Нэвтрүүлгийг үзэх бол энд дарна уу.
“-Амьсгалах агааргүй байна.
-Хоолой хорсоод нүд, ам өвдөөд байх юм.
-Ханиад томуу зөндөө хүрсэн. Гэртээ зүв зүгээр байж байснаа гараад зүгээр ханиалгаад…
-Эргэн тойрны хүмүүс эмнэлгээр яваад л байна.
-Гэртээ хариад амрах гэхээр толгой эргэж байна. Бөөлжис цутгаж байна. Яг л нэг хордлогын шинж чанартай байна. Тэгээд байнга ам хатаж байна. Утаа шүүгч авъя гэхээр их үнэтэй юм байна.”
Гудамжинд таарсан иргэд ийн учирлана. Ер нь бол би ч бас цонхоо нээхээс айж байна. Байрны түрээс, тог, цахилгаан, ус дулааны мөнгө гээд элдэв дарамгүй бол гэрээсээ гарахгүй хавар болтол бүгчихмээр. Ажлын бүсгүйчүүд толгой өвдөж, дотор муухайрч, хоолны дуршил нь буурч байгаагаа ярилцана. Зарим нь бүр жирэмсэн болчхоогүй байгаа гэж эмийн сан руу тестэд хүртэл гүйх. Эрчүүд ч мөн ялгаагүй дотор муухайрч, үе үе огино. Шууд утгаараа бол бид утаанд хордож байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Энэ агаарын бохирдол хамгийн түрүүнд хэн нөлөөлдөг гээч дөнгөж бүрэлдэж байгаа ураг, ургийн өсөлтөд нөлөөлдөг” гэж ярьсан удаатай. Хүний биед учруулж буй хор хөнөөлийг нь Утааны сонсголоос урьтаж, дэд сонсгол хийх үеэр эрдэмтэн, докторуудын судалгаанд суурилах ярих учиртай. Тэр өдөр нь өнөөдөр.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч 2024 он шувтрах үеэр сайд нарыг өрөөндөө дуудаж, загнасан ч өнөөх гайхал утаа Улаанбаатараас явсангүй.
Тэрбээр ийн уурсах үеэр “Яагаад гурван жил утаагүй байж чадсан атлаа одоо ингээд ийм байдалд орчхов. Та нар хатаалт хийхгүй байгаа. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед чийгшлийн хэмжээ нь 4 байсан. Одоо 13 болчихсон гэсэн” хэмээн ноцтой мэдэгдэл хийсэн удаатай.
Иймд бид сайжруулсан шахмал түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа юу. Тэр стандарт нь биднийг хамгаалах стандарт мөн үү гэдгийг нягтлан хүргэх гэж байна. Улаанбаатарын айл өрх бүрийг агаар шүүгчтэй байхыг, лагерь түрээслэх, маск авч зүүх мөнгөтэй байхыг шаардаж буй энэ утаа гээч хэний бүтээл вэ. Утааны эзнийг хайя.
НЭГ. ШАХМАЛ ТҮЛШЭЭ ХАТААЖ БАЙГАА ЮУ?
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх ажлын хэсгийн гишүүд 2024.12.18-нд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Уг ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “шахмал түлшийг хатааж байгаа” гэв.
Харин “Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат:
-“Тавантолгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэр 2019 оноос хатаах төхөөрөмжтэй нээгдсэн. Одоо бол баруун бүсийн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Харин Зүүн бүсийн үйлдвэр 2020 онд нээгдэхдээ хатаах шугамгүй байсан. Анх Солонгос технологиор үйлдвэр маань баригдсан. Тодруулан хэлбэл, ханасан уураар хатаах технологитой байж байсан. Тэр нь манай улсын цаг уурын нөхцөлд тохирохгүй өвлийн хүйтэнд буцаад чийгтэй болоод байсан учир энэ технологийг 2022 онд халсан.
Зүүн үйлдвэр маань 2020, 2021 онд хатаах төхөөрөмжгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Одоо бүгд хатаах төхөөрөмжтэй. Үндсэн таван дамжлагаар шахмал түлшний үйлдвэр явдаг.
Бутлуураар+холино+хэвлэнэ+хатаана+савлана гэсэн шат дамжлагаар явж байгаа. Хатаах төхөөрөмжин дотор 120-150 градус. Тэр дотор 2.30-6 цагийн хугацаанд түлшийг бүрэн хатаадаг” гэлээ.
–2020, 2021 онд хатаах зуухгүй байсан гэлээ. Тэр үед иргэд чийгтэй сайжруулсан шахмал түлш хэрэглэж байсан гэсэн үг юм уу?
