Мэргэжил бүхэн сайхаан. Хүн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн сонирхсон, дуртай чиглэлээрээ ажиллаж хөдөлмөрлөх шиг сайхан зүйл үгүй. Дуртай ажлаа аз жаргалтайгаар гүйцэтгэчихээд сая нэг гүнзгий амьсгаа аваад сайн сайхныг мэдрээд гэрийн зүг алхаж явах тэр л мөч гоё. Ер энэ хорвоод хүн гэдэг амьтан аз жаргалыг хаа нэгтээ газраас хайх бус өөрөө л бүтээж амьдрах нь чухал.
Аз жаргалтайгаар дуртай хоёр ч ажлаа хослуулан гүйцэтгэж яваа, том зорилго мөрөөдлийг өмнөө тавин хөдөлмөрлөж буй залуу үеийн төлөөлөл Цэргийн байгууллагын дэд ахлагч, сагсан бөмбөгийн мэргэжлийн шүүгч Отгонбаярын Батмөрөнтэй бид ярилцлаа. Тэрбээр Налайх дүүрэгт байрладаг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид тангараг өргөн албаа нэр төртэйгээр хааж яваа Ахлах дэслэгч цолтой.
Цэргийн албыг спортын мэргэжлийн шүүгчийн ажилтай хослуулан яваа О.Батмөрөн сагсан бөмбөгөөр хичээллэдэг байжээ
-Сайн байна уу? Цэрэг армийн хүн хэрхэн яаж яваад спорт руу тэр дундаа шүүгчийн албанд ажиллаж эхлэв? Өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Отгонбаярын Батмөрөн гэдэг. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид ахлагчийн алба хашдаг. Би 2023 оноос хойш, яг жилийн өмнө гэсэн үг л дээ. Монголын сагсан бөмбөгийн холбоонд шүүгчээр элсэн орж, 2024 оны 10 дугаар сард шалгалтаа өгч, Хөгжийн лиг болон насанд хүрэгчдийн бүх насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг шүүх эрхтэй болсон.
-Дурлан сонирхон спорт руу орсон байх. Үүнд юу нөлөөлөв?
-Шүүгч хийхэд маш аз жаргалтай. Хүн ажлаа жаргаж хийдэг бол би тэр ажлыг маш их жаргаж хийдэг. Талбай дээр байхдаа ч, талбайн гадна байхдаа ч шүүгч нартайгаа маш гоё халуун дулаан гэр бүл байдаг учраас би тэнд очих маш их дуртай. 10 жилийн сургуулиасаа сагсан бөмбөг тоглосон. Наймдугаар ангиасаа найзуудтайгаа нийлээд сагсан бөмбөг тоглодог байсан. “Монбат-11”-ээр Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байхдаа тэнд нэг тэмцээн болдог байлаа. Бид нар тэрэнд оролцоод дундаа шүүгээд тоглодог байсан. Тийм болохоор найзууд намайг тэмцээн шүүчих гээд л тэнд би шүүдэг байсан. Тэндээс жилийн дараа Монголдоо ирэнгүүтээ найзуудтайгаа сууж байгаад, манай нэг найз сагс тоглодог, одоо өөрөө ч бас тоглодог. Тэгээд ярьж сууж байгаад чи найзаа одоо тоглохгүй юм чинь шүүгч болвол зүгээр юм бишүү гэсэн.
-Тэгэхээр найзууд нь сагсан бөмбөгийн шүүгч болоход гол түлхэц санаа, сэдэл өгчээ дээ?
-Өмнө нь найзуудтайгаа ярьдаг байсан. Шүүгч болмоор байна яах уу гээд л. Манай багшийг Энххүрэлийн Энхбямба гээд Монгол улсын А зэрэглэлийн шүүгч хүн бий. Сайн багштай хүн дээ би.
-Цэргийн байгууллагатай хэрхэн холбогдов?
-2020 онд анх гэрээт цэргийн алба хашихаар байлдагч цолтой орж байсан. Үүний дараа 2021 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхээр гэрээт байхдаа түрүүч цолтойгоор явсан. Ингээд 2023 онд эх орондоо ирээд дэд ахлагч цол авч байсан. Нийтдээ ер нь 4 жил ажиллаад одоо 5 дахь жил рүүгээ орох гэж явна.
-Хоёр ажил зэрэг хийхээр маш завгүй байдаг байх. Тэмцээн уралдаанаа шүүх гээд Налайхаас хот руу ирдэг байхнээ?
-Маш завгүй байдаг. Гэргий хүүхдэдээ ч бараг цаг зав гаргах нь хэцүү байдаг даа/инээв/
Өөрөө маш дуртай, хоёр ажилдаа хоёуланд нь маш их сонирхолтой. Ер нь бол маш гоё мэргэжил. Монголын Сагсан бөмбөгийн холбооноос залуучуудаа ч маш их дэмждэг. Тэмцээн уралдаан гарна, шалгалт шүүлэг болно, залуучууддаа түрүүлж хэлдэг, бид нарыг их дэмжиж байгаа болохоор үүнд нь маш их урамшдаг.
-Цэргийн байгууллага хэрхэн өөрийг тань татах болоод гэрээт цэргийн албаа дуусгаад эндээ үлдэхээр болов?
-Цэргийн хүнийг гол татах хүч гэвэл бид нарын ажилладаг орчин хамаагүй сайжирчхаад байгаа. Цалин хөлс нэмэгдчихлээ. Байгаа орчин болон бүх зүйл улам сайжраад байгаа учраас гарсан залуучууд буцаж орж ирээд байна. Хамгийн гол нь одоо орчин нөхцөл нь илүү сайжраад, бас уян хатан болж буй учраас үеийн залуус маань буцаж ирээд яг энэ л салбартаа дурлан ажиллаж байгаа. Тэд маань ч бүгд л аз жаргалтайгаар ажил албаа гүйцэтгэж яваа. Хамгийн гол нь олон эрчүүд цугласан газар хатуу байх ёстой, бас зарчимтай байх ёстой гэж боддог.
-Цэргийн албаа ч хаана, сагсан бөмбөгийн шүүгчээ ч хийнэ. Энэ хоёр ажил нь яг адилхан мэдрэмж өгдөг үү?
-Энэ хоёр ажлыг хийхэд мэдрэмжийн хувьд яг л адилхан. Өөртөө маш итгэлтэй болдог. Одоо энэ цэргийн дүрэмт хувцсаа өмссөн ч гэсэн талбай дээр гараад л шүүгчийн хувцсаа өмсчихөөд л шүгэлээ бариад сайхан жимбийчихээд гарахад бас өөртөө итгэлтэй болно. Ямар ч хүний өөдөөс хараад тайлбар тавьчихдаг, тэгээд гоё итгэлтэй болчихдог. Их гоё аз жаргалтай, ямар ч хүний өөдөөс хараад би инээчихдэг. Тийм л баймаар санагддаг.
-Залуу хүний хувьд албан ажлаа ч мөн спортын албаа ч дурлан хийж буй болохоор томруун зорилго тавьсан болов уу?
-Мэдээж шүүгчээрээ эцсийг нь үзээд сайхан урагшлах, илүү түвшин ахих гол зорилготой залуу хүний хувьд ч ийм бодол тээж явна. Мөн бид нарын үлгэр жишээ авч байгаа хүмүүс чинь миний багш байна, ах эгч нар байна. Дээд лиг шүүж байгаа бусад ах эгч нар байна. Тэд нар шигээ сайхан дээшээ үзье л гэсэн бодолтой байдаг даа.
Ярилцсанд баярлалаа.