
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц шинээр гаргаж буй номондоо түүнийг залгамжлагч, хойд дүр нь Хятадаас өөр газарт төрнө гэж бичжээ.
Өмнө нь 89 настай Далай лам түүнийг залгамжлах хүн дахин төрөхгүй байх магадлалтай хэмээн мэдэгдэж байсан бол энэ мягмар гарагт худалдаанд гарч буй “Voice for Voiceless” номондоо түүний хойд дүр эрх чөлөөтэй улсад буюу Хятадын эзэмшлийн газар нутгаас гадна төрнө гэдгийг онцолжээ.
“Дахин төрөхийн гол зорилго нь өмнөх дүрийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх явдал учраас шинэ Далай лам нь хайр энэрлийн дуу хоолой болж, Буддын шашны тэргүүн, Төвөдийн ард иргэдийн хүсэл тэмүүллийн бэлгэ тэмдэг байх уламжлалаа гүйцэлдүүлэхийн тулд эрх чөлөөтэй улсад төрнө.” хэмээн тэрээр бичжээ.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц 1953 онд 23 насандаа олон зуун төвөдүүдийн хамтаар Мао Зэдуны дэглэмээс зугтан, Энэтхэг рүү дүрвэсэн билээ. Бээжин 1989 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн 14-р Далай ламыг “салан тусгаарлагч” хэмээн тодорхойлж, Далай ламын хойд дүрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн ч Далай лам Хятадын сонгосон хүнийг буддын шашинтнууд хүлээн зөвшөөрч, хүндлэхгүй гэдгийг онцолсон юм. Төвөдийн уламжлалд Буддын шашны тэргүүн өөд болсоны дараа сүнс нь хүүхдийн биед орж, дахин төрдөг гэж үздэг ба 14-р Далай ламыг анх 2 настай байхад нь өмнөх Далай ламын хойд дүрээр тодруулж байжээ.