
АН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдээ танилцуулсан. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхыг шаардсан юм. Тодруулан хэлбэл, V сарын 1-нээс өмнө УИХ-ын индэр дээрээс уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна гэдгээ мэдэгдэв.
Мөн Ерөнхий сайдын сандлыг доош нь буулгах хуулийн төсөл АН-ын бүлэг боловсруулаад явж буй талаараа мэдээллийн үеэр хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байя. УИХ-ын танхимд УИХ-ын толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайдын суудлыг одоо буулгах цаг болсон. АН-ын бүлгээс хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байгаа. Засгийн газар хуулийн төсөл өргөн бариад нэн даруй гэсэн горимоор хэлэлцэж болоод байдаг юм билээ. УИХ одоо нэн даруй горимоороо УИХ-ыг УИХ шиг болгож, парламент ёсыг сэргээж, сэрээх алхмыг хийж, Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах ёстой” гэлээ.