
Юу юугүй Ерөнхий сайд огцроод, Хамтарсан Засаг нь дагаж унаад өгөх нь үү дээ гэсэн палхийсэн мэдрэмж иргэдийн дунд нэг, хоёрхон өдрийн дотор үүсэв.
Уулзсан хүн бүр засаг, төр чинь яах гээд байна вэ? гэсэн асуултын цаана “дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй” гэдгийг батлах шиг.
Төрийн эрх баригч намын “томчууд” уулзаад, парламентад олонх болсон намын бүлэг нь олон цаг хуралдаж, эцэстээ төрийн 1, 2-р хүмүүс уулзаж юу ярьж, улс төрийн тохироонд хүрснийг “баттай эх сурвалж” гэсэн л баталгаагаар хэвлэлүүд мэдээллийг түгээсэн.
Харин түүнийгээ баталж, албан эх сурвалжаас үг сонсох гэж төрийн ордонд өдөржин бужигнасан хэвлэлүүд “олон жил гацсан томоохон төсөл, хөтөлбөрүүд гацаанаас гараад овоо хөдөлж эхэлж байхад энэ их ажлыг нугалсан Хамтарсан Засгийн газрыг огцруулах нь ашиггүй” гэсэн үгийг тоть шиг давтах хэдэн гишүүний яриатай л хоцорлоо.
Хамтарсан Засгаасаа жийгдэх нь ойлгомжтой болоод буй АН-ынхан намынхаа Улс төрийн зөвлөлийн хурал зарласан ч ирц хүрсэнгүй гэх шалтгаанаар нэг өдрөөр хурлаа хойшлуулсан.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь одоо бүр намын даргаа буюу одоогийн Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд буюу Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөрийгөө солих тухай ярьсан нь АН дотроо Засгаас гарна, гарахгүй, хамтарсан нь зөв, буруу гээд хуваагдчихсан байгааг баталлаа.
ХҮН-ийнхэн харин улс төрийн уур амьсгал хэрхэн хувьсахыг ажигласан маягтай сууна.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ биш юм бол хэн дараагийн Ерөнхий сайд болох вэ?
Нэг ч улс төрч дараагийн Ерөнхий сайд тэр гээд хэлэхгүй байгаа ч олон нийт, цахим орчин, хэвлэл мэдээллийнхэний таамагт хоёр хүн шууд нэрлэгдэж буй. Одоогийн ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал, удаах нь Шадар сайд С.Амарсайхан нар юм.
Хэвлэлийнхэний асуултаас бултсан улс төрчид өнөөдөр болох МАН-ын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг Хамтарсан Засгийн газрын хувь заяаг хэрхэхийг ярилцана гэж буй.
Ерөнхий сайд Хамтарсан Засгийн газраа цээжээрээ хамгаалаад гарна гэж байгаа ч “намын ах” нар нь “Засгийн газрынхаа бүтцийг дангаараа өөрийн намаасаа бүрдүүл эс бөгөөс суудлаа өг” гэж тулгасан нь тодорхой.
Улс төрийн амаргүй энэ үед нам дотор, 1, 2-р хүмүүстэй яриа хэлцэл хийж чадах нэг л хүн байгаа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гэж үзэж байна.
Тэрээр парламентад орж ирэхээсээ өмнө МАН-ын “гал тогоог” олон жил барьж, хэд хэдэн намын даргын нүүр үзэн, үе үеийн улс төрийн зураглал гаргаж үзсэн туршлагатай.
Өнөөдөр болох МАН-ын Бага хурлын 396 гишүүний дийлэнх нь ч Д.Амарбаясгалангийн талын хүмүүс байгаа. Тэд Хамтарсан Засгийн газрын хувь заяаг шийднэ.
Гэхдээ АН, ХҮН намыг Засгаас гаргах нь парламентын тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хууль, тогтоолын төслүүд гацаанд орох эрсдэлтэй учраас “Хамтарсан Засгийн газар”-аа хамгаалах Л.Оюун-Эрдэнийн байр суурийг дэмжих нь Спикерт хэрэгтэй юм.
Тиймээс Хамтарсан Засгийн газрын хувь заяаг шийдэх МАН-ын Бага хуралд улс төрийн “тэнцвэрийг хангагч” нь Д.Амарбаясгалан байх нь ээ.