
333 нуур буюу “Нэг сум-нэг нуур” санаачилга хэрэгжиж байна
Ус бол хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн билээ. Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй, хүн усгүйгээр амьдарч чадахгүйд байгаа юм. Гэвч дэлхий дээр байгаа бүх усны нэгхэн хувь нь л цэвэр ус байдаг.
Харин 97 хувь нь далай тэнгисийн ус, хоёр хувь нь хойд өмнөд туйлын ус байдаг билээ. Ундны цэвэр ус өнөөдөр томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна.
Цэвэр цэнгэг ундны усны нөөц хомстож буй асуудал Монголчууд биднээс заримд нь алс хол сонсогдож байж мэдэх ч энэ бол зайлшгүй сэтгэл зовинох асуудлын нэг юм.
Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан Дорноговь аймагт амжилттай болж өндөрлөсөн. Тэгвэл тус зөвлөгөөнөөр хамгийн нэн тэргүүнд яригдсан асуудал бол Говийн бүсийн ус, усан хангамж, үүнийг тойрсон асуудлууд байлаа.
Ингээд бид тус зөвлөгөөний үеэр Монгол Улсын Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу? Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны нэн тэргүүнд тавигдсан асуудал ус байлаа. Хэрхэн яаж, зохицуулж хэрэгжүүлэхээр саналууд гарсан бэ?
-Энэ бүсийн зөвлөгөөний анхдугаар асуудалд усны асуудал маш чухлаар тавигдаж тэр дундаа энэ томоохон төсөл хөтөлбөрүүд ярьж байгаад баяртай байгаа юм. Хоёрдугаарт нь манай Монголын говь бидний ярьдгаар 33 говь гэдэг.
Ингээд нэрээр нь дурддаг шүлэг шиг сайхан зүйлүүд, 33 говь болгосон үндсэн шалтгаан бол говь болгон өөр өөрийн онцлогтой. Тэр дундаа усныхаа шинж чанараар говь болгонд байж байгаа Баянбүрдүүд нь говь болгонд байж байгаа газрын доорх усны ордууд нь, ийн байрлаж байгаа геологийн бүтэц бүрэлдэхүүн нь маш өвөрмөц учраас бид нарт говийн бүсэд хамгийн чухал хийх ажлууд байна. Бидэнд судалгаа авахаас эхлээд хийх ажлууд маш олон байна. Тэгээд нийтэд нь хэрвээ хөгжил дэвшлийн тухай, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тухай асуудал яривал Монгол Улсын хэмжээнд бид нар усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгох хэрэгтэй байна.
-Усны нөөцийн жигд хуваарилалт гэдгийг та тодруулна уу?
-Жигд хуваарилалт гэдэг нь Хөвсгөл нуурын эрэг дээр амьдарч буй хүнд 250 литр ус ноогддог бол говьд бас ийм хэмжээний усыг бий болгох тухай асуудал. Тодотгоод хэлбэл одоо дөнгөж 5-6-хан хувьтай байж байгаа гадаргын ус, усны хэрэглээг улсын хэмжээнд нэмэгдүүлж 25 хувьд хүргэх, гадарга нь бараг 100 шахам хувь байж байгаа газрын доорх усны хэрэглээг багасгаж 50 хувьд хүргэх шинээр усны дахин ашиглалтыг нийт усны хэрэглээний 25% болгож нэмэгдүүлэх ийм зайлшгүй шаардлагууд байна.
Тэгэхээр энэ болгон дээр манай энэ ганцхан говийн гэлтгүй бүх бүсийн зөвлөлүүдийн хуралдаан бол маш их анхаарал тавьж буй усны асуудлыг тавьж байгаад маш их баяртай байгаа юм. Иймээс бид нар бүс болгоны онцлогт таарсан усны менежментүүдийг, усны судалгааг, усны байгууламжуудыг, бүтцийг нь бий болгох ёстой. Энэ үйл ажиллагаа маань амжилттай эхэлж байна гэж бодож байна.
-Хамгийн түрүүнд ямар ажлуудаас хийж эхлэх вэ?
-Юун түрүүнд бид нар говьд байдаг, байх ёстой байсаар ирсэн усыг бий болгоно. Энэ жишээлбэл хамгийн сонгодог жишээ хэлэхэд Улаан нуур 1980-аад оноос хойш үндсэндээ хатаж ширгэчихсэн байж байгаа Улаан нуураа сэргээмээр байна. Улаан нуурыг сэргээхийн тулд бид юу хийх вэ гэхээр хангайн нурууны урд хэсгээс эх аван урсаж байгаа Онгийн голоо сэргээх хэрэгтэй байна.
