
“Зөн билгийн тулаан Монголд 2017” нэвтрүүлгийн ялагч, ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогч зайран Б.Эрдэнэсан. Тэрбээр 300 хүүхдийн ортой эмнэлэг барина гэдгээ мэдэгдээд буй юм.
–Танаас шуудхан л асууя. ПР хийгээд байгаа юм уу, эсвэл 300 хүүхдийн эмнэлэг яг барих гээд байгаа юм уу. Үнэн бол танд эмнэлэг босгох мөнгө байгаа юу. Энэ чинь уг нь төрийн хийх ёстой ажил биз дээ?
-ПР биш л дээ. “Мэлмий хөх язгуур” ТББ-ын залуус маань 300 хүүхдийн эмнэлэг баръя гэж зориод, “Хос Бойтог” нэртэй төслөө өнгөрсөн оны есдүгээр сараас ажил хэрэг болгоод явж байна. Энэ эмнэлгийг би өөрийнхөө мөнгөөр биш ард түмнийхээ дэмжлэг, хандиваар босгоно.
-Эмнэлэг барихад хэчнээн төгрөгийн төсөв шаардлагатай байдаг юм байна. Иргэдээс хандиваа яаж цуглуулах юм?
-Барилгын зураг төсөл нь гараад дуусахаар нийт хэчнээн төгрөг шаардлагатай нь тодорхой болно. Эмнэлгийн зураг төсөл одоо хийгдэж байгаа. Иргэдээс хандиваа 5059965873 /Мэлмий хөх язгуур/ гэсэн дансанд хийх боломжтой.
–Эмнэлгийн барилгын зураг төслийг ямар компани хийж байгаа вэ?
-Миний нэг хуурай ах барилгын компанитай юм. Тэр ах маань “За ах нь зураг төслийг нь хийлгэж өгье. Барилга барьдаг юм чинь таньдаг, мэддэг хүн байгаа” гээд ороод ирсэн. Саяхан надад ирж үзүүлдэг залуу “Би бетоны үйлдвэртэй. Танд 50 сая төгрөгийн бетон хандивлана аа” гэсэн. Энэ мэтээр хүмүүс орж ирээд л байна. Ер нь хүүхдийн юм цаанаасаа болчих байх гэж бодоод байгаа.
-Байршлын тухайд эмнэлгээ хаана барихаар төлөвлөж байна?
-Хэд, хэдэн хүнд төслөө танилцуулаад, тусламж дэмжлэг авъя гээд явж байна. Ус, дулаан, цэвэр, бохир нь шийдэгдсэн газар байх ёстой. Үүнийг чухалчилж байгаа.
-Эмнэлэг барьчихдаг юм байж. Дотор нь ажиллах эмч, сувилагч гээд ажиллах хүчнээ хэрхэн шийдэх гэж байгаа юм. Хаа сайгүй л ажиллах хүчний эрэлд гарч байна?
-Бид төсвөө бүрдүүлчихэд тендер зарлаж, барилга барих компанийг сонгоно.
Эмнэлгийн тоног төхөөрөмж тал дээр баг бүрдүүлчихсэн ажиллаж байгаа. Тэр баг маань Монгол дахь нарийн мэргэжлийн эмчийн хүрэлцээ, тоног төхөөрөмж, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний мэдээллийг ЭМЯ-наас гаргуулж авахаар бичиг хүргүүлж байна.
Бид Монголд байхгүй тоног төхөөрөмж оруулж ирэхийг зорьж байгаа. Мөн анагаахын сургуульд хүүхдийн чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнуудад тэтгэлэг олгоод гадаадад суралцуулж, ажиллах хүчний асуудлаа шийдэхээр төлөвлөөд ярилцаж л байна.
-За, эмнэлэг барьчихлаа гэж бодъё. Цаашид үйл ажиллагааг нь хэн хариуцаж явуулах юм?
-Энэ хувийн эмнэлэг биш. Бид барьж дуусаад улсад хүлээлгэж өгөх юм.
-Хэдэн онд ашиглалтад оруулаад, улсад хүлээлгэж өгье гэж зорьж байгаа вэ?
-Юмыг маргааш, маргааш гэвэл хойшлоод л байна. Тиймээс эмнэлгийнхээ барилгын ажлыг 2026 онд дуусгаад, хүлээлгэж өгье гэж зорьж буй. “Хос бойтог” төслийн залуустаа ч бас хэлээд л байгаа юм. “Би мөлхөөд ч болтугай энэ ажлынхаа ард нь гарна аа. Нэгэнт эхлүүлсэн юм чинь… Эндээс ямар нэгэн мөнгө төгрөг унагаах гээд байгаа юм биш бүх юм нь шилэн явна” гэж.
Миний хувьд дөрвөн хүүхэдтэй. Энэ өвөл гэр бүлээрээ л ханиад хүрлээ. Нэг нь эдгэхээр нөгөөх нь өвдөөд л… Хүүхдийн өвчлөл маш их байна. Над дээр ирээд үзүүлдэг хүмүүсийн 80 хувь нь ээж нар байдаг. 80 гарчихсан, 90 гарчихсан буурайнууд. Хөл нь доголоод ороод ирсэн хэр нь өөрсдийгөө биш үр хүүхдээ л асуудаг. Зарим эцэг, эхийн гуйлтаар сэхээн амьдруулах тасагт орох ч үе бий. Хүүхдийн уйлах чимээ хүний хатуухан цохиод авсан үгнээс илүү ухаарал өгдөг. Тэгэхээр үндэс болсон үр хүүхдийнхээ төлөө л ингэж зорьж байгаа юм. Монголчууд ингэж нэгдэж чаддаг. Үр хүүхдийнхээ төлөө зовних нэг зүрхтэй гэдгээ бусдыг чичлээд, хүлээгээд байлгүй нэг эмнэлэг баръя л гэж.
Магадгүй энэ төсөл маань цаашлаад дүүрэг болгонд, аймаг болгонд үргэлжлээд явахыг үгүйсгэхгүй.
Бас л үлээх юмаа
Буян заяа нь дэлгэрэг ээ ажилд амжилт хүсье