Засгийн газрын хуралдаанаар 14 мега төслийн нэг болох Францын Орано майнинг компанитай уран олборлох төслийн хүрээнд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Төслийн үр өгөөж тооцох аргачлалыг IMF-ийн жишгээр хийсэн. Энэ хүрээнд, олон улсын фаст гэдэг зарчмаар санхүүгийн загварчлалыг Монголын тал хийж гүйцэтгэсэн. Үүний дагуу гэрээ боловсруулагдсан гэсэн үг. Мөн ХөОГ-ний үндсэн драфтыг Монголын тал хийсэн. Тэгэхээр бид өөрсдийн зарчмаа баримталсан гэсэн үг.
Хөрөнгө оруулагч талаас 15 төрлийн татвар, хураамжийг өгөөж гэж үз гэдэг шаардлага тавьсан. Харин ус ашигласны, агаар бохирдуулсны зэрэг хэд хэдэн төлбөрийг бид өгөөж гэж үзэхгүй хэмээн хариу байр сууриа илэрхийлсэн байгаа. Иймд хэлэлцээрт хүрч, эдгээрийг үр өгөөж гэж тооцохгүй дээр тохирсон.
Эцсийн үр дүндээ Засгийн газрын үр өгөөж бол АМНАТ, ААНОАТ, 10 хувийн давуу эрх (ТУЗ дээр хориг тавих эрхтэй), ноогдол ашгийн суутгал татвар, сум орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилт зэрэгт суурилахаар тодорхой болсон.
Монгол Улсад шууд оногдох үр өгөөжийг жил бүрээр нь тооцоолж гаргасан байгаа. Үүнийг түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр хэд хүрвэл, хэд болж өөрчлөгдөх вэ хэмээн тус тус нарийн тооцоолсон.
Засгийн газар давуу эрхийн 10 хувь эзэмшсэнээр ямар ч хариуцлага хүлээхгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй. Хөрөнгө оруулагч тал 500 сая ам.долларыг эхний санхүүжилт болгож гаргана.
Хөрөнгө оруулагч тал 27 төрлийн татварыг тогтворжуулъя гэдэг санал тавьсан. Бид дөрвөн төрлийн татвар дээр л тохирч чадсан. Байгаль орчинтой холбоотой ямар ч татварыг тогтворжуулахгүй гэдэг дээр бол ойлголцсон. Дээр нь бид АМНАТ-д инфляц тооцно гэдэг шаардлагыг хөрөнгө оруулагч талаас тавьсан ч бид шууд хүлээж аваагүй.
НӨАТ-ын асуудал мэдээж хөндөгдөнө. Шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн гээд 2015 онд үзчихсэн учраас НӨАТ-ыг тэглэх гээд байгаа. Тэгэхээр энэ асуудлыг Засгийн газар хэлэлцээд, шар нунтаг бол эцсийн бүтээгдэхүүн биш гэж үзвэл НӨАТ суутгаж эхлэх боломжоо гэрээгээр бүрдүүлсэн гэдгийг онцолъё.
Гурван жил тутамд байгаль орчны аудит хийлгэх үүргийг хөрөнгө оруулагч талд хүлээлгэсэн.
Орон нутгийг дэмжих чиглэлд юу хийх вэ гэхээр, гурван талт гэрээ байгуулахаар хуульчилсан. Хөрөнгө оруулагч тал нь Дорноговь аймгийн болон Улаанбадрах сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана. Дээр нь уурхайн олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь монгол хүн байна гэж тооцсон. Харин олборлолт эхлэх 2028 он хүртэл бол 60 хувь нь монгол иргэн байх юм.
Монгол ажилчдын 5-аас дээш хувь заавал тухайн сумын иргэн байна.
Татвартай холбоотой маргаан үүсвэл дотоодын шүүхэд хандана. Шууд арбитрт хандах эрхгүй байх зохицуулалт орсон.
