
1937 он. Баянхонгор аймгийн Өлзийт сум. Уудам тал хээр, уулархаг аараг толгод хосолсон тэр л нутагт Сангидоржийнх гэх айл буян ихт малаа маллан бусдын жишгээр амьдран сууна. Хотон дундуур өтөг бууц манаргаж шилбүүр унан гүйх жаал амандаа хэдэн үгийг давтан хурдлана. Түүний насыг баримжаалбал тав, зургаан настай болов уу гэмээр шавилхан хүү. Тийм атал улаан таван хошуу хадсан хөх даалимбан цүнх үүрч бас болоогүй “Ардын багш явж байна” гэж хэрэндээ хоолойгоо баргил болгохыг хичээн цангинуулахыг нь үзвээс хэрсүү нэгэн болох нь илт. С.Дулам-Адъяа хүү хүсэл мөрөөдлийнхөө сэжмийг огоорч ядан, хожмын ирээдүйгээ зөгнөн хурдалж буй нь энэ.
Тийм ээ. Тэр үнэхээр л Ардын багш болсон юм. 1940 онд сурагч болон сургуулийн босгыг анх алхсан хүү. Долоон жилийн дараа багш хэмээн хүндлэгдэж буурь суусан хүний алхаагаар сургуулийн босгыг давав. “Хэзээ ч хүрэмгүй өндөрлөг мэт санагддаг байсан тэр “том” багш нартайгаа нэг эгнээнд орж хамт ажиллана гэдэг, ээ дээ мөн гайхалтай тохиол юм шүү. Эрдэм мэдлэг, ажил хичээлд шамдсаны минь дүнд амьдрал намайг харамгүй шагнасан гэж” туулсан амьдралаа бахдан ярина. 24-хөн настай залуу Баянхонгор аймгийн Баянзүрх сумын дунд сургуульд захирлын албыг хаших болов. Насандаа ахадсан гэмээр үүрэг хариуцлагыг хэдий нь үүрч сурсан хийгээд бусадтай эетэй, өөрийгөө сайтар илэрхийлж чаддаг нь түүнийг бага залуу гэж голохын нөхцөлгүй. Гэсэн ч түүнд захирлын албаас илүүтэй олон балчруудтайгаа инээж хөхрөн тоглож наадах, эрдэм ном заах нь жаргал хийгээд хүсэл нь байв. Тиймдээ ч Баянхонгор аймгийн Баянзүрх сум, Түйн нэгдэл, Эрдэнэцогт сум, Баян-Овоо сум, Өлзийт сум, Баянцагаан сум, Баян-Өндөр зэрэг сумуудад Говь, хангайн, зах хязгаар гэлгүй номын өглөгөө арвижуулсаар байв. Тэрбээр боловсролын салбарт ийнхүү зүтгэхдээ 3000 гаруй хүүхдийн оюунд мэдлэгийн үр суулгасан юм.
Өдгөө тэрбээр 95 гэх өндөр насыг зооглож хань ижил, үр ач зээ нартайгаа өнөр өтгөн амьдран сууж байна. Эрүүл саруул урт насалж буйн үндсээ “уур уцааргүй тайван сайхан амьдрасны минь үр шим болов уу” хэмээн өнөөх л мэргэжилдээ нялзаан бахдана. “Мөн аав ээжийн минь буян, хайртай ханийн минь халамж, үр хүүхдийн минь ачлал хэмээн сэтгэж байна” хэмээхүй нь түүнийг энэхэн амьдралынхаа буй бүхэнд талархан амьдарч өдийг хүрснийг илтгэнэ. Түүний амнаас “би өөрийн сайнд өдий зэрэгтэй амьдарлаа” гэх үгийн сэжим үл цухуйна. Магад урт наслахын үндэс нь байгаа бүхэндээ талархах хийгээд даруу төлөв, уужуу тайвуу амьдрах буй за.
С.Дулам-Адъяа гэх энэ буурай боловсролын салбарт 40 жил соёлын салбарт 10 жил ажилласан хөдөлмөрч нэгэн. Түүний хөдөлмөр үнэ цэнэтэй байсныг сурган хүмүүжүүлсэн шавь нарынх нь ажил амьдрал, алдар гавьяа гэрчилнэ. Анги даан хичээл заасан шавь нараас Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар тав, Монгол улсын гавьяат цолтон 10, төрийн шагналтан, доктор, профессор гэх мэтээр тэргүүний сайчууд олноор төрөн гарсан аж. Олон гавьяат, олон баатарыг төрүүлсэн ч төр түүний хөдөлмөрийг зүй ёсоор нь үнэлсэнгүй. Хэдий тийм ч энэ нь байгаа бүхэндээ талархаж сурсан бууралд гутарч гундаад байх шалтгаан болсонгүй.


Том охин Д.Нүрмаагийн хамт
Баатар горьдоогүй ариухан хөдөлмөр тань шавьдаа шингэж
Баяжихыг хүсээгүй даруухан амьдрал тань хүнд шингэж
Баярлах гомдох нь зөвхөн хүний төлөө байдгаараа
Багш та бидний шүтээн билээ…