
Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ (Fragaria ×ananassa) аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарж унасны дараа ургадаг. Анх 17 зууны үеэс гүзээлзгэнийг тариалж эхэлсэн байна.
Харин байгалийн гүзээлзгэнэ нь тав, зургаадугаар сард цэцэглэж, долоодугаар сард жимс нь боловсордог. Гүзээлзгэнийг өглөө шүүдэр эгшсэний дараа, эсвэл үдэш шүүдэр унахаас өмнө түүдэг.
Шүүсийг боловсорч гүйцсэн жимс, эсвэл навчнаас нь бэлдэж болно. Цус багадалт, цөсний чулуужилтын бактерийг устгах, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор шүүсийг нь цайны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ. Идээ шүүстэй шархан дээр шүүсээр нь шавшлага хийх, гоо сайхны эмчилгээнд сэвх толбо арилгахад хэрэглэдэг. Жимсээр нь чанамал, кисель, ундаа шүүс, мөхөөлдөс, сүмс, чихрийн чөмөг, дарс зэрэг бүтээгдэхүүн хийж хүнсэнд ашиглана.
- Түүнчлэн санах ойгоо сайжруулахыг хүсэж байгаа бол өдөр тутмын хооллолтондоо гүзээлзгэнэ идэж заншаарай. Долоо хоногт хоёр ба түүнээс дээш хэрэглэж заншснаар ой тогтоолт муу болох өвчнөөс сэргийлж чадна. Түүнчлэн витамин С ихээр агуулдаг учир дархлааны системийг сайжруулж, элдэв өвчнөөс сэргийлж чадна.
- Гүзээлзгэний эслэг чанар өндөр байдаг бөгөөд тэдгээр нь цусан дахь сахарын түвшинг хянах, чихрийн шижингээс хамгаалахад тусалдаг.
- Гүзээлзгэнэ нь кали, магни, мөн ясны өсөлтийг дэмжих, хамгаалах үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг. Түүнчлэн их хэмжээний фолийн хүчил агуулдаг нь жирэмсэн эхийн урагт буюу хүүхдийн тархи, нугас, гавлын ясны хөгжилд хувь нэмэр оруулдаг. Мөн ургийн гажилтаас сэргийлж чаддаг байна.
- Фолийн хүчил, витамин В5,В6 гэх мэт эрдэс бодис нь үс уналтын эсрэг байдаг. Мөн магни, зэс агуулдаг нь мөөгөнцрийн эсрэг буюу хагнаас сэргийлдэг. Гэрээ гүзээлзгэний маск тавьбал үсийг сайхан болгох аж.