
Амьдрал олон янзын өнгө өнгөөр сүлэлдэн, цаг хугацаа харвасан сум мэт өнгөрнө. Эхэлсэн цэгээсээ өдийг хүртэл амьдарч ирсэн хүний амьдралын зам мөр өөр өөрийн гэсэн өнгөтэй.
Энэ л зам дээр өөрийн гэсэн тод өнгөө гайхамшигтайгаар үлдээж яваа өдгөө 87 насыг зооглож буй Монгол Улсын Гавьяат тамирчин Төмөрбаатарын Цэрэндолгор.
Тэрбээр хөнгөн атлетикийн спортод 70 гаруй жилийн цуцашгүй хөдөлмөр зүтгэлээ зориулсаар яваа. Түүний хувьд хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн 15 удаагийн аварга, спортын мастер цолтой. Нэгэн цаг үед олон арван шилдэг тамирчдыг бэлтгэн төрүүлж явсан Ч.Найдан багшийн унаган гарын шавь.
-Сайн байна уу? Хэрхэн бүх спортын хатан хаан гэж нэрийддэг хөнгөн атлетикийн спортод алхан орчихов?
-Сайн байна уу? Хөнгөн атлетикийн шидэлт, харайлт, гүйлтийг анх ганцхан Найдан багш байсан шүү дээ. Бүгдийг нь заадаг байсан. Дараагаар нь өөр олон багш нар бий болсон доо. Энэ спортод анхлан хотод Өвөрхангайгаас ирээд л алхан орж байлаа. Тухайн үед шантрах зүйлүүд маш их байсан даа. Хөнгөн атлетик дотроо шидэлтийн төрөлд нийт 8 охин ороод 7 нь шантраад гарчихсан. Яг гарах гэсэн тэр үед багш надад хэлсэн үг айлгаад гэх үү, зориг ороод л тууштай хичээллэх суурь болж билээ.
Хөнгөн атлетикийн спорт, хурдан шидэлт, харайлт, гүйлтийг бүгдийг нь заадаг ОХУ-д төгсөж ирсэн багш байсан юм. Тэр багшийн хүчээр гайгүй техник эзэмшсэн байх гэж боддог.

-Мастеруудын Ази тив болон ДАШТ-д хэзээнээс оролцож эхлэв?
-2002 оноос эхлээд мастеруудын тэмцээнд ёстой тасралтгүй оролцсон. Дэлхийн аваргад 12 удаа оролцоод 15 удаа алтан медаль авч, нэг номерын тавцан дээр зогсож төрийнхөө далбааг өргөн төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн нь үнэхээр гоё байсан.
-Таны хувьд Монгол Улсын рекордыг хөнгөн атлетикийн шидэлтийн төрөлд эзэмшигч. Рекорд урт удаан хугацаанд эзэмшинэ гэдэг нь тухайн тамирчнаас асар их тэсвэр тэвчээр, уйгагүй хөдөлмөрийн үр дүн байх?
-МУГТ хөнгөн атлетикийн шидэлтийн төрөлд 18 удаагийн рекорд эзэмшигч, Азийн рекордуудыг эзэмшигч. Би 14 удаа Азийн рекордыг эвдсэн юм. Японы Томока гэж тамирчин 7-г нь эвдсэн, 7 нь миний нэр дээр явдаг юм. 80-аас 84 насны 3 рекорд байгаа бол 85-аас 89 насны 4 рекорд бий. Би анх 1958 оноос эхэлж хөнгөн атлетикийн спортын шидэлтийн төрлөөр хичээллэж эхэлсэн.
Миний хамгийн анхны өрсөлдсөн тэмцээн бол 1959 онд Оюутан залуучуудын анхдугаар их наадам гэж болсон. Анх удаа том тэмцээнд орж Монголын шидэлтийн рекорд 27 метр 32см байсныг 28 метр 30см болгосноор анх удаа Монголдоо зээрэнцгийн рекордыг эвдсэн. Үнээс хойш 1962 он хүртэл 18 рекорд удаа эвдэж, 1966 он хүртэл ёстой нэг шаргуу хичээллэсэн дээ.
-Таны хувьд анх хэдэн онд спортын мастер цол хүртсэн бэ?
-1966 онд спортын мастер болсон. Би анх энэхүү спортоор хичээллэж эхлэхдээ буюу 1958 онд Хүн эмнэлгийн техникумын 2 дугаар курст байсан юм. Шидэлтийн төрөлд том биетэй охидыг авна гэсээр Найдан багш орж ирээд Хүмүүнлэгийн техникумд орж ирээд Найдан багш орж ирээд Хүмүүнлэгийн техникумд орж ирээд том биетэй охидыг самбарын урд талд гаргаад энийг авна гэх мэтээр сонгож эхэлсэн.Би чинь яах вэ дээ хөдөөгөөс ирсэн монгол дээлтэй,нэлээн том биетэй байсан. Тэгээд 8 охин авсан юм. СТО-д нэг бэлтгэл хийнэ гээд орсон чинь цаашаа хараад бэлтгэлийн хувцас өмсчихсөн улсууд гүйж байсан. Тэр үед би огт бэлтгэлийн хувцас өмсөж үзээгүй, тэр байтугай костюм гэж мэддэггүй монгол дээлээ мэддэг байсан. Гүйж байгаа хүмүүсийн бөгс нь хөдлөхтэй зэрэг их муухай харагдаад, яаж ийм хувцас өмсөх вэ бодож байсан.


