ЯНЗ БҮРИЙН АМТТАНГУУДААР ӨНГӨ АЛАГЛУУЛАН БООСОН БЭЛГЭНД ЯГ ХЭДЭН ГРАММ САХАР АГУУЛАГДДАГ ВЭ?
Бид супермаркет, дэлгүүрүүдээр орж чухам ямар зүйлсийг шинэ жилийн бэлгэнд багтаан боосон хийгээд ямар үнэтэй байгаа талаар судалсан юм. Төрөл бүрийн амттанг багцлан боосон бэлэг хамгийн хямддаа 8 мянган төгрөгөөс эхэлж байв. Үнэ нэмэгдэх тусам бүтээгдэхүүний нэр төрөл олон болсоор. Үнэ дагаж чанар гэдэг шиг дагаад сахрын хэмжээ багасаж эрүүл, органик бүтээгдэхүүнүүдийг хийдэг болов уу? гэтэл тийм биш сахрын хэмжээ нэмэгдсээр байсан юм.
Бэлгүүдээс дундажлаад 20 мянган төгрөгийн бэлгийг сонгон авч доторх долоон бүтээгдэхүүний шошгыг уншихад 389 грамм сахар агуулагдаж байна гэсэн тооцоо гарсан юм. Үүнийг илүү биет гэж үзэн ёотонгоор тооцоолж үзүүлэхэд 120 ширхэг ёотон бүхий 2 пирамид үүсэж байв. Гэтэл хүүхэд өдөрт дунджаар 10-20 грамм сахар буюу 3-6 ширхэг ёотон идэх нормтой. Тэгэхээр нэг бэлгэнд хүүхдийн өдөрт хэрэглэх хэмжээнээс даруй 20- 30 дахин их сахар агуулагддаг байх нь.
Амттан бүрийн шошгыг уншихад бас нэгэн анхаарал татсан асуудал нь хадгалах хугацаа болон бүтээгдэхүүний савлагааны бүрэн бүтэн байдал байв. Зарим бүтээгдэхүүн нь золтой л хугацаа нь дуусчхаагүй ганц хоёрхон хоногийн дараа хугацаа нь дуусах бүтээгдэхүүн. Заримынх нь хайрцаг,уут цоорсон байх жишээтэй.
ЧИХЭРЛЭГ ХҮНС ИХ ХЭРЭГЛЭСНЭЭР ДАРХЛАА БУУРАХ, ХАЛДВАРТ ӨВЧИН ҮҮСГЭХ НЯНГУУД ҮРЖИХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр
Баяр ёслолын үеэр хүүхдүүдийн чихрийн хэрэглээ тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Сүүлийн үед ханиад томуугийн дэгдэлт ихтэй байна. Тэгэхээр цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэх буюу чихэрлэг хүнсийг дор хаяж баярын 7-10 хоног тогтмол хэрэглэхэд хүүхдүүдийн дархлаа буурах, халдварт өвчин үүсгэх нянгууд үржих таатай нөхцөл бүрдэнэ. Тийм учраас хүүхдүүддээ аль болох халуун хоол, эрүүл хоол хүнсээр хооллох, чихэрлэг хүнсний хэрэглээг хянах аль болох бага хэрэглэхэд нь анхаараарай гэж эцэг, эхчүүддээ зөвлөж байна.
ШОШГОЖИЛТОД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ БҮРЭН ХАНГАСАН НЭГ Ч БҮТЭЭГДЭХҮҮН БАЙСАНГҮЙ
Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж буй хүүхдийн бэлгэнд хяналт, шинжилгээ хийсэн дүнг өчигдөр /12 дугаар сарын 24/ танилцууллаа.
Энэ үеэр хүүхдийн бэлгэнд сахарын агууламж хэт их байгаа нь эрүүл мэндэд маш ноцтой эрсдэлт хүчин зүйл болж байгааг мөн онцоллоо.
СХЗГ-ын дарга С.Батбаатар
“Шинжилгээний явцад хаяг шошгожилтын асуудал улсын хэмжээнд алдагдсан байгаа нь тогтоогдлоо. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйл болон хүнсний түүхий эд, сав баглаа боодол, шошгын 13 зүйлээр үнэлж үзэхэд шошгожилтод тавигдах шаардлагын 16 зүйлийг бүрэн хангасан нэг ч бүтээгдэхүүн байсангүй. Мөн тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, харшил үүсгэгчийн талаар мэдээлэл байхгүй, импортын бүтээгдэхүүнүүд яг өөрийнхөө орны хэлээрээ буюу ямар бүтээгдэхүүн, яаж хэрэглэх заавар нь мэдэгдэхгүй байх зэрэг зөрчлүүд ихээр илэрч байна. Түүнчлэн ууттай бэлгэнд дуусах хугацаа нь тодорхойгүй хоёр, хүчинтэй хугацаа нь дуусах дөхсөн долоон хүнсний бүтээгдэхүүн илэрсэн. Эндээс харвал, цаашид хаяг шошгын асуудал дээр онцгой анхаарахгүй бол монгол хүн ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь огт мэдэгдэхгүй байна. Мөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүний хаяг шошгын асуудал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм.