
Газрын дундад тэнгисийн эрэг дээрх Сирийн Латакия болон Тартус хотуудад Сирийн арми болон Сирийн Ерөнхийлөгч асан Б. Асадын дэглэмийг дэмжигчид хооронд үүссэн мөргөлдөөний улмаас мянга гаруй хүн амь үрэгджээ.
Сирийн Хүний эрхийн хяналтын төвөөс мэдээлсэнээр Сирийн шинэ засгийн газрын арми болон Ерөнхийлөгч асан Башар Асадын дэмжигчид хоорондын мөргөлдөөнөөс болж 745 гаруй энгийн иргэн амиа алджээ. Өнгөрсөн пүрэв гарагт Латакия мужийн Жабла хотод Б. Асадын дэглэмийг дэмжигчид Сирийн арми руу довтолж, бослого хөдөлгөөн өрнүүлжээ. Уг бослогыг дарахын тулд Сирийн засгийн газар Сирийн өнцөг булан бүрээс мянга мянган дайчдыг дайчилж, Латакия болон Тартус хотууд руу илгээсэн байна. Өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль Шара энгийн иргэдийн аминд хүрсэн этгээдүүдэд хатуу шийтгэл ноогдуулахаа амласан аж.
Газрын дундад тэнгистэй хиллэдэг Сирийн бүс нутгуудад голчлон шашны цөөнх алавитууд амьдардаг. Өмнөх Ерөнхийлөгч Башар Асад тус бүс нутгаас гаралтай ба Б. Асадын засгийн газрыг унагасныхаа дараа Сирийн шинэ засгийн газар тус бүс нутгийн иргэдэд айж эмээх хэрэггүй хэмээн мэдэгдсэн ч өнгөрсөн амралтын өдрүүдээр олон зуун алавитууд амиа алдсан нь Сирийн шинэ засгийн газрын амлалт үнэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.