
Архангай аймгийн үзэсгэлэнт байгальтай 30 байршилд 60 малчин айл жуулчдыг хүлээн авч, малчин амьдралын өдөр тутмын хэв маяг, уламжлалт, зан үйлтэй танилцах боломжийг олгодог юм байна. Энэхүү “Малчин кемп” төслийн санаачлагч, Загвар өмсөгч О.Билгүүнтэй цөөн хором ярилцлаа.
Түүний хувьд Архангай аймгийн Цэнхэр суманд “Малчин кемп” төслийн нэг оролцогч болж, малчдад үйлчилгээний соёлтой байж хэрхэн жуулчин хүлээж авах вэ гэдгийг хуваалцан үлгэрлэж буй билээ. Цаашид хөдөө бүр суурин амьдрах бодолтой яваагаа нуусангүй.
Тэрбээр “Аялал жуулчлалыг хөгжүүлье гэж яриад байдаг. Гэхдээ бидэнд ондоошил гэж алга. Юугаараа ондооших вэ гэхээр Чингис хааны өлгий нутаг, нүүдэлчин ахуйн соёлоороо онцгойрвол бидэнд боломж байна гэж харсан. Тэр утгаараа бид малчин айлуудыг аялал жуулчлалын үйлчилгээнд сургая гэж шийдэж, “Малчин кемп” төслийг эхлүүлсэн. Би өөрөө ч гэсэн “Малчин кемп” төслийнхөө нэг оролцогч. “Малчин кемп”-ээ хөгжүүлэхийн сацуу малчдад жуулчин хүлээж авах, үйлчилгээний соёлтой байх, ямар хөтөлбөртэй байх вэ гээд туршлагаасаа хуваалцаад явж буй. Энэ төсөл маань гаднын жуулчид гэхээсээ илүүтэйгээр дотоодын жуулчдыг татаж, үр хойчдоо өв соёлоо өвлүүлэн хадгалж авч үлдэх зорилготой. Өв соёлын дархлаа байхгүй бол үндэстэн мөхөхийн шинж шүү дээ. Тэр утгаараа та зун “Малчин кемп”-т зочилж, таньдаг малчинтай болохын сацуу эрүүл одоо хүнс хэрэглэж, хүүхдүүдээ өв соёлтой танилцуулан үндэсний дархлаатай монгол хүн болгох боломжтой.
“Малчин кемп”-ийн бүх гэр цоохор тавилгатай. Архангайн аялал жуулчлалын холбооноос дэмжлэг үзүүлж буй бөгөөд хөнгөлөлттэй зээлээр олгодог. Жуулчин хүлээж авах сонирхолтой малчин айлууддаа заавар зөвлөгөө өгөөд бүх тохижилтыг нь хийж өгч, жуулчин авахад бэлэн болгож өгч байгаа гэсэн үг. Тодруулан хэлбэл ор, ор хөнжлийн даавуу, сандал, ширээ гээд гурван сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг гурван жилийн хугацаатайгаар зээлээр өгч буй. Миний хувьд гурван жилийн хугацаатай авч байсан жилд нэг сая төгрөг өгдөг. Ямар ч хүүгүй.
Мөн “Малчин кемп”-ийн бүх гэрүүд гаднаа био нойлтой. Энэ нойл маань их онцлогтой. Өтгөн, шингэн хоёр нь тусдаа ордог. Өтгөн нь үртсэндээ ороогдоод бордоо болдог. Шингэн нь хөрсөндөө уусаад ямар ч хор хөнөөл бий болгодоггүй” гэлээ.
“Малчин кемп”-ийн гадаа буй био нойлын тухайд 2.3 саяар борлуулагдаж буй юм. Малчин айл өрхүүд худалдаж авах боломжтой аж. Хаан банкны ногоон зээлээр авч болох ба “Малчин кемп”-д нэгдэж буй айл өрхүүдэд хүүгүй төлөх нөхцөлөөр олгож буй гэнэ. Хэрэв та энэхүү нойлыг сонирхож буй бол 99254930 дугаар руу холбогдоорой.
Та харин “Малчин кемп”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай.