
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет өнгөрсөн лхагва гарагт Брюссель хотод болсон Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлэгч НАТО-гийн гишүүн болон гишүүн бус орнуудын уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Бид та бүхний адилаар тусгаар тогтносон, хөгжиж цэцэглэсэн Украиныг хүсэж байна.
Гэхдээ Украины хил 2014 оныхоос өмнөх байдалдаа буцаж очих боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Биелэх боломжгүй хий хоосон зорилго хөөх нь дайныг улам л сунжруулж, илүү их зовлон зүдгүүрийг авчирна.” хэмээн мэдэгджээ.
Тэрээр ОХУ-Украины дайн дуусах ёстой ч Киев НАТО-д элсэх нь бодит байдал дээр боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Түүнээс гадна Д. Трампын засаг захиргаа АНУ-ын хилийн хамгаалалт, аюулгүй байдалд илүү анхаарч эхлэх тул Вашингтон Украин болон Европын холбооны аюулгүй байдлын асуудлыг хойш тавина гэдгийг онцолжээ.
ОХУ 2014 оны 3-р сард Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэсэн ба 2022 оны 2-р сараас хойш Москва Украины газар нутгийн 1/5 орчмыг хяналтандаа аваад байгаа юм.
Пит Хэгсет АНУ-ын зэвсэгт хүчин ОХУ-Украины асуудалд хэрхэвч оролцохгүй гэдгийг онцлохын зэрэгцээ ОХУ-Украины дайн дууссаны дараа Европын холбоо болон Европын холбооны бус орнууд дайн дахин дэгдэхээс сэргийлэх аюулгүй байдлыг баталгааг гаргах ёстой” гэжээ.
Тэрээр, “ОХУ-Украины дайныг гэрээ хэлэлцээрийн замаар дуусгавар болгосны дараагаар Украин улс НАТО-гийн гишүүн болно гэдэг нь бодитой биш.” хэмээн онцолсон байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд АНУ-ын оролцоогүйгээр Европ дангаараа Украинд аюулгүй байдлын баталгаа өгч чадахгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалахын сайд цаашид Киевт үзүүлэх тусламжийг голчлон НАТО-гийн гишүүн орнууд хариуцах ёстой гэжээ.
Тэрээр, “Европын аюулгүй байдал нь Европын холбооны гишүүн орнуудын үүрэг хариуцлага байх ёстой.
Цаашид Киевт үзүүлэх зэр зэвсгийн болон хүмүүнлэгийн тусламжийн дийлэнх хувийг Европын орнууд гаргана.” хэмээн мэдэгджээ.
АНУ нь Украинд санхүүгийн болон зэр зэвсгийн тусламж хамгийн ихээр үзүүлсэн орон юм.
Д.Трампын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ын Киевт үзүүлж буй тусламж дэмжлэгийг шүүмжилж, ОХУ-Украины дайныг даруй зогсоох тал дээр арга хэмжээ авах ёстой хэмээн үзэж байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан юм.
П. Хэгсет НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардалд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 биш 5 хувийг зарцуулах ёстой гэж үзэж байгаа ба АНУ-ын хувьд ДНБ-ийхээ 3.4 хувийг, Их Британи 2.3 хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг бол ОХУ-тай хиллэдэг Польш, Балтын орнууд ДНБ-ийхээ 4 орчим хувийг зарцуулдаг аж.
Эx Сурвалж: CNN.COM