
УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан тухай өмнө нь мэдээллүүд олон нитйн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр “Ханбогд Эксплорэйшн” ХХК-иас хуульд заасан буюу 30 сая төгрөгийн мөнгөн хандив өгсөн байдаг.
Э.Болормаа гишүүнд хандив өгсөн гэх “Ханбогд Эксплорэйшн” ХХК нь Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсад бүртгэлтэй, “Кью Жи Экс Холдингс Лимитед” буюу Захирлаар нь Г.Золбаяр ажилладаг бол эцсийн өмчлөгчөөр таван өөр гадаад хүн бүртгэлтэй гадаад хөрөнгө оруулалттай, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг Үндэсний аудитын газрын тайланд дурдагдсан байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагаас хандив авахыг хориглодог.
Хуульд хандив өгөх, хүлээн авахыг хориглох гэсэн нь, “гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага” гэж заажээ.
Мөн “хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” гэсэн байна. Өөрөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх хөндөгдөх зохицуулалт байхгүй юм.
Үндэсний аудитын газраас Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагуудад мэдээлж, зөрчлийн дүгнэлтийг илгээжээ.
ҮАГ нь нэр дэвшигч нарын санхүүгийн тайланг нээлттэйгээр мэдээлж, улмаар зөрчилтэй асуудлуудыг нь холбогдох эрх бүхий байгууллагууд руу шилжүүлэх арга хэмжээг авдаг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Э.Болормаатай холбоотой зөрчлийн асуудлыг шилжүүлсэн нь энэ.
Хэрэв түүний гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний хандив авсан уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж, гэм буруутай нь эцэслэгдвэл түүний гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх юм.
Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/-ийн 1 дэх хэсэгт “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Харин Улсын Их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйл “гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно” гэж тус тус заасан байдаг.