Тэгэхээр бидний яриад байгаа говь, говийн усан хангамж гэдэг асуудал бол хамгийн нэгдүгээрт яг таны асуултын дагуу байгалийн усны нөөцүүдийг нөхөн сэргээх, эргүүлэн сэргээх тухай асуудал Онгийн голыг 50 жилийн өмнө урсаж байсан. Яаж урсаж байсан тэр хэмжээнд очуулах тэгснээрээ Улаан нуур маань сэргэх тухай асуудал ярина. Үүнээс гадна боломж нөхцөлүүд нь бий болох юм бол бий болгохоос өөр арга байхгүй. Энэ нь Хэрлэн гол, Туул голоо, Орхон голоо, Эгийн голоо, Ховд голоо авран хамгаалах усны нөөцийн хуримтлалыг бий болгоод энэхүү усны нөөцийн хуримтлал нь бий болоод усан сан бүрэн дүүрчихсэн тохиолдолд тэр усыг хаашаа, яаж татаж ашиглаж болох вэ гэдгийг бид нар бүрэн дүүрэн шийдмээр байна.
-Хэрхэн ямар замаар шийдвэрлэх боломжтой вэ?
-Жишээлбэл бид өнөөдөр Тайширын УЦС буюу Гэгээн нуурын хүчээр Говь-Алтай аймгийн төвийг усаар хангаж байна. Сэлэнгэ мөрний эрэг дээр байгуулсан усны барилга байгууламжийн хүчээр 65км-ийн зайтай Эрдэнэт хотыг усаар хангаж байна.
З.Батбаяр: Дээрхтэй яг адилаар бид нар усыг алсын зайнд, алсын, ойрын, дундад зайнд шилжүүлэх төслүүдийг хийх ёстой
Өнөөдрийн зөвлөл, бүс, бүсийн зөвлөлийн, говийн бүсийн зөвлөлөөр энэ асуудал бол нэлээн өндөр түвшинд яригдаж байна. Үүнд маш их баяртай байна. Бид усны асуудал бол хэн нэгний асуудал биш, бид бүгдээрэнгийнх нь асуудал, бүгдээрэнгийнх нь эрх ашиг учраас нэгдсэн нэг ойлголттой, нэгэн зүг чиглэсэн байдлаар ажиллах ёстой.
-Усны нөөцийг нэмэгдүүлэх арга зам гэж нэрлээд буйгаа тодотговол?
-Усны газраас санал болгоод, манай сайд маань Байгаль орчин, уур амьсгалын сайд маань дэмжээд 333 нуур, “Нэг сум, нэг нуур” гэдэг ийм санаачилга хэрэгжээд явж байна. Энэ жил бид нар баруун бүсэд, 35 хөв цөөрөм барих ажлыг эхлүүлээд явж байна. Тэгэхээр энэ ажил бол бас говьд яах вэ гэдэг говьд гадаргын усыг хуримтлуулаад цуглуулчих юм бол ихэнх усаа ууршуулаад алдчих учраас бид нар технологийн шинэ шийдэл хайж байна. Үүнийг бид нар газрын доорх усан сан, газар доор ус хуримтлуулах эсвэл газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх арга зам гэж нэрлээд байгаа.
-Энгийнээр тайлбарлавал газрын доорх усаа тэжээх үйл ажиллагааг хэрхэн хийх вэ?
-Үүнийг би маш энгийнээр тайлбарлачихъя. Бороо орохоор говийн бараг хонхор болгонд нуур тогтчихдог бүгдээрээ мэдэж байгаа. Тэгвэл энэ хонхорт тогтож байгаа усыг, цооног өрөмдөх замаар газар доороо шингээдэг болъё. Үүнийгээ бид нар тэр газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх арга гээд байгаа юм. Тийм учраас худаг гэдэг бол бид нар худаг ухаад гаргаж авдаг байсан бол энэ тохиолдолд худаг өрөмдөөд харин борооны усыг доошоо оруулж газрын доорх усаа тэжээх гэсэн энэ үйл ажиллагаануудыг хийж эхэлж байна. Говийн бүсэд бол хөв цөөрөм гэдэг маань ихэнх тохиолдолд ийм байдлаар хэрэглэгдэнэ.
-Усыг хуримтлуулах нь маш чухал. Тэгвэл үүн дээр санал нэгдэж ажиллана гэсэн үг үү?
-Улаанбаатар хотод 14 хот гэж бид нар ярьж байгааг бүгдээрээ мэднэ. Тэгвэл 14 хот болгон 14 цэвэрлэх байгууламжтай байх ёстой.
Тэр цэвэрлэх байгууламжаас гарсан усыг нь маш өндөр түвшинд хэрэглээд 14 нууртай болох ёстой гэсэн ийм л зорилго тавиад явж байна. Бид бүгдээрээ яриад байгаа боловч тодорхой ажил алга гэж шүүмжлэл хүлээж байгаа. Бид бүгдээрээ үүнтэй санал нэгтэй байгаа ч гэсэн нөгөө хийхийн хагас нь ярих гэгчээр хүн болгон усыг хуримтлуулах нь зүйтэй гэдэг энэ санал нэгддэг. Хэрвээ үүн дээр бид нэгдэн зогсож чадах юм бол бүх голоо хамгаалаад зогсохгүй, бүх суурин газартай нууртай болж чадна аа гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.