
Гадаадад боловсрол эзэмшиж, тэндээ ажлын байр олж “шингэнэ” гэдэг амаргүй. Тэр тусмаа ажлын байрны өрсөлдөөн өндөртэй БНСУ-д эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэдэг амаргүй. ШУТИС-ийн 2+2 хөтөлбөрт элсэн суралцсан Б.Дуулга БНСУ-д бакалавр, магистрын зэргээ амжилттай дүүргэж, энэ оны нэгдүгээр сард төгссөн байна. Улмаар БНСУ-ын цахилгаан автомашины цэнэглэгч үйлдвэрлэдэг “BlueNetworks” компанид урилгаар ажиллаж байна. ШУТИС-ийн 2+2 хөтөлбөрийн монгол оюутнууд БНСУ-д амжилттай суралцсанаар мэргэжлээрээ тус улсад ажиллах бүрэн боломжтой гэдгийг харуулсан анхны жишээ нь Б.Дуулга аж.
Тэрбээр 2021 онд SCH их сургуулийн мэдээллийн аюулгүй байдлын ангид элсэн орж, бүх улиралд голч дүн 4+ үзүүлж, сургуулийн 100% тэтгэлэгт хамрагдан, сургалтын төлбөр төлөлгүй суралцсан байна. 2023 онд төгсөхдөө нийт төгсөгч дундаас шилдэг хоёр төгсөгчийн нэгээр шалгарчээ. Үүгээр зогсохгүй, БНСУ-ын Засгийн газраас гадаадын шилдэг 250 оюутанд олгодог Global Korean Scholarship тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан байна. Мөн БНСУ-ын Сүнчонхян Их Сургуулийн Мэдээллийн Аюулгүй Байдлын тэнхимийн дэргэдэх Мэдээллийн Системийн Аюулгүй Байдлын Лабораторид магистрын зэргээ хамгаалжээ.
Тус лаборатори нь Им Кангбинг профессорын удирдлага дор БНСУ-ын Засгийн газрын агентлагууд болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр жил бүр дунджаар зургаан төсөл хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр төсөлд лабораторийн магистр, докторын 20 гаруй оюутнууд хамтран оролцдог. Тус лабораторид хэрэгжүүлсэн олон төслийн дотроос БНСУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Технологийн Судалгааны Хүрээлэн (National Security Technology Research Institute)-тэй хамтран хэрэгжүүлсэн, жилийн 250 гаруй сая төгрөгийн санхүүжилттэй томоохон төслийг Б. Дуулга нь хоёр жилийн хугацаанд амжилттай ахлан гүйцэтгэсэн нь онцлох үр дүн юм.
Лабораторид Б. Дуулгаас гадна монгол оюутнууд болох Б. Мөнхдэлгэрэх болон Г. Пүрэвбаатар нар 100% тэтгэлэгтэйгээр мөн суралцдаг. Б. Мөнхдэлгэрэх нь мэдээллийн аюулгүй байдлын докторын хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ лабораторийн ахлахаар ажиллаж, лабораторийн бүх төслийг хариуцан удирдан явуулдаг аж.
Өрөг.мн сайт 25 настай Б.Дуулгыг онцолж байна. Түүнтэй онлайнаар холбогдон ярилцсанаа ийнхүү сийрүүллээ.
-Яг одоо ажил дээрээ байна уу эсвэл өнөөдөр амралтынх нь өдөр үү?
-Ажил дээрээ, цайныхаа цагаар тантай холбогдож байна. Манай компани Солонгосын Чонан хотод байдаг. 30 ажилтантай. Эдийн засгийн тасаг, үйлдвэрлэлийн тасаг, судалгааны хүрээлэн гээд ажиллах чиг үүргийн тухайд гурав хуваагддаг. Миний хувьд судалгааны хүрээлэнд программ хангамж хөгжүүлэгчээр ажилладаг.
-Танаас өөр монгол хүн ажилладаг уу, танай компанид?
-Байхгүй ээ. Энэ компанид ажилладаг цор ганц гадаад хүн нь би.
-Танай компани бүтээгдэхүүнээ аль, аль улс руу гаргадаг вэ?
-Албан ёсоор борлуулалт нь эхлээгүй байгаа. Киргизстан, Энэтхэг, Япон гэсэн гурван улсаас борлуулалтаа эхлүүлж буй. Өнгөрсөн долоо хоногт Японд анхны цэнэглэгчээ борлуулсан. Харин Солонгос улсдаа 500 гаруй цэнэглэгч аль хэдийнээ суурилуулаад, одоо бүгдийг нь ажиллуулаад, хянаад явж байгаа.
-Худалдаж аваад гэртээ ашиглах боломжтой цэнэглэгч гэсэн үг үү, эсвэл тодорхой байршилд суурилуулах том хэмжээний цэнэглэгч үйлдвэрлэдэг гэсэн үг үү?
