
Эхлээд Уул уурхайн салбарын 2024 оны жилийн эцсийн байдлаарх тоог харъя:
- дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь,
- аж үйлдвэрийн салбарын 72 хувь,
- гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь,
- экспортын орлогын 94 хувь,
- төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1 хувь) сая ам.доллароор буурчээ.
Экспорт, импортоос давамгайлж 294 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 235.4 (10.5 хувь) сая ам.доллароор буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй гараад байна.
Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
Гэсэн ч дээрх эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагавар байсаар байгаа нь цаашлаад Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсгэх эрсдэлтэй байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан УИХ-ын гишүүдэд танилцууллаа.
Тухайлбал,
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны XII сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна. 2025 оны II сарын байдлаар нүүрсний үнэ 30 хувиар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны I, II сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагч оролцдог байсан бол 2025 оны I, II сард нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагч оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэж байна.
Уур уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Өмнөх хуулиар “төрийн болон орон нутгийн өмчит өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж заасан нь төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нь дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй нөхцөл үүсгэж байгаа юм.
Тухайлбал, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д дээрх хүндрэл үүсээд байна.
Дээрхтэй холбоотойгоор 15-40 хувийн төмрийн агуулгатай, 2.5 сая тонн хэмжээтэй, ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүний овоолго үүссэн тухай салбарын сайд хэлж байгаа юм.
Өнөөгийн байдлаар төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулах талбайн дүүргэлт 87 хувьтай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй аж.
Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэгдсэнээр 2025 оны III сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 49 баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нүүрсний 11, төмрийн 19, хайлуур жоншны 19 үйлдвэр байна.
Мөн 2024 онд 27 баяжуулах үйлдвэр, 2025 онд 18 баяжуулах үйлдвэр үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн нь эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт,
- 2022 онд 12.2 тэрбум төгрөг,
- 2023 онд 11.7 тэрбум төгрөг,
- 2024 онд 2.8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт аж.
Түүнчлэн Уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “биржийн арилжааны үнийг хил залгаа улсын боомтын үнээр зарлана”, мөн “биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэж хатуугаар зохицуулсан нь өнөөгийн нүүрсний үнэ уналттай байгаа үед Уул уурхайн биржийн худалдан авалтад сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн.
Нүүрсний үнэ 2023 оны VII сарын 01-нээс 2024 оны I сарын 01 хүртэл 47 хувь өссөн бол 2024 оны I сарын 01-нээс 2025 оны I сарын 01 хүртэл 44 хувь буураад байна
Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий 31 гэрээний 6.83 сая тонн нүүрсний татан авалт хийгдээгүй, Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна.
Биржийн форвард гэрээний хэрэгжилт нэг хүртэл жил үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд үүсэх үнийн хэлбэлзэл нь худалдагч, худалдан авагч талуудад эрсдэл үүсгэж байгаа учраас Уул уурхайн биржийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болж, талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэх аж.
Мөн Уул уурхайн биржийн арилжааны худалдааны хүргэлтийн нөхцөлийг зөвхөн хил нөхцөлөөр борлуулахаар хуулиар зохицуулсан нь бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа учир биржийн арилжааг Олон улсын худалдааны танхимаас гаргасан, худалдааны бараа хүргэлтийн байршилтай уялдуулж тогтоосноор “Тавантолгой” ХК-ийн экспортын хэмжээ нэмэгдэж, дундын зуучлагчаар дамжуулахгүйгээр нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд шууд борлуулах, мөн нүүрсний үнийг БНХАУ-ын биржийн тухайн өдрийн үнээр тогтоож, төрөл бүрийн тохирч борлуулах боломжтой болох юм.