
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц болон Польшийн Ерөнхий сайд Доналд Таск энэ бямба гарагт Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах аж.
Энэхүү айлчлалаараа дээрх 4 орны төрийн тэргүүнүүд Европын орнууд Оросын зэрлэг бүдүүлэг, хууль бус дайны эсрэг Украины талд зогсож буйгаа харуулахыг хүсэж буйгаа хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ.
Их Британи, Франц, Герман, Польшийн төрийн тэргүүнүүд Киев болон Москвад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санал болгоод буй ямар ч болзолгүй 30 хоног галаа зогсоох саналыг дэмжихийг уриалах ба энэ нь энхийн гэрээ байгуулахад эхний алхам болж өгөх аж.
Киев хэзээнээс ч хамаагүй 30 хоног галаа зогсооход бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа ч Москвагийн зүгээс олон тооны болзол тавьсаар байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын үеэр галаа зогсоохоо мэдэгдсэн ч фронтын шугамд тулаан үргэлжилсээр байгаа аж.
Вашингтон өнгөрсөн баасан гарагийн орой ойрын өдрүүдэд ОХУ Украинд томоохон хэмжээний цохилт үзүүлэхээр төлөвлөж буй талаар анхааруулсан ч Европын удирдагчид энэ бямба гарагт Киев хотын төв талбайд ОХУ-Украины дайнд амь үрэгдсэн олон мянган цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцож, Украины Ерөнхийлөгч В. Зеленскийтэй уулзахаар замдаа гарчээ.
Европын удирдагчид энхийн гэрээ байгуулахыг дэмжиж байгаа ба талууд галаа зогсоох явдлын техникийн хэрэгжилтийн хэлэлцэж, энхийн гэрээ байгуулах хүртэл Украин улсыг дэмжиж, ОХУ-ын зэвсэгт хүчинд үзүүлж буй дарамт шахалтаа нэмэгдүүлэх болно гэжээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/