
Монгол орон даяар нийт 12 төрлийн хичээлээр улсын шатны олимпиадууд ид үргэлжилж байна. Энэ жилээс “Динза” “Цондоолой Цүндээлэй”-гийн тусгай бэлгийг олимпиадын шигшээ шатанд амжилттай оролцсон хүүхдүүд, багш нарт өгөх уламжлал тогтож байгаа юм. Шагналт байр эзлээгүй ч олимпиадад оролцох нь амжилт билээ.
Олимпиадын салхийг Математик, Монгол хэлний хичээл хагалж, амжилттай оролцсон оюунлаг хүүхдүүд, багш нарт комик номууд, мерч бүтээгдэхүүнүүдийг Динза, Цондоолойг уншиж өссөн анхны уншигчдын төлөөлөл, “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрт оролцогч Б.Мөнх-Очир, Б. Гэрэлмаа нар гардуулсан юм. Математикийн улсын 61-р олимпиадын гурван ангилалд 172 сурагч, 67 багш шигшээд тунан өрсөлдсөн.
Тэднээс F ангилалд С.Манлай, E ангилалд Б.Цолмон нар алтан медаль хүртсэн бол багш нарыг 11-р сургуулийн багш Д.Хосбаяр өнгөллөө. Олимпиадын шилгүүдийг та бүхэнтэй уулзуулъя.
Цондоолой Цүндээлэйг уншиж өссөн
С.Манлай: Тав, зургаан настайдаа би “Цондоолой Цүндээлэй”-г уншиж эхэлсэн. Энэхүү комикын 21 цувралын амтанд орж, бүгдийг нь уншиж дуусгаж билээ. Комикоо одоо харсан чинь бага насны гоё дурсамжууд өөрийн эрхгүй сэргэж байна. Намайг уншиж бодож сурахад онцгой нөлөөлсөн комик номууддаа хайртай.
Динзаг унших дуртай
Б.Цолмон: Багадаа ахтайгаа хамт “Динза” комикыг уншдаг байлаа. Ах бид хоёрт 46 цуврал бүгд байсан. Маш том хайрцгаар дүүрэн, сонирхолтой, адал явдалтай эдгээр номыг уншиж өдрийг үр дүнтэй өнгөрүүлнэ. Миний сонирхлыг “Динза” яагаад татсаны шалтгаан нь өөр өөр үйл явдал, цаг хугацааны өөр өөр он тоолол дунд гоё гоё зурагтай үргэлжилдэг. Дуртай комикынхоо гарын бэлгийг гардсандаа маш баяртай байна. Хүүхдүүдээ математик бодож толгойгоо сэргээгээрэй. “Динза” комикоо уншиж ертөнцийн нууцыг тайлаарай.
Ийнхүү математикийн ертөнцөөр аялсан Динза, Цондоолойгийн анд найзууд үргэлжлүүлэн Монгол хэлний олимпиадаар зочилж, оролцогч хүүхдүүд багш нарт бэлгээ гардуулсан юм. Монгол хэлний олимпиадын шигшээд 32 багш, 34 сурагч эх хэлний мэдлэгээ сорив. Тус олимпиадад тэргүүлсэн Г.Биндэрьяа (Шинэ Монгол Харүмафүжи), хүрэл медаль хүртсэн Б.Мишээл нар (84-р сургууль) нар мөн л “Динза”, “Цондоолой Цүндээлэй”-тэй нөхөрлөж өсжээ.

Кино үзэж байгаа юм шиг санагддаг
Г.Биндэрьяа: Дөрвөн настайдаа ээжээрээ “Цондоолой Цүндээлэй хоёр” комикыг авахуулан уншиж сурах эхлэл тавигдсан. Олон ангит хүүхэлдэйн кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэн, хуудсаас хуудаст сонирхолтой адал явдал зурагнуудын хамт үргэлжилдэг нь надад их таалагддаг. Эх хэлний олимпиадад амжилт гаргахад комик номууд нөлөөлсөн гэж бодож байна.


Хотын охин надад хөдөөгийн амьдрал сонирхолтой санагдсан

Мишээл: “Би Цондоолой Цүндээлэй хоёр” комикын цувралуудыг нэгбүрчлэн уншиж байсан. Хотын хүүхэд болохоор Монголын хөдөө нутгийн амьдрал, хотын охин хөдөө идээшиж байгаа үйл явдлууд, үерхэл нөхөрлөл туйлын их таалагдсан. Монгол орныхоо талаар өргөн баялаг мэдлэгтэй болоход тусалсан комик номдоо талархал илэрхийлмээр байна. Өнөөдөр хайртай комик маань миний баярыг хуваалцаж байна. Эх хэлний мэдлэгтэй болох, үгийн баялгаа нэмэгдүүлэхэд тусалсан гэдгийг нь онцолъё.
Номоор дамжуулан, хүүхдэд мэдлэг боловсрол олгох зорилготой “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас Хүүхдийн боловсрол, хөгжил, төлөвшлийн цогц хөтөлбөрийн хүрээнд олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүд, бэлтгэсэн багш нартаа ийнхүү чин сэтгэлийн талархлаа илэрхийлсээр…
Хүүхдийн эзэмших ёстой суурь чадвар уншиж ойлгох юм. Өгүүлбэртэй бодлогын өгөгдлийг ойлгох, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдгээрээ онцлог “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикыг математик сэтгэлгээ хөгжүүлэхэд нөлөөтэй гэж багш нар онцолдог. Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа болсон эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх, үгийн баялагтай болох, алдаагүй зөв бичих чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг тухай мэргэжлийн хүмүүс өгүүлдэг юм.
Тухайлбал, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян “Хүүхдийн тунгалаг ухаанаар бичигдсэн, орчин үеийн хийцээр бүтээгдсэн “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” комик номыг миний хүүхдүүд, ач зээ нар маань ч уншдаг. Эх хэлний мэдлэгээ сайжруулах, үнэт чанарыг нь мэдэж авах, судлах хэрэгцээ шаардлага нэн тэргүүний асуудал болоод байна. Энэхүү хэрэгцээтэй “Динза”, “Цондоолой Цүндээлэй” уялдаж байгаа нь сайшаалтай” хэмээн өгүүллээ.
Сүүлийн үед Монгол хүүхдүүдийн ойлгож унших чадвар суларч, олон улсын PISA үнэлгээний шалтгалтад дэлхий болон тивийн хөгжлөөр хойгуур байр эзлэх болсон. Иймд унших дадлыг багаас нь суулгах хэрэгцээ нэгэнт бий болсон учраас эх орондоо мэдлэг боловсролтой иргэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилго тавин “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ ажилладаг. Дараа дараагийн олимпиадаар “Динза, Цондоолойгийн анд найзууд” маш олон найзтайгаа чин сэтгэлийн яриа өрнүүлэх болно.