-Үйлдвэрээс гарсан түлшийг дэлгэж хатаагаад, нэг ёсондоо чийгшлийг бууруулж хэрэглэгчдэд хүргэж байсан гэсэн үг.
-Хэдэн цаг хатаадаг байсан юм?
-Доод тал нь 72 цаг болгодог байсан. Нэг ёсондоо байгалийн нар салхиар хатааж гаргаж байсан гэсэн үг.
ХОЁР. ХАТААГААД БАЙГАА ЮМ БОЛ ЧИЙГШИЛ НЬ ЯАГААД ИЙМ ӨНДӨР БАЙГАА ЮМ БЭ?
Шахмал түлшний стандартаас эхэлж ярья.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэн:
-2019 онд шахмал түлшний чийгийн стандарт нь 1-10 байсан. Ийм байсан хэр нь ээ, бүтээгдэхүүнээ 1-2 чийгшилтэй гаргаж байсан. Сүүлийн үед энэ янз бүр болоод, 3,4,5, 6, 7,8 болсон. Энэ яаж байна гэхээр 10 гэдэг муу стандартдаа таарсан техник технологи оруулж ирээд байсан байхгүй юу. 2022 онд МХЕГ тэргүүтэй байгууллагууд стандартыг нь 1-6 болгоё, чийг чинь өндөрдөөд байна гэсэн шаардлага хүргүүлж өөрчилсөн.
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат:
-2022 онд өөрчлөгдсөн MNS5679:2022 стандарт дээр шахмал түлшний чийг 6 хувиас ихгүй байх ёстой гэж заасан байдаг. Өнөөдөр манай компанийн үйлдвэрлэлээс гарч байгаа шахмал түлшний чийгшил 2 хувиас ихгүй байгаа.
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгч тэгэхээр чийгшлийн хэмжээг худлаа хэлсэн үг үү. Энэ чийгшлийн хэмжээ өндөр байгаа учраас утаа их гараад, хүмүүсийн толгой өвдөөд байгаа юм биш үү. Таны толгой өвдөж байна уу, ер нь?
-Монгол Улсын маш том мэдээлэл дээр сууж байдаг хүн. Тэр хүн чийгтэй түлш энд, тэнд байгаа гэдгийг сонссон байхыг үгүйсгэхгүй. Би тэрийг үгүйсгэхгүй. Хадгалалтын горим зөрчсөн бол чийгтэй байх боломжтой. Яг өнөөдрийн байдлаар манай үйлдвэрийн бүх шугам хатаах төхөөрөмжтэй, дамжлагатай. Үйлдвэрээс гарч ирж байгаа шахмал түлш маань бол чийгийн хувьд стандарт шаардлагаа хангаж байгаа л гэж хэлнэ.
ГУРАВ. БАРЬЦАЛДУУЛАГЧИД “НО” БАЙНА УУ ЭСВЭЛ МИДЛИНГ БИШ ТҮҮХИЙ НҮҮРС АШИГЛААД БАЙНА УУ?
“Тавантолгой түлш” нүүрсээ “Энержи Ресурс” ХХК-аас үнэгүй авдаг. “Энержи Ресурс” бол М-Си-Эс-ийн хөрөнгө оруулалттай компани. “Энержи Ресурс” оноос хойш “Тавантолгой түлш” компанид 3 сая гаруй тонн буюу зах зээлийн үнэлгээгээр 148.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсийг /мидлинг/ нийлүүлсэн аж. Үнэгүй нийлүүлэх гэрээ нь энэ хоёрдугаар сарын сүүлээр дуусаж буй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Шахмал түлшээ хатааж байгаа юм бол тэр түлшинд орж буй хоёр түүхий эдийн чанарыг ярих нь зүй болов уу. Иймд бид “Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбатаас энэ талаар тодруулж байна.
-Барьцалдуулагчийнхаа оронд хямд зардалтай учраас шохой хэрэглэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирээд байгаа. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
-Ер нь бол барьцалдуулагчийн нэг төрлийн орцонд байгалийн шохой бий. Импортоор авч байгаа барьцалдуулагч дээр бид ямар шаардлага тавьдаг вэ гэхээр цардуулын агууламжийг өндрөөр тавьж өгсөн. Харин дотоодынход нь “цилиоз” гээд органик юм хэрэглэдэг. Тэр нь 10 хувиас хэтрэхгүй гээд заачихсан байдаг. Энэ хоёр өөр төрлийн орц байхгүй юу. Товчхондоо бол, хоёр техникийн шаардлага тавьж өгөөд хэрэглэж байгаа гэсэн үг.
