
Католик сүмийн кардиналууд АНУ-ын Чикаго хотоос гаралтай кардинал Роберт Превостыг Католик сүмийн шинэ тэргүүнээр сонгожээ.
Роберт Превост нь католик сүмийн түүхэн дэх 267 дахь, Америк тивээс сонгогдсон хоёр дахь, АНУ-аас сонгогдсон анхны Пап лам болж байгаа ба тэрээр XIV Лео нэрийг авчээ.
Конклавын хоёр дахь өдрийн санал хураалтаар дэлхийн 70 орны 133 кардиналуудын олонхын саналыг авсан шинэ Пап лам Лео Систины сүмийн орой дахь яндангаас цагаан утаа гарсны дараа Гэгээн Петрийн цогчин дуганы тагтан дээр гарч, сүсэгтэн олонтой мэндчилсэн байна.
69 настай шинэ Пап лам Лео карьерынхаа ихэнх хугацааг Перуд шашны номлогчоор ажиллаж өнгөрүүлсэн ба АНУ-ын иргэншлээс гадна Перу улсын иргэншилтэй аж. Тэрээр 2023 онд кардинал болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шинэ Пап ламд баяр хүргэж, Пап лам XIV Леотой уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Харин Шинэ Пап лам XIV Леогийн хувьд Ерөнхийлөгч Д.Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нарт шүүмжлэлтэй ханддаг болох нь түүний X нийгмийн сүлжээнд бичсэн постнуудаас харж болох аж.
Хамгийн сүүлд Католик сүмийг Лео нэртэйгээр удирдаж байсан Пап лам XIII Лео нь нийгмийн шударга ёсыг дээдэлж, католик сүмийн орчин цагийн нийгмийн ухааны хичээлийн үндэс суурийг тавьж байжээ. Шинэ Пап лам ч мөн адил нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай нэгэн аж. Пап лам XIV Леогийн хувьд 2015-2023 онд Перуд ажиллаж байсан ба 2023 онд Пап лам Францис түүнийг Ромд авчран, католик сүмийн хамба лам нарыг томилох хүндтэй албан тушаалд томилж байжээ.