
Монголчууд бид жилийн дөрвөн улирал тойрон бохирдол ярьдаг “зовлонтой улс” болсон. Агаар, хөрс, усны бохирдол зөвхөн нийслэлийн асуудал байхаа больж хөдөө орон нутагт ч мөн хүндээр яригдах сэдэв боллоо. Утааны улирал, ханиад томууны дэгдэлтээс багахан алсарч сэхээ авахтай зэрэгцээд хөрсний бохирдолтой холбоотой гэдэсний халдвар, суулга, гар, хөл, амны өвчин үрсийг минь эгээ л зовоож эхлэв. Дэлхийд манай улс агаарын бохирдлоороо тэргүүлдэг шиг хөрсний бохирдол ч мөн дүйж очих хэмжээнд хүрсэн нь энэ олон нян, бактерийн гаралтай халдварт өвчний дэгдэлтээс илхэнээ харагдана.
Одоогоос 11 жилийн өмнө хийгдсэн МШУА, Газарзүйн хүрээлэн, хөрс судалгааны багаас хийсэн Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаагаар:
Улаанбаатар хотын 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд дунджаар 88 хувь нь нянгийн бохирдолтой байжээ. Мөн Органик бохирдол 52.6%, шивтрийн бохирдол 88.4%, сульфатын бохирдол 72% байсан байна. Үүнээс хойш хөрсний бохирдлын цогц судалгаа ахин хийгдээгүй байна.
Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Орчны эрүүл мэндийн үзүүлэлтүүд” тайланг жил бүр гаргадаг учир ОЭМНҮА-ны эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтангэрэлээс хөрсний бохирдол болоод түүнээс үүдэлтэй өвчлөл ямар түвшинд байгаа талаар тодрууллаа.

“Улаанбаатар хотод 74 цэгээс жил бүрийн 5 болон 10 дугаар саруудад дээж авч, хөрсний бохирдлын түвшинг “Байгаль хамгаалал. Хөрс. Хот суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” MNS 3297:91 стандарттай харьцуулан үнэлдэг. Тус судалгаагаар намраасаа илүүтэй хаврын улиралд их бохирдолтой байна. Хамгийн сүүлийн тайланд хөрсний бохирдлын түвшингээр Баянзүрх, Багахангай, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүд хамгийн их бохирдолтой гэж гарсан.”


2022 онд зургаан төрлийн гэдэсний халдварт өвчнөөр нийт 3962 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Энэ нь 2021 оноос 2899 тохиолдлоор өссөн үзүүлэлт. Энэ мэтчилэн жилээс жилд хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдвараар өвчлөх тохиолдол нэмэгдсээр байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэдэсний халдварыг өвчлөлийн төрлөөр ангилаад үзвэл:
- Гар, хөл, амны өвчин – 46,6 хувь
- Цусан суулга – 43.5 хувь
- Сальмонеллёз – 5.7 хувь
- Суулгалт халдвар – 2.1 хувь
- Бактерийн гаралтай хоолны хордлого – 1.7 хувь
- Вируст гепатит А – 0.4 хувийг тус тус эзэлж байна.
Мөн тав хүртэлх насны хүүхдийн гэдэсний халдварт өвчний 79.2% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.


Газар гэсэж эхэлсэн учир гэдэсний халдварт өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл өсөх ӨЭМТ-ийн эмч Б.Нарангоогоос тодрууллаа.
-Ханиад томуугийн дэгдэлтийн үе аравдугаар сараас хоёрдугаар сар хүртэл байдаг бол гэдэсний халдварын дэгдэлтийн үе гуравдугаар сарын сүүлээс тавдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Гэдэсний халдвар авсан хүүхдүүд ойрын өдрүүдэд ирэх болсон. Хүүхдүүд халуурах, гар, хөл, амаар тууралт гарах даа ялангуяа гар хөлийн салаагаар тууралт гарсан, гүйлгэж суулгасан шинж тэмдэгтэйгээр ирж байна.
Эцэг эхчүүддээ зөвлөхөд амны усыг нь заавал цэвэршүүлсэн ус уулгах, гадаа тоглуулсан, гар нь ямар нэг байдлаар бохирлогдсон бол заавал угаалгаж хэвшмээр байна. Аяга таваг, жимс, хүнсний бүтээгдэхүүнүүдийг маш сайн угааж хэрэглэх гэх мэт ахуйн ариун цэврийг гүйцэт сахих хэрэгтэй. Мөн гэр хорооллоос гэдэсний халдварын тохиолдол түлхүү бүртгэгдэж байгаа учир хашаа хороогоо цэвэрлэх, нүхэн жорлонг халдваргүйжүүлэх зэргийг тогтмол хийхийг зөвлөж байна.