-Дотоодын барьцалдуулагчийг нь болиод БНХАУ-аас авдаг барьцалдуулагчийг хэрэглэдэг байя гэж яриад байгаа юм уу?
-Нэг л техникийн тодорхойлолттой болъё. Тэгээд тэрийгээ сайжруулъя гэж байгаа юм.
-Танайх жилд хэчнээн тонн барьцалдуулагч авдаг юм?
-25-27 мянган тонн барьцалдуулагч хэрэглэдэг.
-Танай компани “Энержи Ресурс”-ээр мидлингээ өөрсдийн унаагаар тээвэрлэж авчирдаг уу. Яг тэр мидлинг нь ирж байна уу, замаас нь хэн нэгэн түүхий нүүрсээр сольчхоод байна уу. Энэ дээр танайх яаж хяналтаа тавьдаг юм?
-Тэгэх боломжгүй шүү дээ. Яг “Энержи Ресурс”-ийн Ухаа худгийн уурхайгаас вагоноор ачигдаад, вагоноор манай хашаанд бууж байгаа. Тэгэхээр энийг замд нь зогсоогоод, буулгах ямар ч бололцоо байхгүй.
ДӨРӨВ. ЗОРИУЛАЛТЫН АГУУЛАХГҮЙ ҮЙЛДВЭРИЙГ ҮЙЛДВЭР ГЭХ ҮҮ?
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэн:
-Эд галлагааны үед ямар нэгэн доголдол үүсээд айл өрхийг түлшээр таслахгүйн тулд “Тавантолгой түлш”-ийнхэн хавар, зуны улиралд бол 100 мянган тонныг нөөцөлдөг. Нөөцөлсөн түлшнүүд ус, чийг аваад, бүтээгдэхүүн нойтон байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоороо л бид нар энэ шинээр хийх барьцалдуулагчдаа чийг баригч гэдэг юмыг нэмээч гээд байгаа юм.
Талхыг подон дээр тавиад, дээр, дээрээс нь давхарлахгүй зайтай байлгадаг даа. Яг тийм нөхцөлд л сайжруулсан түлшийг хадгалчихмаар байдаг байхгүй юу. Гэтэл манайд өнөөдөр тийм агуулах алга байна.
-“Тавантолгой түлш” зориулалтын агуулахгүй гэсэн үг юм уу?
–Тиймээ. Тийм агуулах өнөөдөр байхгүй. Шахмал түлшээ яаж байна вэ гэхээр, битүү саванд хадгалж байгаа байхгүй юу.
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат:
-Манай “Тавантолгой түлш” шахмал түлшээ үйлдвэрлээд нийслэлийн агуулахууд руу зөөвөрлөдөг. Нэг ёсондоо борлуулалтын өмнөх агуулахууд руу явуулдаг гэсэн үг. Нийслэлд 30 гаруй агуулах байдаг байх. Би тэгж санаж байна. Өвөл бол бид үйлдвэрээс шууд хэрэглэгчдэд хүргэдэг.
-Энэ жилийн тухайд ер нь хэчнээн нь бороо болон үерийн усанд нороод үйлдвэр дээр буцаж ирсэн бэ?
-Манайх 93 мянган тонныг нөөцөлсөн байсан. Үүний 250 тонн нь л норсон. Норсон түлшийг хэрэглэгчдэд борлуулж болохгүй тул үйлдвэрийнхээ зууханд ашигласан.
ТАВ. СТАНДАРТЫГ ӨӨРЧЛӨӨД УТАА ЯГ АРИЛАХ УУ?
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэн:
-Ерөнхийдөө түлшний чанар муудсан үндсэн хоёр шалтгаан байна гэж би харж байна. Нэгдүгээрт, үндсэн нийлүүлж байгаа мидлингийн маань давхаргаас шалтгаалаад шинж чанар нь өөрчлөгдсөн байна. 2019 онд биднийг хэрэглэж байснаас арай өөрчлөгдсөн байна гэсэн үг. Хоёрт, барьцалдуулагч дээр их маргаан гарч байна. Эцсийн эцэст дүгнэхэд, бидний өөрсдийн барьж байгаа стандарт маань муу болохоор тэр стандартдаа таарсан бүтээгдэхүүнийг импортлогч нь ч ялгаагүй , эх орных нь ч ялгаагүй нийлүүлчихсэн байгаа байхгүй юу. Муу стандарт байхаар муу стандартдаа тааруулсан бүтээгдэхүүн хэрэглүүлээд байна.