-Гэртээ суурилуулаад, өөрийнхөө машиныг цэнэглэх боломжтой бүтээгдэхүүн байгаа. Тэр нь жаахан удаан цэнэглэдэг. Ажлаа тарж ирээд машинаа цэнэглэхэд өглөө нь хангалттай цэнэг орчихно. Харин хурдан цэнэглэгчийг шатахуун станц, хурдны замын амралтын газар гэх мэт олон нийт ашиглах боломжтой газар суурилуулагддаг. Энэ цэнэглэгч нь машины батарейг 10-20 минутын дотор 80 хувьтай болгож чадна.
-Цалин хангамжийн тухайд хэр вэ?
-Ажилд ороод мэдэрсэн зүйл гэвэл ажлаа сайн хийдэг, бусадтайгаа сайхан харьцдаг хүн сайн дүгнэгддэг. Гадаад хүн гээд ерөөсөө өөр цалин бол өгдөггүй. Хуулиараа үүнийг хамгаалчихсан байдаг. Гэрээн дээрээ бичигдсэн цалингаас даатгал, татвар хасагдаад гар дээрээ 2.9 сая вон авдаг. Монгол мөнгөөр 4.9 сая төгрөг гэсэн үг.
-Бакалавр, магистраа тэтгэлгээр төгссөн юм байна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийг ч хүртжээ. Хэдий сургалтын төлбөрт санаа зовох юмгүй төгссөн байж болох ч хэрэглээний зардал гарна. Цагийн ажил, монголчуудын хэлдгээр “хар” ажил хийж үзэв үү?
-Үзэлгүй яах вэ. Мэдээж хэрэглээний зардал гарна. Тэгээд оюутан юм чинь ямар ч орлогын эх үүсвэр байхгүй. Гэрийнхнээсээ мөнгө аваад байх хэцүү. Нуулгүй хэлэхэд “тэгбэ” буюу хүргэлт, айл нүүлгэлтийн ажил, барилга дээр ч гэсэн ажиллаж үзсэн.
-Өөрийн тань хувьд ШУТИС-ийн 2+2 хөтөлбөрөөр БНСУ-д очиж суралцсан юм байна. Одоо энэ хөтөлбөрөөр жилд ойролцоогоор хэчнээн залуус очиж байна. Танаас зөвлөгөө, мэдээлэл авч сургуулийнх нь дүү нар холбогдож байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ хөтөлбөр маань одоо ч үргэлжилж байгаа. Миний хувьд 2+2 хөтөлбөрөөр БНСУ руу ирсэн тавдугаар үеийн төлөөлөл. Манай үеийнхэн 13-уул ирсэн. Долоодугаар үеэс энэ тоо хоёр дахин өссөн байна лээ.
-Энэ оны нэгдүгээр сард сургуулиа төгссөн юм байна. Хонхных нь баяраар гэрийнхэн нь очсон уу?
-Гэрийнхэн маань бол бакалаврын төгсөлтөөр ч магистрын төгсөлтөөр ч ирж чадаагүй. Ирж чадаагүй ганц шалтгаан нь эдийн засгийн бололцоо. Учир нь Монгол Солонгосын хоорондын тийзийн төлбөр тийм ч хямд биш шүү дээ. Гэрийнхнийгээ үргэлж санана. Уг нь бол долоо хоногтоо нэг удаа ярихыг хичээдэг. Гэвч амжихгүй ээ. Хоёр долоо хоногтоо нэг ярих ч үе бий. Монголдоо өнгөрсөн оны наймдугаар сард очсон. Монголынхоо юуг хамгийн их санадаг гээч агаарыг…
-Монголдоо ирж ажиллаж, амьдрах төлөвлөгөө бий юу?
-Дэлхий даяар туршлагатай хүмүүс ажлын зах зээл дээр их дээгүүр үнэлэгддэг. Тийм учраас 3-5 жил туршлага хуримтлуулж аваад, эх орондоо очъё гэж бодож байгаа. Тэр үед Монголд цахилгаан машин хүмүүс хэрэглэж, цэнэглэгчийг нь үйлдвэрлэх шаардлага тулгарвал, тийм компаниуд хэрэв байгуулагдвал очиж ажиллах байх. Эсвэл Монголын Засгийн газар цахилгаан машины зах зээл, цэнэглэгч үйлдвэрлэлийг дэмжиж буй хандлагатай байвал магадгүй бизнес эрхэлж болох байх.
-Яг одоо их сургуульд орох гэж буй дүү нар болон өөрийнхөө үеийн залууст юу гэж зөвлөх вэ?
-Битгий бууж өгөөрэй л гэж хэлмээр байна. Миний хувьд энэ хүртэл явж чадна гэж бол ерөөсөө бодоогүй. Чадна гэдэгтээ итгэсэн болохоор өнөөдөр би энд сууж байгаа байх. Тэгэхээр өөртөө итгээд, нэг хийгээд үзээрэй гэж залуустаа зөвлөмөөр байна. Мөн надад итгэж, дэмжсэн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ШУТИС-ийн багш, ажилчид, Солонгос хэлний багш нар гээд бүх хүнд л талархлаа энэ завшааныг ашиглан хэлье.
-Ярилцсанд баярлалаа.