
Хот тосгоны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024.06.05-ны өдөр батлагдаж, 2025.06.01-нээс хэрэгжихээр болсон. Энэ хуульд зааснаар бол Монгол улс 45 хоттой болох нь.
Тодруулан хэлбэл, Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ хархорум, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 35, дагуул дөрвөн хотыг байгуулж бие даан хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс хэд нь Улаанбаатарт хамаарах вэ. Улаанбаатарыг хэдэн хот болгон задлах вэ гэдгийг одоо танд тайлбарлаж өгье.
-УЛААНБААТАРЫГ 18 ХУВААНА-
Улаанбаатарыг нийт 18 хотод хуваах нь ээ.
Үүний хоёр нь буюу Багануур хот, Налайх хот нь улсын зэрэглэлтэй хотод багтаж байна. Харин орон нутгийн зэрэглэлтэй хотод дараах 14 хот багтаж байна.
- Хан-Уул хот
- Яармаг хот
- Буянт-Ухаа хот
- Сонгинохайрхан хот
- Толгойт хот
- Баянхошуу хот
- Өнөр хот
- Баянгол хот
- Чингэлтэй хот
- Сүхбаатар хот
- Сэлбэ хот
- Баянзүрх хот
- Дарь-Эх хот
- Амгалан хот
Мөн Багахангай хот, Агросити хот гэсэн хоёр дагуул хоттой байх нь ээ.
–ХОТЫГ ХЭН ЗАХИРАХ ВЭ?-
За, одоо тэгэхээр өнөө баахан хотыг хэн захирах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хот тосгоны тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар бол улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот нэг захирагчтай, хотын зөвлөлтэй байх нь ээ. Бас ажлын албатай байна гэжээ. Харин улсын зэрэглэлтэй хотын захирагч, дэд захирагчтай байж болох аж.
Хотын захирагч нарын бүрийн эрхийн хугацаа дөрвөн жил байх ба:
- Улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, Ерөнхий сайд батламжилна.
- Орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл улсын зэрэглэлтэй хотын Захирагч батламжилна гэж хуульд заажээ.
Гэхдээ Хот тосгоны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт батлагдсан дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар бол шинээр бий болгож буй хотын захирагч, зөвлөлийг сонгох хүртэл 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх нь ээ.
Жишээлбэл, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Багануур хотын Зөвлөл болж, Засаг дарга нь Багануур хотынхоо захирагч болно оо гэсэн үг. Зарим дүүрэгт хоёр хот, гурван хот, бүр дөрвөн хот хамаарч буй тохиолдол ч бий. Тэгэхээр нэг дүүргийн засаг дарга хоёр хотын захирахгүй нь.
Тодруулан хэлбэл, Нийслэл Улаанбаатар хот дахь Яармаг, Буянт-Ухаа, Толгойт, Баянхошуу, Өнөр, Сэлбэ, Дарь-Эх, Амгалан хотын Захирагчийг тухайн хотын Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар томилж, чөлөөлөх нь.
Базаад хэлбэл, найман хотын даргыг Х.Нямбаатар томилох бөгөөд одоо ажиллаж буй Засаг дарга, төлөөлөгч нар 2028 оны сонгууль болтол өөрсдийн харьяаллын хотыг захирч, зөвлөлд нь орж ажиллана гэсэн үг.
2028 оны орон нутгийн сонгуулиар иргэд хотынхоо даргыг, хотынхоо зөвлөлийг өөрсдөө сонгодог болох нь ээ.
Анхаарал татаж буй нэг зүйл нь: Гэхдээ нэг засаг дарга хоёр хотын захирагчаар ажиллах боломжийг хуулиар үлдээжээ. Тодруулан хэлбэл, Хот тосгоны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт батлагдсан дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар бол дагуул хот болох Агросити хот болон Сонгинохайрхан хотын захирагчаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга ажиллах аж.