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат:
-MNS5679:2022 стандарт дээр чинь чийгшлийн хэмжээ 6 хувиас ихгүй, үнслэг 27 хувиас ихгүй. Дэгдэмхий бодисын хэмжээ 22 хувиас ихгүй. Хүхрийн хэжмээ 1 хувиас ихгүй. Илчлэгийн хэмжээ 5200-аас багагүй гэсэн заалттай байдаг юм.
-Энэ стандартаа аль, аль одоо барьж байна вэ?
-Өнөөдөр бүх шаардлагаа хангаад явж байна аа.
-Бүх стандартаа хангаад явж байхад нь стандартыг нь солих гээд байгаа нь зөв юм уу?
-Ер нь бол “Энержи ресурс”-ийн мидлинг нийлүүлэх гэрээ дуусаж байгаа. Хоёрт, бид дараагийн шатанд шилжих болсон. Одоо бид шахмал түлшийг хагас коксоор хийх ёстой. Харамсалтай нь хагас коксын үйлдвэр байхгүй. Засгийн газрын мега төслийн хүрээнд 2027 оноос хагас коксын үйлдвэртэй болно. Тэр болтол бид хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүнээ дахиад сайжруулах хамгийн эхний гарц юу байж болох уу гэдгийг л судалж байгаа.
***
Сайжруулсан шахмал түлшний стандартыг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 31-ний дотор стандартыг шинэчлэх чиг үүрэгтэйгээр ажлаа эхлүүлжээ. Сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг өөрчлөх бүрдээ л стандартаа энэ мэт өөрчлөөд байх юм уу, одоо хэрэглэж байгаа мидлингийг солихдоо ямар туршилт, судалгаан дээр тулгуурлаж байгаа юм гэдэг нь анхаарууштай. Иймд бид Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх гуравдугаар сарын нэгнээс одоо хэрэглэж байгаа мидлингийг “Эрдэнэс Тавантолгой”-н 0 давхаргын баяжмалаар солино гээд байгаа. 0 давхаргын баяжмал гэхээр чинь хамгийн дээд талын давхаргыг нь л хэрэглэнэ гэсэн үг үү?
-Би бас анх тэгж ойлгоод байсан чинь “Эрдэнэс Тавантолгой”-нхны мэргэжлийн хүмүүсийн танилцуулж байгаагаар бол хамгийн доод талынх нь юм байна. А, B гээд бүр хамгийн сайн ангиллынхаа түлшийг нийлүүлнэ ээ гэж байгаа юм. Ингээд бид түлшнийхээ үндсэн түүхий эдийг өөрчлөх гэж байгаа юм.
-Хэрэв ингэж солих юм бол агаарын бохирдол тэдэн хувь буурна гэсэн харьцуулсан судалгаа, туршилт хийсэн юм уу?
-“Тавантолгой түлш” дээр очиж, бид янз бүрийн зуухан дээр туршиж үзсэн. Айл өрхийн дийлэнх нь хэрэглэж байгаа ахуйн зуух, Өлзий зуух, одоо нийлүүлэхээр яригдаж байгаа Давхар шаталттай зуухнуудыг галлаж үзсэн. Лабораторийн түвшинд шинжилж үзэхэд бол Хүхрийн агууламж 07-09 хүртэл буурсан. Мөн чийгшил, үнслэг, дэгдэмхий нь буурч байна. Ер нь бол мидлингтэй харьцуулахад үзүүлэлт нь бол сайжраад явж байгаа.
Харин нөгөө талаас яндантай айл, машины тоо нэмэгдэж байгаа л бол стандартаа улам сайжруулаад, байнга шинэчлээд явах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Бас үгүй ээ, стандарт нэг л байх ёстой гэсэн байр сууртай гишүүн ч байлаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
-Яндангийн тоо нэмэгдээд байвал гарч байгаа утаа нь ихэснэ биз дээ. Яндангийн тоо нэмэгдээд байгаа учир стандартаа улам сайн болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, стандартаа улам хатуу болгох хэрэгтэй. Тэгэхгүй стандарт нь хэвээрээ байгаад байдаг, яндангийн тоо нэмэгдээд байхаар чинь стандартаа хангахгүй шүү дээ. Хэмжилт хийгээд үзвэл.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Стандартыг одоо хүн амын өсөн нэмэгдэж байгаагаас болоод нэмээд, хасаад байна гэсэн ойлголт байхгүй л дээ. Стандарт нэг л байх ёстой.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Давхар шатлалтай зуухтай болчихвол, галаа газаар асаавал утаа багасна гэж ярих албаныхан. Цаасан дээр баталсан стандарттай ч түүнийг мөрдүүлэх, хянаж шалгах тогтолцоо нь сул.
