээс далд сөрөг үйлдэл хийдэггүй гэдгээ тодотголоо. Харин тэд хэлэхдээ, ахмадууд залуу үеэсээ хотын соёлд суралцангаа, зөв үлгэр дуурайлал авах хэрэгтэй хэмээн онцолсон юм.
Иргэдийн сэтгэгдэл:
–Яг хотын төвөөрөө болбол гайгүй байх гэж бодож байна. Баруун болон зүүн 4 замаасаа цаашаа хэтрээд ирэхээрээ хотын соёлгүй л юм шиг санагддаг. Гэхдээ тэр торгуулийнх нь арга хэмжээ үйлчилдэг юм уу, үгүй юу сайн мэдэхгүй байна. Би бараг зөрчил гаргасан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгодог гэдгийг сая л мэдэж байна шүү дээ. Хүмүүс ер нь мэддэггүй, тэгээд торгодог ч үгүй байх, үйлчилдэггүй л болов уу гэж бодож байна.
–Урд үеийг бодвол бас гайгүй болчихлоо гэж хардаг шүү дээ. Хэчнээн хогийн савгүй байсан ч гэсэн тэгээд л энд тэнд хаясан хог кармандаа авч явж байгаад л хаяад байх шиг байдаг.
Тэгээд ямар сайндаа энд тэнд хогоо яг хүн хаяж байвал харж байгаад хөөе юмаа унагаачихлаа ч гэдэг юм уу тэгж хэлээд л, нэг шаардлага тавихаар муухай хардаг.
–Ер нь л манайхан гайгүй л болж байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө үйлчлэгч нарын ажил хөнгөрөөд л байна гэж хардаг. Миний хувьд төв талбай дээр фото зураг аваад л ажил үүргээ гүйцэтгэдэг. Иргэд харьцангуй соёлжоод байна гэж харах болсон доо.
–Манай Монгол орон ч гэсэн ерөнхийдөө залуучууд нь гайгүй соёлтой болчихсон шүү дээ. Тэгээд гайгүй л харагддаг шүү дээ. Ер нь хогоо хүртэл хогийн савандаа хийх гээд ингээд л бариад л явж байдаг. Ерөнхийдөө л Монгол хүмүүс маань нэг үеэ бодвол соёлжоод, хотынхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ тодорхой хэмжээнд оруулж яваа л гэж хардаг даа.
–Хувь хүнээс хотын соёл хэрхэх эсэх нь гол шалтгаалах болов уу. Гэхдээ хүн хэтэрхий ингээд удаан өөрийгөө бариад тогтоогоод байж чаддаггүй шүү дээ. Тэгээд ер нь дотроо боддог ч юм. Зарим хүмүүс за ингээд л хүмүүс хаячихдаг юм чинь гээд тиймэрхүү бодлоос болоод хогнуудаа хаячихдаг. Тэр бодлоо ер нь болиод яг өөртөө анхаараад, цензуртэй хандах юм бол хотын цэвэр цэмцгэр байдал 80-90 орчим хувь нь биднээс өөрсдөөс шалтлгаана гэж боддог.
–Ер нь бол олон нийтийн газраар биеэ сайхан авч явдаг хүмүүс ч бий. Харин зарим хэсэг нь нүднээс далдуур биеэ огт авч явж чаддаггүй. Ерөнхий за хүн харахгүй байгаа юм чинь хэнд хамаатай юм? Ингээд л ер нь хогоо хаячихдаг ер нь тиймэрхүү зан одоо сүүлийн үед бол нэлээдгүй анзаарагддаг.
–Одоо үеийн залуучууд, охид маш гоё соёлтой болсон. Би бол шүүмжлэлтэй гэж харахаасаа илүүтэйгээр гадаад дотоодод байсан улсууд нь эх орондоо зорьж ирээд тэр соёлын үрийг тариад суулгаад байгаа юм болов уу гэж харж байна. Ер нь хаана ч очсон өөр болсон шүү. Залуучуудыг бол ёстой ярих юм байхгүй болсон. Миний бодлоор залуучуудаасаа илүү ахимаг насны улсууд нь арай соёлгүй, ёс зүйгүй байгаа мэт л ажиглагддаг даа. Тэгээд одоо залуучуудаа дагаад бас хүмүүжих байх аа л гэж болож байна.
–Хогийн савны асуудлаа бас жоохон шийдээд өгвөл зүгээр байна. Хог хаягдлаа зохих ёсны газар нь хаяж хэвшинэ. Ер нь биднээс жаахан дээшээ насны ах, эгч нар тэгээд л хогоо ил хаяж байгаа хүмүүс энд тэнд нэлээдгүй харагддаг. Түгжрэл дунд ч автомашиныхаа цонхоор татсан тамхины ишээ няслаад л нүдэн дээр ил хаячихдаг шүү дээ. Шаардлага тавихаар буцаж уурлаж байдаг. Чамд огт хамаагүй гэсэн байдлаар харьцдаг нь хүндрэлтэй.
–Хот соёлжиход иргэн бүрийн оролцоо маш чухал. Бид хариуцлага бусдаас нэхдэг ч өөрсдөө үүргээ огтоос ухамсарладаггүй. Иймээс хүн бүр дор дороо ухамсартай, соёлтой, хариуцлагатай байцгаая л гэж хэлмээр байна. Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө л эхлүүлэх ёстой болов уу.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: