Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар хуульчилж, 2011 онд албан ёсоор нээж байсан.
Угтаа үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой Банк юм.
Гэвч өнөөдрийн байдлаар банкны үйл ажиллагаа маш их хумигдсан. Банкны санхүүгийн тайлан тэнцлээс харахад актив хөрөнгө 2017 онд 5.8 их наяд төгрөг байсантай харьцуулахад 60 орчим хувиар буурч, 2024 оны 12 сарын 31-ний байдлаар 2.368 тэрбум төгрөг болсон байгаа бөгөөд зээл олгох, төсөл санхүүжүүлэх, эх үүсвэр татан төвлөрүүлэх үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй зогсонги байдалд орсон.
Санхүүгийн үзүүлэлтүүдийг харахад:
Нийт актив хөрөнгө буурсан тул зээлд эзлэх чанаргүй зээлийн жин буурахгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Хөгжлийн банкны актив хөрөнгө 2,368.7 тэрбум төгрөг байна. Нийт активт эзлэх зээлийн багцыг танилцуулбал 33 зээлдэгчийн 2,276.8 тэрбум төгрөг нь зээл байна.
- Хэвийн зээл: 834.4 тэрбум төгрөг;
- Анхаарал хандуулах зээл: 124.9 тэрбум төгрөг;
- Чанаргүй: 1308.6 тэрбум төгрөг байна.
Нийт зээлийн эрсдэлийн сан: 952.9 тэрбум төгрөг байна.
- Хэвийн зээл: 42.2 тэрбум төгрөг;
- Анхаарал хандуулах зээл: 16.3 тэрбум төгрөг;
- Чанаргүй: 894.4 тэрбум төгрөг байна.
Нийт зээлийн багцын 1,308.6 тэрбум төгрөг буюу 57.5% хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ба үүнээс 25.6 тэрбум төгрөг нь төрийн өмчит, 1,282.4 тэрбум төгрөг нь хувийн хэвшлийн зээл юм. Хуримтлагдсан алдагдал 738.0 тэрбум төгрөг, энэ жилийн алдагдал 220.7 тэрбум төгрөг болсон байна. Өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700.0 тэрбум төгрөг хэрэгтэй болж байна.
Товчхон дүгнэхэд, Хөгжлийн банк санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүйд тооцогдох хууль эрх зүйн үндэс бүрдэхээр байгаа юм.
Хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн бүтцийн сул талаа нөхөх, нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлийн хамаарлаас гарах, макро эдийн засгийг эмзэг тогтворгүй байдлаас гаргах зорилтын хүрээнд Хөгжлийн банк экспортыг дэмжих дэд бүтэц, төрөлжилтийг нэмэгдүүлэх салбаруудыг илүү онилж, зорилтот зах зээлээ болгох хэрэгцээ шаардлага байна.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нийт 7.6 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний,
- 45% буюу 3.5 их наяд төгрөгийг 91 төсөл хөтөлбөрт шууд олгосон бол
- 22% буюу 1.6 их наяд төгрөгийг 17 хөтөлбөрийн 2548 дэд төсөлд дамжуулан
- 33% буюу 2.5 их наяд төгрөгийг улсын төсвөөр 355 төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн байна.
Энэ хугацаанд шинээр 232.0 сая доллар, 420 сая юань, 488.0 тэрбум төгрөг босгож,
- Дорнод бүсийн эрчим хүчний систем төсөлд 420.0 юань,
- Газрын тос боловсруулах төсөлд 25.0 тэрбум төгрөг,
- Амгалан дулааны станцын өргөтгөлд 56.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байгаа юм.
Үр дүнд нь,
- Цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 312 МВт,
- Дулааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 348 МВт-аар нэмэгдүүлж
- Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал 3.3 сая тонноор өсөж,
- Орон нутагт нийт 2,154 км
- Нийслэлд 123 км авто замын барилга, өргөтгөл, шинэчлэл хийгдсэн нь энэ банкны гялтайх хэдхэн төсөл байжээ.
Хоёр сарын өмнө томилогдсон Гүйцэтгэх захирал З.Нарантуяа Хөгжлийн банкыг цаашид хэрхэн хөгжүүлэх стратеги, хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх төлөвлөгөө болон шүүхийн шатанд очсон чанаргүй зээлүүдийн эргэн төлөлтийг хэрхэн тухайгаа танилцуулсан.
Түүний үгэнд хэлэгдсэн нэг онцлох сэдэв бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцоог Хөгжлийн банк гүйцэтгэх боломжтой гэсэн юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Биржээр нүүрсний арилжаа өнгөрсөн хугацаанд хамгийн их хийгдсэн. Төлбөр тооцоог нь арилжааны банкаар дамжуулан хийж буй. Арилжаа нь олон улсын хөрөнгийн зах зээлийн жишгээр бус бүртгэлийн шинж чанар илүүтэй давамгайлж байгаа. Тиймээс биржийн арилжааг ил тод, хяналттай, нээлттэй байлгах, санхүүгийн зөв тогтолцоо руу шилжүүлэх, төлбөр тооцоог Хөгжлийн банкаар явуулах боломжтой гэж тус банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа хэллээ. Хөгжлийн банкны зүгээс холбогдох судалгааг хийж үзээд энэхүү шийдэлд хүрсэн байна.
Хөгжлийн банк уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцоог гүйцэтгээд зогсохгүй хяналт тавих, бирж дээр бүтээгдэхүүнээ Хөгжлийн банк байршуулах, тодорхой хэмжээний баталгаа гаргах, худалдан авагч, нийлүүлэгчдийн гэрээнд үндэслэн санхүүжилт олгох боломжтой аж.