
АНУ-д хууль бусаар оршин сууж байсан Энэтхэгийн 100 гаран цагаачдыг АНУ-аас албадан гаргаж, эх орон руу нь буцаахдаа АНУ-ын зэвсэгт хүчний онгоцоор тээвэрлэхийн зэрэгцээ 40 цагийн турш үргэлжилсэн нислэгийн турш гар хөлийг нь гав гинжтэй байлгасан нь энэтхэгчүүдийн бухимдлыг төрүүлжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Рахул Ганди тэргүүтэй Энэтхэгийн сөрөг хүчнийхэн Нью Дели дэх парламентын ордны гадаа гараа гавлан, хөлөө гинжлэн зогсож, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Өнгөрсөн сард Вашингтон албадан гаргаж буй Колумбийн цагаачдыг мөн л гавлаж, гинжилсэн байсантай холбоотойгоор Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петро Колумбийн цагаачдыг тээвэрлэсэн хоёр онгоцыг Колумбийн нутаг дэвсгэрт газардахыг нь хориглож, Колумби болон АНУ-ын төрийн тэрнүүнүүд хоорондоо нийгмийн сүлжээгээр сүрдүүлэг заналхийлэл солилцсон билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп хууль бус цагаачдын урсгалыг зогсоож, АНУ-д хууль бусаар оршин сууж буй цагаачдыг албадан гаргахаа зарласнаас хойш Вашингтон Латин Америкийн орнууд руу багадаа 6 онгоц дүүрэн хууль бус цагаачдыг илгээгээд байгаа аж.
Энэтхэгийн цагаачдыг тээвэрлэсэн нислэгийн хувьд хамгийн урт байсан бөгөөд тус онгоцоор эх орондоо ирсэн цагаачид 40 цаг үргэлжилсэн нислэгийн турш, ариун цэврийн ороход нь хүртэл гав гинжийг тайлаагүй тухай ярьжээ.
2018-2019 онуудад АНУ руу хууль бусаар нэвтэрсэн энэтхэгчүүдийн 8027 байсан бол 2022-2023 онуудад энэ тоо огцом өсөж, 96 917-д хүрчээ.