Хоёрдугаарт, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр юм байж бүтээгдэхүүнээ хураах, хадгалах агуулахгүй байна гэдэг чинь юу гэсэн юм бэ. Агуулахгүй үйлдвэрийг яг үйлдвэр гэх үү. Малчин айл малаа бороо шорооноос хамгаалж, саравч барьж өгдөг шүү. Тэгэхээр Засгийн газар анх энэ үйлдвэрийг байгуулахдаа цогцоор нь шийдээгүй нь харагдаж байна. Үнэхээр л хамгийн хямд, чанаргүй үйлдвэрийн шугам авч ирээд угсарсан юм уу.
Гуравдугаарт, Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-гоос шахмал түлшний түүхий эдээ авч болох байтал яагаад заавал хувийн өмчийн компани болох “Энержи Ресурс”-ээр авдаг байв. Адилхан “Тавантолгой” гэх нэг ордын нүүрс шүү дээ.
“Энержи Ресурс” үе, үеийн Засгийн газартай найз уу. Түүхий эдээ үнэгүй өгч байгаа нэрийн цаана улсад төлөх татвараасаа хөнгөлөлт эдэлдэг үү гээд ихэд олон эргэлзээтэй асуулттай. Бид энэхүү сурвалжилгыг бэлтгэх үеэрээ тус компаниас тодруулга мэдээлэл авахаар очсон боловч удирдлагууд нь гадагшаа явсан эзэнгүй байлаа. Харин бидний асуултад бичгээр хариулт ирүүлсэн юм.
Албан бичгээр ирсэн тайлбарыг дор ийн хавсаргав.
-“Тавантолгой түлшид нүүрсээ үнэгүй нийлүүлээд оронд нь улсаас татварын хөнгөлөлт эдэлдэг байсан уу?
-Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393-р тогтоолын хүрээнд Энержи Ресурс ХХК нь агаарын бохирдлын төлбөрөөс 2022 оноос буюу 2 жилийн өмнөөс чөлөөлөгдөж эхэлсэн. 2022-2024 оны чөлөөлөлтийн нийт мөнгөн дүн 27.3 тэрбум төгрөг байгаа нь манайхаас үнэ төлбөргүй нийлүүлсэн нүүрсний үнийн дүн (147.8 тэрбум)-гийн 18%-тай тэнцэж байгаа буюу бид энэхүү төлбөрийн чөлөөлөлтөөс ашиг олох ямар ч боломжгүй юм.
-Хэддүгээр давхаргын нүүрсээ Тавантолгой түлшид өгөхөөр анх гэрээнд тусгасан байдаг вэ. Өнгөрсөн хугацаанд хэд хэддүгээр давхаргын нүүрсээ тус компани руу нийлүүлсэн бэ.
-Гэрээнд давхарга гэсэн зүйл заалт байхгүй. Учир нь Миддлинг гэдэг нь Нүүрс баяжуулах үйлдвэрт угааж, баяжуулсан эрчим хүчний нүүрс юм. Үйлдвэрт орж буй тэжээл нүүрс нь 0, 3, 4, 5, 6 гэх мэт олон давхаргын холимог нүүрс байдаг. Дунджаар 5 төрлийн нүүрсний үеэс орж байгаа гэсэн үг. Ямар төрлийн давхарга орсноос үл хамааран Миддлинг нь тогтсон нэг стандартаар гардаг бүтээгдэхүүн юм.
Мидлинг буюу угаасан эрчим хүчний нүүрсээ ганц “Тавантолгой түлш”-д биш Өмнөговь аймгийн 11 сумд, Даланзадгадын дулааны цахилгаан станцын өвөлжилтийн хэрэгцээнд мөн үнэ төлбөргүй нийлүүлдэг. Өнөөдөр ч Цогтцэций, Даланзадгад сумдад Ухаа худагийн угаасан эрчим хүчний нүүрсийг иргэд, аж ахуйн нэгжүүд өвөлдөө хэрэглэж байна.
Угаасан эрчим хүчний нүүрс нь БНХАУ-д экспортод гардаг, Гаалийн төв лабораториор чанар нь тогтмол хянагддаг, дунджаар 6,300 ккал өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн юм. Өнөөдрийн байдлаар угаасан эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнэ уурхайн ам нөхцлөөр тонн тутамд 110,000 төгрөг, экспортын хувьд тонн тутамд 375 юань буюу 178,000 орчим төгрөг тус тус байна. Бид 2018 оноос хойш дотоодын аж ахуйн нэгжүүдэд 2.3 сая тонн, экспортод нийт 4 сая орчим тонныг худалдан борлуулсан байна.