-МУГТ хөнгөн атлетикийн шидэлтийн төрөлд Азийн 18 удаагийн рекорд эзэмшигч мундаг гавьяат тамирчны музей байна даа. Үнэхээр музей гэж хэлнэ ээ би. Хамгийн анхны медаль Монгол УАШТ-ий алтан медаль гэж та түрүүн ярьж байсан?
-1959 онд оюутан залуучуудын анхдугаар спартакиад гээд хамгийн анхны том тэмцээнд орж авсан медаль байгаа юм. Дээд тал нь салмарчихсан байна. Энэ медалийг авч Монгол Улсын рекордыг эвдэж байсан юм. Дээр үед чинь жижигхэн медалиуд өгдөг байсан юм.
Хамгийн анх удаа 20 настай байхдаа ардчилсан Солонгост очиж Азийн аваргаас хүрэл медаль авч байсан. Миний хамгийн анхны олон улсын медаль болохоор дээд талд нь зүүчихсэн. Уг нь энэ дотроо байх ёстоо ч би хамгийн анхных гээд тусд нь зүүчихсэн.
-Хамгийн анхны олон улсын тэмцээн маш их дурсгалтай байдаг шүү дээ. Ямар хүнд хэцүү цаг үеийг туулав?
-Энэ тэмцээнд ороход Найдан багштайгаа 10 хэдэн тамирчин Хятадад нэг сар бэлтгэл хийчхээд цаашаа Хойд Солонгост очиж Азийн аваргад орж байсан юм. Хойд Солонгост улсууд нь гадуур огт явдаггүй юм байна лээ. 1960 онд гэхэд төр нь нэлээн хатуу байсан. Олимпын хорооны хамгийн дээд шагнал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, олон улсын мастер, Спортын тэргүүний ажилтан, Мастеруудын олимпын хорооны одон байна.
-Таны хувьд эцэг эхээс хэдүүлээ юм бэ? Хүүхэд ахуй нас нь хэрхэн яаж өнгөрч байв?
-Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат. Эхээс наймуулаа.Дээрээ нэг эгчтэй, олон малтай болохоор нэгдэлд өгч ачуулчхаад явдаг байсан. Тэр үед 4-р анги байсан дүү маань одоо 77 настай шүү дээ. Тэд нарыг бүгдийг нь айл гэр болгоод сургууль соёлыг нь төгсгөөд явж байсан. Тэд нарын хүүхдүүд тив дэлхийгээр тарчихсан. Намайг тэд нар маань их харж үзнэ.
-Тамирчин хүн медалийн тавцанд зогсоод төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг маш гайхлтай торгон мөч. Тэнд зогсоод төрийн дууллаа эгшиглүүлж байх мөчид хэрхэн ямар бодрол төрдөг вэ?
-Эхний төрийн дууллаа эгшиглүүлэхэд үнэхээр эвгүй болж байгаа юм. Нулимс урсаад байдаг. Нийтдээ 15 удаа түрүүллээ шүү дээ. Дэлхийн аварга боллоо, сүүлдээ дасчихсан төрийн далбаагаа өргөөд зогсож байдаг юм.
-Шидэлтийн төрлөөсөө та ямар кайф мэдрэмжийг авдаг юм? Та 88 хүрэх гэж байхад одоог хүртэл спорт таныг соронзон мэт татаад байгаа байхгүй юу?
-Харин тийм. Өөрийнхөө дур хүслээр дуртай юмаараа ажиллах хамгийн гоё байдаг юм байна гэж бодож байна. Жишээлбэл, Тив дэлхийн аваргад ороход чинь их мөнгө ордог байхад настай болчхоод дуртай хэвээрээ байсаар байна. Ингэж бодохоор хүн ёстой сэтгэлийн амьтан. Залуу байхад бид нарын зардлыг төлөөд тэмцээн уралдаанд явдаг байсан ч одоо тэгдэггүй. Настнууд маань өөрснөө дуртай учраас бэлэн мөнгө төгрөг байвал тэрийгээ хэрэглэнэ.
-Хамгийн сүүлийн Тайваньд болсон ахмад мастеруудын тэмцээнд та тун амжилттай оролцлоо. Энэ тухайгаа тодруулна уу?
-Дэлхийн мастеруудын тоглолтод 5 удаагаа оролцсон. Сая ахмад мастеруудын Тайваньд болсон тэмцээнд 4 төрлөөр оролцоод 4 алтан медаль авлаа. Бөөрөнцөг, зээрэнцэг, жад дүүгүүрээр тэмцээнүүд унах шинж рүү ороод ирэхээр нь яая даа гэж бодож байгаад шидэлтийн 4 төрлөөрөө өөрийнхөө нэрэмжит УАШТ хийе гэж шийдсэн. 200 гаруй тамирчид ороод тэрнээс чинь хойш шидэлтийн тэмцээнүүд их болж, их олон хүн оролцсон. Цаашдын зорилго мөрөөдөл бол хөнгөн атлетикийн шидэлтийн төрлийн бид өөрийн гэсэн талбайтай болчихвол шилдэг сайн тамирчин бэлтгэн төрүүлэх юмсан гэсэн ганц бодол л бий. Хэрвээ тэр мөрөөдөл минь биелвэл үнэхээр хэрэгтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлэг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: