
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин өнгөрсөн лхагва гарагт Москва хотын Внуково-2 олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Тэрээр ОХУ-д дөрвөн өдрийн айлчлал хийх юм.
БНХАУ нь ОХУ-ын газрын тос болон байгалийн хийн хамгийн том импортлогч орон бөгөөд Украинд явуулж буй дайнаасаа болж барууны хоригт орсон Оросын эдийн засгийн гол аврагч болсон юм. Ерөнхийлөгч Си Жиньпин баасан гарагт Улаан талбайд болох Зөвлөлтийн арми Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярын парадад оролцох юм.
Түүний айлчлал ОХУ-ын дипломат харилцааны тал дээр томоохон дэмжлэг болж байгаагаас гадна В. Путинд Орос улс олон улсын тавцанд ганцаардаагүй гэдгийг харуулах боломж юм. Кремль Хятадын төрийн тэргүүн дэлхийн өөр бусад 20 гаруй улсын төрийн тэргүүнүүдийн хамт ОХУ-д айлчилж буй явдлыг Оросын нөлөөлөл дэлхий дахинд өсөж буйн илрэл хэмээн онцолжээ. АНУ-ын эсрэг татварын дайн зарлаад буй Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хоёр орны стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсгээ зурахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч В.Путины туслах Юрий Ушаков мэдэгдсэнээр хоёр орны төрийн тэргүүнүүд эрчим хүчний хамтын ажиллагаа, “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн асуудлыг хэлэлцэх аж. Киев бусад улс орны тэргүүнүүд ОХУ-д айлчилж буй явдлыг буруушааж буйгаа удаа дараа мэдэгдсэн ба Ерөнхийлөгч Си Жиньпиний онгоц Внуково-2 нисэх онгоцны буудалд газардахаас гурван цагийн өмнө Украины дроны цохилтын улмаас Москва хотын нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа түр зогсооход хүрчээ.