Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. Тус жагсаалтад манай улс 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгджээ. Одоогоос 10 жилийн өмнө манай улс 180 орноос 54 дүгээрт эрэмбэлэгдэж байв. Тиймээс ч Reporters Without Borders (RSF USA)-аас 2024 оны тайландаа “улс төрийн дарамтад орсон сэтгүүл зүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Манай улсад өдгөө 20 орчим сэтгүүлч хуулийн байгууллагад шалгагдаж, 10 нь яллагдагчаар татагдсан байна.
МОНГОЛ УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН “RSF”-ИЙН ТАВАН ЗӨВЛӨМЖ
Сэтгүүл зүйн салбарын чиглэлийг тодорхой болгох: Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ёс зүйн тодорхой хэм хэмжээг баримталдаг байх ёстой. Тиймээс мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчдийг нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл нийтэлдэг хүмүүсээс ялгаж, хяналт зохицуулалтыг нь мөрдүүлэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах: Төрийн болон хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллагын аль нь ч редакцийн шийдвэрт хөндлөнгөөс оролцох, сэтгүүлчид болон хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамт үзүүлэхгүй байх хууль санаачилж, баталгаажуулах.
Эх сурвалжийн хамгаалалтыг сайжруулах: Сэтгүүлчдийн эх сурвалжтай холбогдох бүх хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа тагнуул, мөрдөх системээр дамжуулан сэтгүүлч, эх сурвалжийн хувийн аюулгүй байдлыг үл харгалзан хөндлөнгөөс шахалт үзүүлэхгүй байх орчныг бүрдүүлэх, хувийн мэдээллийг нь тараана гэх сүрдүүлгийг хязгаарлах ёстой.
Өөрийгөө зохицуулах стандартыг сурталчлах: Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) зэрэг сэтгүүлзүйн сурвалжлагын ил тод, найдвартай байдлыг бэхжүүлдэг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг батлах нь сайн талыг бий болгоно. Мөн Монголын хэвлэл мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчдэд хууль эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргийг бий болгох шаардлагатай. Иймд өөрсдийгөө олон улсын түвшинд үнэлэх, баталгаажуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн өмчийн болон санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх: Төрийн шууд бус өмчийг оролцуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийг бүрэн ил тод болгох, түүнчлэн төрийн санхүүжилт, ялангуяа улс төрийн сурталчилгаа захиалгаар явуулж буй дэлгэрэнгүй мэдээллийг ил тод болгох шаардлага тавьж хэвших хэрэгтэй гэжээ.
Эдгээр таван зөвлөмж хэрэгжиж эхэлснээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдал нэмэгдэнэ. Антуан Бернардын хэлснээр Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл нь өнөө цагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой, амбицтай хуулийн төсөл юм. Гэхдээ “RSF”-ийн үзэж байгаагаар, зарим нэг сайжруулалтыг хийснээр Орос, Хятадын авторитар дэглэмээр хүрээлэгдсэн далайд гарцгүй улс хэвлэлийн эрх чөлөө, олон нийт найдвартай мэдээлэл авах эрхээ хамгаалах боломжийг олгоно.