Өнгөрсөн хугацаанд олон улсын зөвлөх үйлчилгээний компаниуд ажилласан. Тэдний саналуудыг тусгасан. Дотоодын хуулийн багууд ч нэмж ажиллаад, саналуудыг илүү “амилуулсан”. 27 жилийн өмнө анх төлөөлөгчийн газраа нээснээс хойш “Орано”-гийн төслийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хөдөлгөж байна.
34 хувийг АМНАТ-өөр орлуулах асуудлыг хамгийн анх Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа ажлын хэсэг ахалж, Ерөнхийлөгч Франц улсад айлчилж, одоо миний бие болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар ажиллаж байж орууллаа.
50+1 буюу ард түмэн байгалийн баялгаа эзэмшинэ гэдэг зарчим барихын төлөө ажилласан. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ цаашид ч жишиг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг давтахгүйн тулд хичээсэн.
Олборлолт эхэлсэн цагаас борлуулалтын орлогоос тусгай, өсөн нэмэгдэх АМНАТ тооцох, ямар ч хариуцлага хүлээхгүй мөртлөө ТУЗ дээр хориг тавих эрхтэй байх ийм л гэрээ байгуулж байна.
ҮХНӨ-ийн батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг бас нэгэн онцлог байгаа. Мөн Үндэсний баялгийн санг “амилуулахад” энэ төсөл мөн өндөр ач холбогдолтой.
Мэдээллийн параа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа,
Уг төслөөс Монголчууд хэзээ, хэрхэн, хэдий хэр үр өгөөж хүртэх вэ?
- 2019 оны ҮХНӨ нь 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар амилсан. Цаашид газрын баялагтаа эзэн болох арга зам нь тодорхой боллоо. Баялгийн сан дотроо гурван сантай. Уул уурхайн төслүүдийн 34 хувийн ноогдол ашиг Хуримтлалын санд нь төвлөрдөг. Гэтэл 34 хувийг АМНАТ-өөр орлуулчихаар Хуримтлалын биш Ирээдүйн өв санд орчихдог. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувийн ноогдол ашгийг АМНАТ-өөр орлуулсан бол Хуримтлалын санд оруулъя гэж хуулиа өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Ингэвэл тэр иргэн бүрд очсон 135 мянган төгрөг л өснө гэсэн үг. Тийм учраас энэ агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа өөрчилж байгаа. 2040 он хүртэл 0.7 их наяд төгрөгийн хуримтлал бүрдэнэ гэдгийг өмнө нь хэлсэн. Одоо тусгай АМНАТ-өөр 34 хувиа орлуулсан өгөөжөө Хуримтлалын санд оруулъя гээд баталчихвал 0.7 нь 2 их наяд болж өсөх юм. Уул уурхайн төслөөс надад хэдэн төгрөг оногдов гэдгийг иргэн шууд хардаг болж байгаагаараа л давуу талтай. Ер нь том төсөл явуулахад ард нь маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулсны гол зорилгуудын нэг бол төслүүдээ явуулах.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний талаар…
- Тухайн ашиглах орд байрлаж буй аймаг, сумын Засаг дарга хамтарсан гэрээ байгуулна. Сар бүр 1 сая ам.доллар өгнө. Төлөвлөгөөг нь ТУЗ-өөр оруулж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар хэлэлцээд явна. Хөрөнгө оруулалтын гэрээнд заавал сумын иргэдийг ажиллуулна гэх мэт заалтууд орсон давуу талтай. Байгаль орчин гэж яривал, байгаль орчинтой холбоотой төлбөр татваруудыг тогтворжуулсан онцлогтой. Мөн гурван жил тутамд байгаль орчны аудит оруулна гэдгийг дээр дурдсан.
Компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж хэдэн хүн орох вэ?
- Давуу эрхийн 10 хувийн хувьцаа эзэмшиж байгаагийн хувиар ТУЗ-д нэг хүн ажиглагчаар сууна. Гэхдээ тэр хүн ТУЗ-ийн бүх шийдвэрт хориг тавих эрхтэй байна.