
Ерөнхий сайдын суудлыг доош буулгана гэж АН-ынхан ярьж буй. Мөн УИХ-д худал мэдээлэл өгсөн албан тушаалтнууд болон Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцдог болох тухай ярьсаар… Энэ мэт хэд, хэдэн асуудлаар хуулийн төсөл боловсруулж, өргөн барихаа мэдэгдээд буй билээ. Иймд бид АН-ын гишүүн Х.Тэмүүжинтэй уулзаж, хуулийн төсөлтэй холбогдуулан цөөн асуултад хариулт авлаа.
-АН-ын бүлэг энэ долоо хоногт хоёр хуулийн төсөл өргөн барих гэж байна гэж ойлголоо. Хуулийн төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч та?
-Зарчмын гуравхан л юм бий.
Нэгдүгээрт, гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийн хил заагийг тодорхой болгоё. Одоо бол УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд хурал удирдагчийн байр суурь дээр Ерөнхий сайд суучхаад байна. УИХ-ын гишүүд асуулт асуухаар хурал даргалагчийн байр сууриас, дээрээс доош харсан байдалтай тайлбар хийгээд, дээрэнгүй, доромж маягтай зүй бус хандлагууд гаргаад байна. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гэж заасан байдаг. Тийм байтал гүйцэтгэх эрх мэдлийн Ерөнхий сайдад тусгайлан суудал гаргаж өгөөд, эрх мэдлийг нь УИХ баталгаажуулаад байх ямар ч шаардлага байхгүй.
Хоёрдугаарт, ЗГ-ын гишүүн болон төрийн бусад албан тушаалтнууд УИХ-д худал мэдээлэл өгөөд байх юм бол парламентын гаргаж байгаа шийдвэр алдаатай байна. Тиймээс УИХ-д худал мэдээлэл өгсөн ЗГ-ын гишүүн болон бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хууль байх ёстой. Дэлхийн парламентын жишиг тийм. Энэ жишиг рүү бид явж байж хариуцлагатай ажилладаг, шийдвэр гаргадаг парламенттай болно.
Гуравдугаарт, парламент мэтгэлцээний талбар байх ёстой. Гэтэл өнөөдөр парламент мэтгэлцээний талбар биш болчихсон. Парламентыг мэтгэлцээний талбар болгохын тулд УИХ-д Ерөнхий сайд мэдээлэл өгдөг тогтолцоог өөрчлөх ёстой. Ерөнхий сайд нь ямар мэдээлэл өгөхөө өөрөө мэддэг, яг үндсэндээ парламент ЗГ-ын хуулийн хэлтэс шиг болчхоод байна. Эсрэгээрээ Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асуудаг, Ерөнхий сайд хариулт өгдөг ийм тогтолцоо руу шилжих ёстой. УИХ асууна, ЗГ хариулна гэдэг энэ зарчим руугаа “очих” ёстой. Бид энэ зарчмыг хангах гээд байгаа юм.
Базаад хэлбэл, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг “УИХ-ын асуулгын цаг” болгож өөрчилнө. УИХ-ын толгой дээр гараад суучихсан Ерөнхий сайдыг доош нь буулгаж, 126 гишүүнтэй нэг эгнээнд суулгана. Хэрэвзээ Ерөнхий сайд УИХ-ын гишүүн биш бол бүр ажлын хэсгийн сандал дээр суух ёстой гэсэн зарчмыг хуулийн төсөлдөө мөн тусгана. Мөн УИХ-д мэдээлэл хүргэж буй төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнууд парламентыг “хуурах” юм бол хариуцлага хүлээдэг тогтолцоо руу шилжинэ.
-”Ерөнхий сайдын сандлыг доош буулгах”-ыг өмнөх парламентын гишүүдээс хэн ч ярьж байсангүй. Тогтолцооны хувьд буруу юмаа гэдгийг өмнө нь хэн ч харж, дугарч байгаагүй юм бол?
-Өнгөрсөн 70 жил чинь дарга засагласан улс байлаа. Даргадаа л тал засдаг, даргын үг бол хууль. Удирдагч юу гэж хэлнэ түүний төлөө нийгэм нь явж байх ёстой гэдэг тийм нэг уриа лоозонтой байлаа шүү дээ. Тэр сэтгэхүйгээсээ салаагүйгээс болоод даргаа бүх юмны дээр тавиад, хуулийнхаа дээр хүртэл тавиад Үндсэн хуулиа хүртэл одоо гажуудахад хүргэчихсэн байна.
Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана, Ерөнхий сайд толгойлно. Ерөнхий сайд Засгийн хуралдаанаа удирдах нь өөрийнх нь эрх. Кабинетдаа хэнийг урьж ажиллуулах нь ч өөрийнх нь эрх. Харин 126 гишүүнтэй УИХ-ыг удирдаж болохгүй. Тэгэхээр 126 гишүүнтэй УИХ-ын толгой дээр Ерөнхий сайд сууж болохгүй гэж байгаа нь Үндсэн хуулийнхаа зарчимд үнэнч байх эрмэлзэл. Өмнө нь даргыгаа өмнөөс үг хэлж чаддаггүй айдастай байсан байж магад. Эсвэл жижигхэн сандал суудлын асуудал юм чинь төвөг биз дээ гэж бодсон байж ч магад. Зарим нь угаасаа энэ эрх мэдэл хуваарилалтын зарчмыг ойлгодоггүй учраас дарга бол дээшээ л сууж байх ёстой гээд болсон байж магадгүй. Одоо энэ “магадгүй” байх байж болохгүй.
-Хуулийн төслийг санаачлагч автор нь та юу эсвэл АН-ын бүлэг үү?
-Ерөнхий сайдын асуудлыг доошоо буулгах асуудал дээр хуулийн төслийн санаачлагч нь АН-ын бүлэг. Одоогоор бүлгийн 42 гишүүний 32 хүн нь гарын үсгээ зурчихсан байна.
Харин Ерөнхий сайд ямар мэдээлэл өгөхөө шийддэг биш УИХ-ын гишүүд асуу асуултаа асуудаг байя, УИХ-д худлаа ярьдаггүй байя гэх хуулийн төсөл дээр бол нам харгалзахгүй гарын үсэг зуръя гэдэг санал ирж байгаа. УИХ-ын гишүүд одоо гарын үсгээ зураад өргөн барих байх.