
Дэлхий даяар хэрэглэгдэх боломжтой төлбөрийн цор ганц хэрэгсэл байдаг нь алт. Аливаа улсын валютын нөөц, хөрөнгийг илтгэдэг зүйл бол Төв банкных нь алтны нөөц. Төв банканд хадгалагдаж байгаа алтыг хэзээ л бол хэзээ арилжаад ямар ч төрлийн валютад хөрвүүлж болно. Тиймдээ ч энэ металл нь эдийн засгийн хувьд маш өндөр ач холбогдолтой байдаг.
Та хар л даа, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн улс орнуудад чиглэсэн татварын тарифаа зарлахад дэлхийн эдийн засаг тодорхойгүй байдалд орж бужигнасан. Харин алт улам үнэ нь өсч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Яагаад гээч, ямар ч үед үнэ цэнээ алдахгүй энэ металийг улс орнуулын Төв банк зах зээлээс худалдан авч, валютаа алтаар баталгаажуулахаа шуурхайлсан учраас тэр юм.
Хүн төрлөхтний санхүүгийн баталгаа болсон гялтганасан шаргал энэ метал манай улсын эдийн засагт ч аврал болох нь.
Монголчуудыг нэгэн цагт “алтан дээр суусан гуйлгачид” гэж байсан удаатай. Тиймдээ ч байгаа нөөцлөө тулгуурлан Алт 1, 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж чамгүй амжилттай байсан. Харин өнөөдөр Засгийн газраас алтны нөөцөө нэмэгдүүлж, төсөвт үүсэх хүндрэлийг давах, монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах, ААН-үүдээ дэмжих зорилгоор Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Монголбанканд алт тушаасан үндсэн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, идэвхтэй үйл ажиллагаа эрхлэгч 6 аж ахуйн нэгж байна
Алт-3 хөтөлбөр нь ашиглалтын 27 тусгай зөвшөөрөл болон олборлолтын үйл ажиллагаа эрхлэхэд баримтлах ТЭЗҮ нь хүчинтэй алтны үндсэн орд эзэмшигч 25 аж ахуйн нэгж байгууллагын уурхайн хүчин чадалд үндэслэн Монголбанкны валютын болон алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд алтны үндсэн ордын олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээний босго хэмжээ болох 6 тэрбум төгрөг байгааг өөрчлөх юм.
Сүүлийн 5 жилийн байдлаар Монголбанканд алт тушаасан үндсэн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, идэвхтэй үйл ажиллагаа эрхлэгч 6 аж ахуйн нэгж байна. Тэд нийт алт тушаагч ААН-ийн 4-5 хувийг эзэлдэг. Тушаасан нийт алтны 22 орчим хувийг бүрдүүлж байна.
Дээрх 6 ААН нь ТЭЗҮ-ийн жилийн хүчин чадлынхаа дунджаар 54 хувьтай тэнцэх хэмжээний алтыг олборлон тушааж байна.
Засгийн газраас баримталж байгаа аж ахуйн нэгжийн тогтвортой, өсөн нэмэгдэх үйл ажиллагаа, экспортыг дэмжих, татварын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээний босго хэмжээ (6 тэрбум төгрөг)-нд өөрчлөлт оруулан босгыг 30 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлвэл Улсын төсөвт төвлөрөх татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа ч аж ахуйн нэгжид очих татварын ачаалал дунджаар 11 хувиар буурах аж.
ААН-д очих татварын ачааллыг бууруулан үйл ажиллагааг дэмжин алтны олборлолтыг ТЭЗҮ-ийн бүрэн хүчин чадалд хүргэснээр жилд зөвхөн дээрх 6 олборлогчийн тушаах алтны тоо хэмжээг 3.5 тонноор нэмэгдүүлэх боломжтой болно.
Хэрвээ Засгийн газар тооцож, төлөвлөж буйнхаа дагуу үнэхээр ажиллаж чадвал “Алт-3” хөтөлбөрийн үр дүнд ойрын 2 жилд шороон ордын алт тушаалт 20-30 хувиар нэмэгдэж, 45 алтны үндсэн ордын нийт 129.1 тонн нөөц шинээр эдийн засгийн эргэлтэд орж, жил бүр 10 орчим тонн алт Монголбанканд тушаадаг болох юм.
Богино хугацаанд хамгийн чухал үр дүн болох Эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэж, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх, мөнгөний ханшийг илүү тогтвортой байлгах нөхцөл бүрдэх ёстой учиртай юм.